Цөмийн энергийн газраас мэдэгдэл гаргажээ

Хуучирсан мэдээ: 2010.11.16-нд нийтлэгдсэн

Цөмийн энергийн газраас мэдэгдэл гаргажээ

“Хан ресорсез” ХХК, “Төв азийн уран” ХХК-иудын гаргасан нэхэмжлэлийн дагуу шүүх хурал болж, Цөмийн энергийн газрыг буруутгасан гэх мэдээлэл саяхан хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан. Гэвч энэ нь үндэслэлгүй мэдээлэл гэж Цөмийн энергийн газраас мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд дурдахдаа:

-Сүүлийн үед хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, интернетийн веб хуудсаар өөрсдийн эзэмшиж байсан цацраг идэвхт ашигт матмалын тусгай зөвшөөрөл, түүнтэй холбоотой шүүхийн шийдвэрийн талаар олон нийтэд удаа дараа буруу ташаа ойлголт өгөх, хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд төрийн захиргааны байгууллагын хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааг зориуд гуйвуулсан мэдээллүүдийг түгээж байгаатай холбогдуулан дараах мэдэгдлийг гаргаж байна.  Монгол Улсын Ашигт малтмалын тухай, Газрын хэвлийн тухай, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль болон бусад хууль тогтоомжуудыг удаа дараа зөрчсөн, зөрчил, дутагдлаа хуульд заасан хугацаанд арилгаагүй “Хан ресорсез” ХХК-ийн 9282Х, “Төв азийн уран” ХХК-ийн эзэмшиж байсан 237А дугаартай цацраг идэвхт ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг Цөмийн энергийн газраас хүчингүй болгосон бөгөөд Цөмийн энергийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар шинэчлэн бүртгэж олгоогүй байгаа болно.

Тус компаниудын тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудал шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа бөгөөд “Төв азийн уран” ХХК-ийн эзэмшиж байсан 237А дугаартай цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой Цөмийн энергийн газарт холбогдох маргааныг Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын давж заалдах шатны  2010 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 374 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулан Цөмийн энергийн газрын даргын 2009 оны 141 дүгээр шийдвэрийг хүчин төгөлдөр хэвээр үлдээн шийдвэрлэсэн. Гэтэл “Хан ресорсез” ХХК, “Төв азийн уран” ХХК-иуд нь шүүхийн шийдвэрийг олон нийтэд буруу мэдээлж, төрийн захиргааны байгууллага буруутай мэт ойлголт өгч, өөрсдийн зөрчил дутагдлыг хавхавчлах, олон нийт болон өөрийн компаний хувьцаа эзэмшигчдийг хууран мэхэлсэн туйлын хариуцлагагүй үйлдэл гаргаж байгаа бөгөөд хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангаж ажиллахгүй, төрийн хууль тогтоомжийг үл хүндэтгэж байгаад эмзэглэж байна. Иймд дээр дурдсан компаниудын тусгай зөвшөөрлийг шинэчлэн бүртгэж олгох боломжгүйг албан ёсоор мэдэгдэж байна гэжээ.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж