Азийн биржүүдэд уналт нүүрлэв

Хуучирсан мэдээ: 2010.11.16-нд нийтлэгдсэн

Азийн биржүүдэд уналт нүүрлэв

БНХАУ мөнгөний бодлогоо чангатгаж болзошгүй байгаа болон еврозоны өрийн асуудал хөрөнгийн бирж дээрх арилжаалагчдын сэрэмжийг нэмэгдүүлжээ. Даваа гаригийн байдлаар Азийн хөрөнгийн биржүүд дээр уналт ажиглагдаж байна. Арилжаанд өнгөрсөн долоо хоногт болсон “Их-20” болон АПЕК-ийн уулзалт төдийлөн нөлөөлөөгүй байна. Хэдийгээр дэлхийн хамгийн хөгжингүй эдийн засаг бүхий 19 орон болон Европын холбооноос бүрддэг “Их-20”, Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны нэгдэл АПЕК дахин хямрал үүсэхээс сэргийлэх талаар дэвшил гаргасан ч шинжээчдийн тооцоолж байснаас эсрэг үр дүн даваа гаригт харагдаж байгаа юм.

Австралийн “S&P” биржийн индекс 0,1 хувиар, Хонгконгийн “Hang Seng” болон Шанхайн “Com­posite”  индекс 0,2 хувиар тус тус буурсан байна. Харин Японы эдийн засаг өсөлттэй гарсан мэдээлэлийн дараа “Nikkei” бирж дээр 1,1 хувийн өсөлт гарсан байна.

Япон улсын Засгийн газар эдийн засгаа сэргээх арга хэмжээ авч буйгийн ачаар хэрэглэгчдийн зарцуулалт өсч, эдийн засаг гуравдугаар улиралд нэмэгдсэн байна. Долоогоос есдүгээр сар хүртэлх гурван сарын байдлаар өмнөх улиралтай харьцуулбал 0,9 хувиар өссөн байгаа аж. Харин жилийн хэмжээнд 3,9 хувийн өсөлт ажиглагдсан байна. Үүнд нөлөөлсөн хамгийн гол хүчин зүйл нь ахуйн хэрэглээ 0,6 хувиар өссөн явдал аж.

Хэдийгээр худалдааны гол түнш болох БНХАУ-тай таарамжгүй харьцаатай байгаа ч тайлангийн үр дүн эдийн засагчдын тооцоолж байснаас их байгаа юм.
Японы эдийн засаг Дэлхийн хоёрдугаар дайнаас хойшхи хамгийн хүнд үетэй тулгарсан билээ. Гэхдээ иенийн ханш чангарч, тус улсад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний хэрэгцээ бусад орнуудад буурсан ч хямралын гол шалтгаан нь экспортын уналттай бус, харин дотоодын хэрэглээ бага байгаатай холбоотой юм. Нийт экспортын хэмжээ гуравдугаар улиралд ямар ч өсөлтгүй байгаа ба эдийн засагчид оны сүүлийн улиралд ч байдал өөрчлөгдөхгүй гэж үзэж байгаа юм.
Даваа гаригийн байдлаар ам.долларын ханш өргөн хэрэглээний мөнгөн тэмдэгтүүдийн сагсны эсрэг 0,2 хувиар өсөөд байгаа билээ. Сүүлийн 55 хоногийн турш иенийн эсрэг уналттай байсан тус мөнгөн тэмдэгт 83,00 иен болж сэргэсэн байна.

Газрын тос 85 ам.доллараас буув

Даваа гаригийн өглөөний арилжаагаар газрын тосны үнэ 85 ам.доллараас буурсан байдалтай байна. Шинжээчид цаашид нефтийн хэрэглээ бага байна гэж тооцоолж байгаа бөгөөд удалгүй нэг баррель түүхий нефть 80 ам.доллар хүрэх магадлал өндөр байна гэжээ.

АНУ-ын “WTI” нефтийн гэрээт үнэ 84,85 ам.доллар болсон бол Лондонд Брент нефть 86,52 ам.доллараар арилжаалагдаж байлаа.
Өнгөрсөн долоо хоногт тус бүтээгдэхүүний үнэ 2008 оны аравдугаар сараас хойш харагдаагүй өндөр хэмжээнд хүрч, пүрэв гаригт 88,63 ам.доллар болсон юм. Гэхдээ БНХАУ баасан гаригт бодлогын хүүгийн төвшинг нэмнэ гэж мэдэгдсэнээс хойш нефтийн үнэ буурч эхэлжээ. Шатахууны хэрэглээгээр дэлхийд тэргүүлэгч орнуудын нэг Хятадад зээлийн хүүгийн хэмжээ буурвал хэрэглэгчдийн зарцуулалт багасч, нефть бүтээгдэхүүний хэрэгцээ буурах юм. Хэдийгээр Хятадын төв банк болох Ардын банк амралтын өдрүүдэд ямар нэг байдлаар зээлийн хүүг нэмээгүй ч эрсдлээс эмээсэн хөрөнгө оруулагчид нефть худалдан авалтаа багасгасан юм.

Мөн Европын холбооны өрийн асуудал, тэр тусмаа Ирланд улсын байдал еврогийн ханшийг унагаж, түүхий эдийн бирж дээрх хөдөлгөөнд нөлөөлж байгаа. Үүнээс гадна Олон улсын эрчим хүчний агентлаг баасан гаригт мэдэгдэл хийж, 2011 онд дэлхийн хэмжээнд нефтийн хэрэгцээ буурна гэж хэлсэн юм.

Суурь металлын ханш унаж байна

Хятадын мөнгөний хатуу бодлого, сул ам.доллараас ашиг олж байсан түгшүүр аажмаар намжиж, баасан гаригт Лондоны металлын бирж дээр суурь металлын үнийн графикт өөрчлөлт орлоо гэсэн мэдээг Мичиганы их сургууль мэдэгдсэн байна.  Өмнөх улиралд хамгийн нэг тонн нь 8966 ам.долларт хүрч байсан зэсийн үнэ өглөөний арилжаанд 8575 ам.доллар болж 143 ам.доллараар буурчээ.
 
Бусад суурь металлын хувьд хагас жилийн өмнө 2550 ам.доллар хүрч байсан хөнгөн цагааны ханш пүрэв гаригаас эхлэн буурч, 2454 ам.доллар болжээ. Түүнчлэн тонн хар тугалга 60 ам.доллараар хямдарч 2550 ам.доллар, харин цайр нэг тонн нь 86 ам.доллараар буурч 2456 ам.доллар болжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж