-АНУ-аас танай тоглолтод ирж оролцож байгаа хүмүүстэй яаж холбогдсон бэ?
-Бид аз завшаантайгаар ийм мундаг, чадварлаг хүмүүстэй хамтран ажиллаж байна. Чинбаа маань дэлхийн нэртэй дуучинтай ажиллаж байгаа. Чинбаагийнхаа холбоогоор эдгээр хүмүүстэй холбогдон нэлээд олон хөгжимчин бүжигчдээс шалгаруулж авсан байгаа.
-Энэ тоглолтын хамгийн гол онцлог нь юу вэ?
-Бидний тоглолтод хөгжмийн дуугаралт хамгийн, хамгийн гол үзүүлэлт байх болно. Монголд анх удаа тавигдаж байгаа бүрэн хэмжээний 100 хувь амьд тоглолт болж байгаа. “Буян”-гын Жаргалсайхан ахын жинхэнэ дэлхийн жишигт нийцсэн хөгжим, аппаратур дээр дэлхийн төвшний мундаг хөгжимчид ажиллаж байгаа. Тэр утгаараа хөгжим бол 100 хувь сайхан байна. Тиймээс л бид аль болох хамгийн мундаг “best best best” бүхнийг цуглуулахыг хичээсэн. Ер нь тоглолтын тайз бол барилга байшин биш, маш энгийн хирнээ гоёор хийж байгаа. Гол нь хөгжим дээрээ бид илүү анхаарч байгаа. Бид эмэгтэйчүүд. Эмэгтэй хүнийхээ хувьд яаж ард түмэндээ гоё бэлэг барих вэ, яаж уран бүтээлч хүнийхээ хувьд сайхан харагдах, сайхан дуулах, бүжиглэх тал дээр их анхаарч байгаа. Цогц сайхан уран бүтээл болгохын төлөө ажиллаж байна.
-Тоглолтынхоо нэрийг яагаад “Number One” гэж нэрлэх болов оо?
-Манай тоглолтод нэг номерын хөгжимчид тоглож байна, нэг номерын бүжигчид бүжиглэж байна, Монголдоо нэг номерын продакшнтай хамтран ажиллаж байна, хөгжмийн дуугаралт дээр гээд бүх зүйл дээр нэг номерын хүмүүсийг шилж сонгож ажиллаж байгаа учраас тоглолтоо “Number One” гэж нэрлэсэн. Мөн энэхүү тоглолтоо “Number One” байгаасай гэдгийн төлөө хичээж ажиллаж байна.
-Энэ тоглолтоороо өөрсдийгөө “Number One” гэдгээ тунхаглах нь ээ?
-Ер нь бол тэгж хэлж болно. Бид амьд хөгжимтэй тоглодог, дандаа амьдаар дуулдаг хамгийн анхны охидын хамтлаг. Хөгжим, бүжгийн бүрэлдэхүүн нь гаднаас ирж байгаа хамгийн анхны хамтлаг. Тэгээд манай хамтлаг ч гэсэн “Number One”.
-“Киви”, “Гурван охин” хамтлаг танай өрсөлдөгчид мөн үү?
-Би тэгж бодохгүй байна. Аливаа юманд гоё, өрсөлдөөн байж гэмээнэ юм хөгжих ёстой шүү дээ. Тийм болохоор илүү охидын хамтлаг гарч ирээсэй. Монголын рок поп өргөжөөд сайхан болоосой гэж бид боддог. Түүнээс биш бид нар “Киви” тийм, “Гурван охин” ингэж байна гэсэн тийм өрсөлдөөн байхгүй. Бид өөр өөрсдийн гэсэн стиль, уран бүтээлийн онцлогтой хүмүүс. Бид өөр өөрсдийн уран бүтээлээ хийгээд явна. Тэд ч гэсэн өөрсдийнхөө уран бүтээлээ хийгээд явна гэж бодож байна.
-Хамтлаг байгуулагдаад 13 жил болчихлоо шүү дээ. Нийт урын сандаа хичнээн дуутай вэ?
-Одоо ингээд тоолохоор тоолж баршгүй байдаг юм л даа. Гурван жилийн өмнө тоолж үзэж байсан. 300-гаад дуу гарчихсан байсан. Анхны уран бүтээлүүд болон ард түмэндээ гаргаагүй, мөн хийе гэж төлөвлөж байгаа, зохиосон дуунууд гээд зөндөө олон дуунууд л байх ёстой. /инээв/
-Хамтлагийнхаа уран бүтээлээс хамгийн дуртай дуу, дуртай клипээ нэрлэвэл?
-Клипийн хувьд хамгийн сүүлд гарсан “Хаахна явна” гээд шинэхэн уран бүтээл маань байна. Энэ дууны аяыг “Харанга” хамтлагийн гитарчин Я.Одсүрэн ах, үгийг нь “Харанга”-ын дуучин Х.Лхагвасүрэн ах зохиосон. Бидний хамгийн сүүлийн үеийн хамгийн дуртай клип болоод байгаа. “Ингэн тэмээний” дуундаа хайртай.
-Тоглолт дээр “Амин охин” дуугаа дуулах уу?
-Дуулна.Товч танилцуулахад бид энэ дуугаа Чинбаад захиалаад ээж аавдаа чин сэтгэлээсээ баярлаж байгаагаа илэрхийлсэн, охид нь холыг зорин явсан ч ихийг хийж бүтээж байгаа шүү гэсэн утгатай. Энэ дууг сонсч амжаагүй яваа хүмүүс байгаа бол манай тоглолт дээр ирж сонсоорой. Бас бүх бидний үеийн яг одоо аав ээжийнхээ гэрээсээ нөхөрт гараад ч юм уу, сургуульд сурахаар явж байгаа тэр охидод ойрхон, сайхан дуу болов уу гэж бодож байна.
-Одоо Монголдоо байна биз дээ?
-Сурах ажиллах зөндөө зорилго мөрөөдөл байгаа. Гадагш дотогшоо явна. Гэхдээ эх орондоо үргэлж байна аа.
-Хамтлаг анх байгуулагдаад дуулж байсан дуунуудаа энэ үдэш дуулах уу?
-Дуулалгүй яахав. Хамтлаг гарч ирээд хит болж байсан гэсэн бүх л дуунуудыг базаж оруулахыг хичээсэн. Нэг онцлог нь гэвэл бүгдээрээ шинэ аранжровктой.
-Хамтлагийн экс гишүүн Т.Солонго энэ тоглолтод урилгаар оролцох уу?
-Наадах чинь яг сюрприз байх болно. Одоохондоо хэлмээргүй байна. Оролцож ч магадгүй, оролцохгүй ч байж магадгүй. Тийм болохоор их нууц байгаа.
-Та нар АНУ-д суралцаж байгаа байх аа?
-Бид сурч байгаад сая дундаас нь орхиод ирчихсэн байгаа. Тоглолтоо дуусгаад АНУ руу ирэн очин байна. Бас зарим хичээлээ интернэтээр онлайнаар авч байгаа. Зарим нь дуулаачийн чиглэлээр зарим нь урлагийн менежментийн чиглэлээр суралцаж байна. Бид урлагийн хүмүүс учраас урлагийнхаа төлөө мэдлэг боловсролоо дээшлүүлж цаашдаа бас Монголдоо хэрэгтэй боловсон хүчин болохын төлөө сурч байгаа. Урлагийнхаа төлөө үхэн үхтэлээ тэмцэнэ ээ л гэчихсэн байгаа /инээв/
-Танай хамтлагийн сүүлд гаргасан клип залуусыг байлдан дагуулж байгаа. Энэ дууныхаа үг, өөрсдөө бичсэн. Өөр үг аяыг нь бичэн өөрсдөө бүтээсэн дуу байгаа юу?
-Байлгүй яахав. Энэ дуун дээр тодотгоод хэлэхэд бид үгийг нь 100 хувь бичээгүй. Яруу найрагч Эмүжин эгчийн шүлэгнээс санаа аваад дэлгэрүүлэн бичсэн. Тэгэхээр хамтарсан уран бүтээл болж таарч байна. Бид өөрсдөө бичсэн дуу гэвэл “Өөрөө чамаас явлаа” гээд дуу маань байгаа.
-13 жилийн өмнөх “Emotion” өнөөдрийн “Sweetyemotion” хоёр хэр их зөрүүтэй байгаа бол?
-Хөлд орж байсан хүүхэд байсан бол одоо арай том болоод учраа олоод явж байгаа юм болов уу. Зөндөө зүйл байлгүй яахав. Дуулаачийнхаа хувьд насны хувьд ч ялгаа байна. Дуулна гэдэг чинь тийм амархан зүйл биш. Анх бид хөгжимчин гэдэг мэргэжил эзэмшихээр хөгжим бүжигт орж байсан. Анх дуулж эхлэхэд учраа олохгүй зүйл маш их байсан. Бид 14 настайгаасаа дуулж эхэлсэн. Тэр үеэсээ л бид нар зогсолтгүй хөдөлмөрлөж байж анх “Санах уу” дуугаараа гарч ирж байсан. Өнөөдрийг хүртэл уйгагүй хөдөлмөрлөж байж өнөөдөрт хүсэн. Энэ бүхнээ бодоход хөгжил дэвшилттэй зүйлс байгаа болов уу.
-Эргээд ирэхэд Монголын рок попын хөгжил хэр санагдсан бэ?
-Ер нь бол бид тэнд байхдаа ч аль болох мэдээллээс хоцрохгүй байхыг хичээдэг байсан. Интернетээр байнга л харилцдаг байсан. Маш их өсөлт дэвшилттэй байгаа юм шиг санагдсан. Олон залуу дуучид, амьд хөгжмийн хамтлагууд гарч ирсэн байна.
– АНУ-ыг зорихдоо өвөрлөөд явсан зорилгынхоо хэдэн хувьд хүрээд ирэв?
-Бидний тавьсан зорилго бол өөрсдийгөө хөгжүүлье нүд нээе, поп рок хөгжмийн эх орон болсон АНУ-д ажиллаж амьдарч үзье, юунд хүрэх нь үү. Өөрсдийнхөө дуу хоолойг хүмүүст сонсгож үзье. Аз нь байгаад цаг хугацаа нь таардаг бол олон хүмүүст танил болох юмсан гэсэн зорилготой явсан. Эхнийх маань биелж эхэлж байгаа. Чинбаа маань өнөөдөр “Rolling Stone” гэдэг дэлхийд нэр хүндтэй хөгжмийн сэтгүүлийн энэ зууны зуун шилдэг дуучдын хамгийн шилдэг дуучнаар шалгарсан эмэгтэйтэй ажиллаж байгаа. Энэ бол маш том амжилт. Бид Чинбаагаараа дамжуулаад бусад олон продюсеруудтай уулзаж байгаа. Маш олон санал ирсэн. Цаашид хийх ажил зөндөө байна. Бид зорилгынхоо дөнгөж эхэнд явж байна.
-Танай хамтлагийнхан их “Fashion” шүү дээ. Стиль имиджийг хэн бүрдүүлж байна?
-Бид эмэгтэй хүний мэдрэмж сэтгэл зүрхээ дагаад л явахад болно гэж боддог. Тэр ч утгаараа өөрөө өөрсдийгөө мэдрээд явдаг. Тусалж зөвлөдөг найз нөхөд байдаг. Тэдэнтэйгээ зөвлөлдөөд хувцасныхаа загвараа өөрсдөө гаргаад хийдэг дээ. Олон жил цуг байхаар нэг нэгнийгээ яг ямар хувцас өмсдөгийг нь хүртэл мэддэг болчихдог юм байна.
-Та нар дэлхийд нэртэй олон мундаг продюсеруудтай хамтарч ажиллаж байгаагийн хувьд одоо монголын уран бүтээлчидтэй хамтарч ажиллая продюсер хийе гэж санагдаж байгаа болов уу?
-Яагаад болохгүй гэж. Ирээдүйдээ бас болно шүү дээ. Бид олон жил дууллаа. Эстрад урлаг яаж явдгийг бас зах зухаас нь мэдэж эхэлж байна.