Оюутолгойн ордын ТЭЗҮ-ийг засгийн газар маргааш хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2010.03.30-нд нийтлэгдсэн

Оюутолгойн ордын ТЭЗҮ-ийг засгийн газар маргааш хэлэлцэнэ

Оюутолгойн ордын техник эдийн засгийн үндэслэлийг тойрсон маргаан парламентын түвшинд хүртлээ өндөр авч, УИХ-ын нэр бүхий 12 гишүүн уг баримт бичгийг эсэргүүцэн УИХ-ын даргад шаардлага гардуулаад байгаа энэ үед УИХ-ын гишүүн, Сангийн сайд С.Баярцогт нэгэн сонирхолтой мэдээллийг хийлээ. Өнгөрсөн долдугаар сарын 1-нд Оюутолгойн ордын нөөцийг батлахдаа ордын үр ашигтай нөөцийг 25,3 сая тонн зэсээр баталсан байсныг энэ сарын 25-нд хуралдсан Эрдэс баялгийн зөвлөл 5,7 сая тонноор нэмэгдүүлж, 31,3 сая тонноор тогтоожээ. Харин тодорхой нөхцөлд ашигтай гэж үзсэн 14 сая тонн зэсийн нөөцийг техник технологийн шинэчлэл, металын зах зээлийн үнэ өссөн, байгууллагын өөрийн үйл ажиллагааны зардал багассан тохиолдол тус бүрд нь эдийн засгийн үр ашгийн тооцоог хийж, ТЭЗҮ-дээ тодотгол хийж байхыг “Оюутолгой” ХК-д үүрэг болгосон юм байна. Мөн хүдрийн үр ашигтай нөөцийг 2,6 тэрбум тонноор тогтоогоод байсныг 3,3 тэрбум тонн болгон нэмэгдүүлжээ. Эрдэс баялгийн зөвлөлөөс баталсан ТЭЗҮ-ийг маргааш Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх бөгөөд ирэх дөрөвдүгээр сарын 6-наас наана Оюутолгойн ордын хөрөнгө оруулалтын гэрээг хүчин төгөлдөр болох тухай Сангийн сайд ам алдав. Өнгөрөгч оны аравдугаар сарын 6-ны өдөр Засгийн газар Оюутолгойн ордын хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэсэн. Үүнээс хойш 14 хоногийн дотор хөрөнгө оруулагч тал манайд урьдчилгаа татвар болох 100 сая ам.долларыг шилжүүлсэн билээ. Харин хоёр дахь удаагийн төлбөр болох 50 сая ам.долларыг хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурнаас хойш зургаан сарын дараа шилжүүлэх гэрээтэй. Өөрөө хэлбэл энэ хугацаанд ТЭЗҮ-ээ хэлэлцэж байж Оюутолгойн ордын Хөрөнгө оруулалтын гэрээ хүчин төгөлдөр болох юм. Тиймээс төслийн ТЭЗҮ-ийг маргааш Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжвэл гэрээ хүчин төгөлдөр болж, урьдчилгаа татвар болох 50 сая ам.долларыг хаврын чуулганы нээлтээс өмнө ч оруулж ирэх боломжтой гэв.

Б.ЗАЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж