О.Пүрэвбаатар: Би чөлөөт бөхөд их өртэй хүн

Хуучирсан мэдээ: 2010.02.26-нд нийтлэгдсэн

О.Пүрэвбаатар: Би чөлөөт бөхөд их өртэй хүн

Гавьяат тамирчин О.Пүрэвбаатартай ярилцлаа.

-Саяын улсын аварга шалгаруулах тэмцээнд та арай л эрт ялагдчих шиг боллоо. Ер нь таныг УАШТ-нд барилдана гэдгийг олон хүн мэдээгүй байсан байх аа?

-Бэлтгэл жаахан тааруу байсан. Хажуугаар нь бэртэл гэмтэл, жин өгсч барилдсан нь жаахан нөлөөлөх шиг боллоо.

-Гэхдээ би таныг өнгөрсөн намар болсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дараа Бээжингийн олимпод зүтгэнэ ээ гэж ярьж байсан гэдгийг чинь сонссон юм байна. Тэр бодол чинь хэвээрээ юу?

-Юу л даа. Дэлхийн аваргыг үзээд тэгж бодох нь бодсон. Барилдъя гэж бодсон. Харамсалтай нь, дэлхийн аваргын дараахан хөдөө ажлаар явж байгаад машинтайгаа осолд ороод бэлтгэл хийх боломж тааруу болсон л доо. Тэгээд сүүлийн нэг, хоёр сар "Олимп" дэвжээнийхээ шавь нартай жаахан бэлтгэл хийгээд болох юм шиг санагдахаар нь улсын аваргад ороод үзье гэж л бодсон юм.

-"Олимп" сургууль гэснээс А.Сүхбат аварга чөлөөтийн улсын аваргыг их идэвхтэй үзэв ээ. Гурван өдөр болоход гурвууланд нь сууж харагдсан?

-Бид хэд гайгүй хүүхэд юу байна гэж харсан юм.

-2000 оны олимпийн дараагаас л таныг зодог тайлах гэнэ гэсэн яриа гарсан. Дараахан нь та "Залуучууд санаанд хүртэл барилдахгүй байна" гээд их спортод эргэн ирж байгаагаа зарласан. Одоо би таныг эргээд барилдаад үзье гэсэн л бодолтой байгаа юм байна гэж ойлгож байна, зөв үү?

-Сиднейн олимпийн дараа зодог тайлъя гэж бодох нь бодож байсан. Тэр үед шарлаад элэг жаахан муудсан нь ч нөлөөлсөн байх. Гэхдээ 2004 оны олимпод үзчихмээр санагдаад зүтгэчихсэн юм. Ний нуугүй хэлэхэд Афинаас медаль авчих л байх гэж өөртөө найдаж байлаа. Гэхдээ болоогүй л дээ. Афинаас ирээд бас л жил хэрээтэй барилдаагүй байж байгаад 2005 оны дэлхийн аваргад хүрлийн төлөө барилдаад ялагдсан шүү дээ. Шагналт байранд орсон. Дохад ч бас азгүйтсэн л дээ. Мөрний гэмтлээс болоод барилдаж чадаагүй. Ингээд ирэхээр эргээд "За даа ер нь болъё доо" гэж бодогддог л юм. Гэхдээ яг тэгж бодоод зодог тайлах гэхээр бас болохгүй юм аа, барилдмаар санагдаад /Инээв/. Гэхдээ нэг их удахгүй байлгүй дээ. Яваандаа албан ёсоор зодог тайлахаараа өөрийнхөө жингийн тэмцээн хийе гэсэн нэг бодол байгаа. Зөвхөн 60 кг-д. Би сүүлийн хэдэн жил жингийнхээ хүүхдүүдийг тэмцээнд авч явж үзсэн л дээ. Дагаж гараад буланд суухад манайхан миний ялж байсан тамирчдад ялагдаад байх мэдээж сайхан санагдахгүй биү дээ. Тэгэхээр өөрийнхөө жинд хэдэн сайн хүүхэдтэй болчих юм сан гэж бодогддог л юм байна лээ.

-"О.Пүрэвбаатар шиг бөх ойрын 10 жилд төрөхгүй" гэсэн яриа тав, зургаан жилийн өмнө гарч байсан. Харин та өөрөө юу гэж бодож байна. Тан шиг бөх өнгөрсөн хугацаанд гарч ирж чадсан болов уу?

-Миний амжилтыг эвдээгүй л байгаа юм чинь төрөөгүй л байгаа биз дээ.

-Сая таны дасгалжуулж байгаа шавь нар улсын аваргад хэр амжилттай оролцов. "Олимп" сургаалиас чинь?

-"Олимп" сургуулийн маань нэг тамирчин хүрэл медаль авсан. Дөнгөж байгуулагдсан сургуулийн хувьд чамлах амжилт биш л дээ. Манай хүн 55 кг-д үзсэн.

-"Олимп" сургуулиас олимпийн аварга төрүүлнэ л гээд байгаа. Гэхдээ мэдээж Бээжингийн олимп биш. Харин түүний дараагийн олимпиос монголчууд танай сургуулийнханд найдаж болох уу?

-Харин тэрний чинь төлөө л энэ сургууль байгуулагдсан шүү дээ. Яагаад монголчуудаас өнөөдрийг хүртэл олимпийн аварга төрөхгүй байгаа юм бэ, юу нь болохгүй байгаа юм гэдэг дээр "Олимп" сургууль шинжлэх ухааны үндэслэлтэй хандаж, тамирчдыг дэлхийн жишгийн дагуу бэлтгэж эхэлж байна. Хоол унд, ахуй хангамж гээд юуг ч дутаахгүйгээр бүхнийг өндөр төвшинд байлгаж байгаа. Ер нь бол 2012, 2016 оны олимпод бид тамирчдаа бэлтгэж байгаа. Ер нь бол сургуулийнхаа тамирчдыг тэр болтол чимээгүй байлгаж байгаад гэнэт л гаргаж ирнэ дээ.

-Тэгэхээр хангамжийн хувьд бол ямар ч асуудалгүй гэж ойлгож болох уу?

-Болно. Бид нар чинь бол хэцүү байлаа ш дээ. Хичээл тараад хуушуур олж идвэл их юм байсан. Бэлтгэл тараад карант кола л уудаг байсан шүү дээ. Дэлгүүр, хоршоо гэж ч ямар байлаа. Гэтэл одоогийн тамирчдын хангамж, ахуй тэрэнтэй харьцуулах юм биш. Одооны хүүхдүүд тэрийг даанч мэддэггүй л дээ. Тэрэнд нь жаахан сэтгэл дундуур байдаг.

-Та шавь нартайгаа адил "Олимп" сургууль дээрээ байрладаг юм уу, би тэгж ойлгосон?

-Тэгнэ. Хүүхдүүдийнхээ сэтгэлзүй, бэлтгэл сургуулилт хийх онцлог гээд олон зүйлтэй танилцах хэрэгтэй байна. Зарим хүнийг онгироовол бэлтгэл сайн хийдэг, илүү сайн барилддаг байхад заримд нь хамаагүй хатуу үг хэлж болдоггүй гээд хүн бүр тамирчныхаа хувьд өөр өөр характертай байдаг. Тэр бүхэнтэй нь эхлээд нэг бүрчлэн танилцах хэрэгтэй байгаа юм. Би ч насаараа л гэр бүлээсээ хол байлаа даа. Гэхдээ одоо яахав дээ, цаанаасаа зурсан зураг нь тэр юм байлгүй.

-Танай охин ингэхэд одоо хэд хүрч байна?

-11 настай.

-Та хоёр охиноо дүүтэй болгох болоогүй юу?

-Одоо удахгүй болгоно доо. Уг нь эхнэр бид хоёр гахай жилд хүүхэдтэй болдог ч юм билүү гэж ярьж байсан юм. Гэхдээ яг үнэндээ гахай жил надад таалагдаагүй. Айхтар ширүүн жил байна ш дээ. Янз бүрийн л юм боллоо, тээ. Хүмүүс л алтан гахай жил гээд сүйд болоод байх юм билээ. Надад бол анхнаасаа л сайхан санагдаагүй. Хувьтай хүн хулгана жил үздэг гэдэг. Энэ жилийг харин сайхан жил байх байлгүй гэж бодож байгаа ш дээ.

-Танай сургуулийн жүдо бөхийн багш нь Д.Нармандах гавьяат байх аа?

-Нарка жүдогийн багш. Д.Амгаланбаатар заан үндэсний бөхийн багш. Аварга ч бас өөрөө үндэсний бөхийн хүүхдүүдтэйгээ ажилладаг.

-А.Сүхбат аварга эргэж барилдах болов уу, та ойр байгаа хүний хувьд юу гэж бодож байна?

-Хүмүүс эргэж барилдаасай гэж их хүсдэг юм шиг байна лээ. Олон мянган хүн тэгж бодож байгаа болохоор аваргад юу бодогддог юм бол мэдэхгүй. Гэхдээ миний бодлоор нэгэнт зодог тайлсан хүн дахиж барилдахгүй байлгүй дээ. Би яагаад зодог тайлахгүй байгааг мэдэж байна уу.

-Яагаад?

-Дахиад барилдчих бодолтой л байхгүй юу. /Инээв/

-Гэхдээ ер нь бол таны хийх гол ажил дасгалжуулагч л болчих шиг боллоо. Сүүлийн хэдэн жил та шигшээ багийн тамирчин биш мөртлөө үргэлж л чөлөөт бөхийн зааланд байдаг байсан шүү дээ?

-Миний нэг бодож явдаг зүйл байдаг юм. Юу гэвэл, би чөлөөт бөхөд их өртэй хүн. Бөхийн ач буянаар л өдий зэрэгтэй яваагаа би сайн мэднэ. Тийм болохоор өөрийнхөө ухаантай, ухамсартай амьдралаа энэ спортын төлөө л зориулна гэж боддог. Тэмцээнд оролцох гээгүй, миний шавь гэхээр хүн байхгүй байсан ч би чөлөөтийн зааланд үргэлж очдог байсан. Цаашид ч очно. Миний мэдэх, чадах зүйл юу байна, тэрийг би дүү нартаа зааж сургахын төлөө тэр зааланд үргэлж очино гэж боддог. Ямар ч байсан ч нэгэнт зүтгэснийх "Олимп" сургуулийнхаа дасгалжуулагчийн ажлыг сайн хийнэ л гэж бодож байна. Дэлхийн аваргын хошой мөнгө, Азийн аварга, Азийн тоглолтын аварга, Зүүн Азийн аварга гээд Азийн гэсэн бүх тэмцээнд аварга болж байсандаа би энэ спортын буянд л залбирч явдаг. Миний нэг амжилт ерөөсөө яригддаггүйг чи анзаарсан уу. "Дэлхийн цом"-ын хүрэл медаль, 1998 оны Азийн тоглолтын мөнгөн медаль хоёрыг хүмүүс бараг мартчихсан байдаг байж магадгүй. "Дэлхийн цом"-ын хүрэл бол алтын дайтай медаль байсан. З.Ойдов багшийг ч гэсэн Дэлхийн аваргын хүрэл медальтай гэдгийг нь бараг ярьдаггүй юм шиг байна лээ. Хошой аварга л гээд яриад байдаг.

-Спортын бүтэц, тогтолцоог өөрчилнө гэдэг асуудлыг саяхнаас ярьж эхэлж байх шиг байна. Та клубын системийг дэмждэг үү?

-Дэмждэг. Клубын систем байх ёстой. Шигшээ баг ч байх хэрэгтэй. Гол нь клубууд маш чадварлаг бөгөөд өрсөлдөөн ихтэй байх нь чухал.

-Сая улсын аварга шалгаруулах тэмцээнд Ц.Энхжаргал гавьяатыг ялсан охин үнэхээр сайн хүүхэд байна лээ. Тэр охин одоо олимпийн эрх авах тэмцээнд явж чадах болов уу. Эсвэл шигшээ багт байгаагаараа Ц.Энхжаргал явах уу?

-Би харин наадахыг чинь БТСУХ-ноос асуусан л даа. Ярилцана л гэж байна лээ. Уг нь бол тийм чадварлаг гарч ирж байгаа хүүхдүүдийг дэмжих л хэрэгтэй шүү дээ. Тэр охин Ц.Энхжаргалтай хоёр жилийн өмнөөс л сайн барилддаг байсан юм. 16 настайгаасаа л улсын аваргаас медаль авсан хүүхэд. 60 кг-д түрүүлсэн Мандахнаран гэж бас их сайн хүүхэд байна лээ. Ер нь улсын аварга болсон хүн шигшээ багт байх ёстой биз дээ. Миний мэдэхийн манай Г.Ганхуяг 120 кг-д сүүлийн хэдэн жил л түрүүллээ. Би тэр хүнийг шигшээ багт байхыг нь хараагүй.

-Шигшээ баг гэснээс Б.Батзоригийг та нэг хэсэг дасгалжуулсан байх аа?

-Хуурай ах, дүүс л дээ, бид хоёр. Нэг хэсэг Баагийтай жаахан бэлтгэл хийсэн. Гэхдээ яг тулаад бэлтгэл хийх гэхээр шигшээгийн багш нар нь аваад явчихдаг юм. Манай Баагийд жаахан хүчний бэлтгэл дутаад байх шиг санагдаад байдаг юм. Хүчний бэлтгэл хийлгээд хэсэг тэмцээнээс хол байлгая гэхээр "Тэгвэл шигшээ багаас гар" гэдэг юм. Тэмцээнд оролцож, туршлага суух хэрэгтэй л дээ. Харамсалтай нь, манайхан дутуу боловсруулсан бүтээгдэхүүн шиг болгочихоод тэмцээнээр нүдээд байх юм. Гүйцэд боловсруулах хэрэгтэй байна ш дээ. Аягүй бол намайг булчингаа чангалаад зогсоход одооны шигшээгийн залуучуудаас ойролцоо ирэх хүн ховор доо. Энэ онгирч байгаа үг биш. Тамирчин хүн хүч, хурдгүйгээр хол явдаггүй юм.

-Та гурван олимпод оролцлоо. Дэлхийн дэд аваргын мөнгөн медалийг хоёрын хоёр удаа зүүчихээд олимпиос медаль авч чадаагүйдээ харамсдаг уу?

-Яахав дээ, мэдээж харамсалтай. 2000 оны олимпод л их харамсдаг юм. Допинг энэ тэр гээд төвөгтэй асуудал яриад л. Атлантын олимп бол миний үзсэн анхны олимп байлаа. Анхны олимпдоо "дасгалжуулагч" хийж байлаа ш дээ. Цогоо ах жиндээ орж чадахгүй бол би оронд нь барилдах байсан юм. Тэгээд хүүхдээрээ байж багшийн мандат зүүчихээд л оролцож байлаа. 2004 оны олимпод оролцох эрхээ ёстой нэг гүрийж байж авсан даа. Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож байгаад тохойгоо мулталчихсан байсан мөртлөө сарын дараа Болгарт болсон олон улсын тэмцээнд бараг нэг гар нь ажиллахгүй шахуу барилдаж, олимпийн эрх авч байсан. Тэгээд Болгарын тэмцээнийг дуусгачихаад тэндээ хагалгаанд орж байлаа. Бас л гүргэр байсан байгаа юм шүү. Нээрээ санаснаас, миний нэг амжилт ерөөсөө хэлэгддэггүй ш дээ.

-Бэртэл гэмтэл…Сонсоод байсан чинь та ямар олон удаа бэртсэн юм бэ дээ. Өнгөрсөн жил Ерөнхийлөгчийн тэмцээний үеэр бас л хүнд бэртсэн санагдаж байна. Бэртлээ гэхэд улсаас, эсвэл даатгалаас та ямар нэгэн туслалцаа авдаг уу?

-Би уг нь даатгалтай шүү дээ. Гэхдээ тэр даатгалыг чинь тамирчдад өгдөггүй юм байна лээ. Бүхэл бүтэн тохой эргэчихсэн байхад би нэг удаа л 10 хувиар авч байсан. Дохад бэртэл авчихаад ирэхэд даатгал энэ тэр гэж өгөөгүй. Гэтэл бараг тэр бэртлээс болоод зодог тайлах болж байна шүү дээ.

-Тантай өрсөлдөж байсан гадаадын тамирчдаас одоо барилдаж байгаа хүн хэр байна?

-Ер нь багассан. Одоо бодоод байхад би бас л оройтож амжилт гаргасан юм шиг санагддаг. 1997 оны дэлхийн аваргаас медаль авах боломж байсан санагддаг. Тэгэхэд шарлаад, нэг бол бэртэж, гэмтээд жил алдаад л байж. Манайханд нэг том дутагдал байна аа. Бэлтгэлийг шинжлэх ухааны үндэслэлтэй хийхгүй байна. 1997 онд би Зүүн Азийн аварга болчихоод дэлхийн аваргад сайн үзэж болох л байсан. Гэтэл тэмцээний өмнө уулсын кросст зүв зүгээр гүйж байгаад ухаан алдаад уначихсан. Тэр юу вэ гэхээр, бэлтгэл сургуулилт системтэй биш байна л гэсэн үг биз дээ.

-Одоо ойрын үеийн төлөвлөгөө юу байна?

-Хэд хоногоос Красноярск явна. Тэнд Мендешвелийн сургуульд дасгалжуулагчийн нэг сарын сургалтад суух гэж байгаа. Бас Иван Ярыгины тэмцээн болно шүү дээ.

-Хэр удах вэ?

-Нэг сар болно.

-Тэгэхээр чинь цагаан сараар та Монголд байхгүй гэсэн үг үү?

-Тэгнэ. Би ер нь сүүлийн 11 жил цагаан сараар гэртээ байж үзээгүй ш дээ. Хэцүү баяр шүү, бас л. Айл хэсэх болно. Найз нөхөд, ах дүү гээд айлаар явах юм бол мөд барагдахгүй, арав, хорь хоногийн юм болно. Бүгдээрэнд нь очихгүй бол зарим нь гомдоно. Тэгж явсаар байтал бэлтгэл хэцүүднэ биз дээ. Тэгж бодоод би цагаан сараар ерөөсөө Монголд байдаггүй. Хуучирсан хойно нь ирж, үлдсэн буузаа жигнүүлж, талласан ууцаа чанаж байгаад л шинэлдэг юм даа.

-Нээрээ, Т.Үйтүмэн, Д.Нармандах гавьяат та гурав нэг компани байгуулсан гээд байдаг даа. Тэр компани юу болсон бэ?

-Байгаа ш дээ.

-Танайх тэгээд юу хийдэг компани юм бэ?

-Юу ч хийхгүй ш дээ /инээв/. Ер нь байнгын үйл ажиллагаатай компани биш л дээ. Эрхэлдэг чиглэлийн маань дагуу санал орж ирвэл ажлаа хийнэ. Манай компани чинь угаасаа л гурван гишүүнтэй. ТУЗ-ын хурал энэ тэр хийхээрээ гурвуулаа хуралдчихна аа /инээв/. Сүүлийн үед Нарка бид хоёр дасгалжуулагч хийгээд, Үүеэ маань боксын холбоо гээд зав багатай л байна.

-Нэр нь На-Үй-Пү гэж үнэн юм уу?

-Үнэн, үнэн. Найзууд жаахан шоолдог л юм. Бид гурав чинь гурвуулаа 60-кг-ынхан шүү дээ. Тэрэндээ их билэгшээдэг.

-За баярлалаа. Таныг манай редакцид зочилж ярилцлага өгсөнд талархаж байна.
-За тэгвэл ах нь ганц үг хэлчихье. Залуу тамирчиддаа хандаж хэлэхэд, одоо та нар минь бэлтгэл, сургуулилтаа улам эрчимжүүлж, бидний авч чадаагүй тэр ховор эрдэнийг олж ирэхийн төлөө зүтгээрэй. Бүгдээрээ хамтдаа тэрний төлөө зүтгэе. Би өөрөө авч чадаагүй байгаа ч гэсэн авахын төлөө олимпийн аварга төрүүлэхийн төлөө хөдөлмөрлөнө өө гэж хэлмээр байна.

Б.Бадамгарав. /2008.01.14/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж