Д.Бямбасүрэн: Эрс өөрчлөлт, шинэ бодлого хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2010.03.30-нд нийтлэгдсэн

Д.Бямбасүрэн: Эрс өөрчлөлт, шинэ бодлого хэрэгтэй

Ерөнхий сайд асан доктор профессор, гавьяат эдийн засагч Д.Бямбасүрэн гуайтай уулзаж ярилцлаа.

-Ерөнхий сайд асан, эдийн засагч хүнтэй уул­заж байгаагийнх  Оюу­тол­гой талаар таны байр суурийг сонсмоор байна?

-Энэ асуудал их төвөг­тэй байдалд ороод байна. Ашигт малтмалын орд газ­рыг ашиглах хуулийн зохи­цуулалтыг олон талаар зөрчиж, Монгол Улс “Айвенхоу”-д Оюу тол­гойнхоо орд газрыг өгөөд 1,7 тэрбум ам.долларын өртэй хоцрох гэрээг ба­талсан. Дараа нь Оюу­толгойн орд газрын урьд­чилгаанд 100 сая ам.дол­лар авлаа гэж ард түмнээ мэхлээд түүнийгээ 250 сая болгох гэж зүтгэж байна. Эрдэс баялгийн зөвлөл Техник эдийн засгийн үн­дэслэлийг баталж нөөцийн 30-60 хувийг ашиглахгүй хаяхыг “Айвенхоу”-д зөв­шөөрлөө. Энэ бол Монгол түмнийг төлөөлж байгаа төрийн хариуцлагагүй байдлын сонгодог жишээ юм. Төрийн өмнөөс “Айвенхоу”-той хэлэлцээр хийсэн Эрдэс баялаг, эрчим хүчний сайд тэр­гүүтэй ажлын хэсгийнхэн Монгол түмнийхээ эрх аш­гийг­ бодохоос илүү Фрид­ландын өмнө очиж, биеэ аятайхан засаад хэвтэж өгөхийг бодож. Эдний үйл ажиллагаанд дүгнэлт өгөх цаг болсон. Цаашид Мон­голын баялгийг энэ жиш­гээр гадныханд ашиглуул­бал бид үндэсний сүйрэлд хүрнэ. “Айвенхоу”-гийнхан олон жилийн өмнөөс Мон­голын улстөрчид, төрийн зүтгэлтнүүд мэдээллийн хэрэгслийн хүрээнд лобби бүлгээ бий болгож, төрийн бодлогод нөлөөлж эхэлсэн нь нууц биш.

-Тэгвэл таныхаар одоо яах ёстой вэ?

-Уг нь сэтгэл байвал үүнийг шийдэхэд амархан. Нэгд,татварын хуулиа шат­лалтай болгож, 100 тэрбум төгрөгөөс давсан ашгийн 40 хувийг татварт авах. Энэ хувийг гэрээнд тусгах ёстой, Хоёрт, “Айвенхоу”-гийн үйлдвэрлэсэн зэсийн баяжмалыг 100 хувь Мон­голд боловсруулж цэвэр зэс, бусад металийг ялгах талаар гэрээнд тусгах. Гуравдугаарт, Ашигт малт­малын хуулиа өөрчилж, алтны нөөц ашиглалтын төлбөрийг 18 хувь хүртэл нэмж болох талтай. Ин­гэсэн тохиолдолд 34 хувийг эзэмшинэ гэх албагүй. Харин зэс боловсруулах үйлдвэр 100 хувь Монго­лын эзэмшилд байх ёстой. Үүнийхээ хувьцааг иргэддээ тарааж болно.

-Хувьцаа гэснээс энэ эрх баригчдын намуу­дын амлалтыг нэхэх хө­дөлгөөн өрнүүлж жаг­саал цуглаан хийх гэж байна. Эдийн засагч хү­ний хувьд та үүнд юу хэлэх вэ?

-Оюутолгойгоос гарах зэсийн баяжмалыг дотоод­доо боловсруулсан нөх­цөлд Монголын иргэдэд жил бүр 1-2 сая төгрөгийн хишиг хүртээх боломж гар­на. Ийм бололцоог олж харахгүй байгаа нь төрийн бодлогын мохой бай­гаа­гийнх. Зэс хайлуулан бо­ловс­руулах үйлдвэрийг Оюутолгойн уурхайн хажууд байгуулах эрхийг Монголын Засгийн газар өөртөө үлдээх ёстой. Гэтэл одоо усны бүх нөөцийг “Айвенхоу”-д өгөөд байгаа нь туйлын буруу шийдвэр. Ус бол сүверенитет / ту­хайн нутаг дэвсгэрт төрийн бүрэн эрхийг хадгалах/ асуудал юм шүү.

Асуудалд зөв хандсан бол Оюутолгойн гэрээгээр дамжуулж Ардчилсан намын амлалтыг бүрэн биелүүлэх боломж байсан. Хувьсгалт намын амлалт хэдийгээр өрсөлдөөний хийрхлээр төрсөн ч гэсэн уул уурхайнхаа асуудалд зөв хандвал шийдэх бо­ломжтой л зүйл. Гэхдээ хугацаа хэрэгтэй. Гэтэл эрх баригч намууд эрдэс баял­гийнхаа нөөцийг баруун солгойгүй худалдаж мөнгө олно гэсэн гэнэн сэтгэ­хүйгээр хандсан учир одоо эдгээр амлалтууд бие­лэг­дэхээсээ өнгөрчээ. Улс­төрийн сонголтын үед хуу­рамч амлалтаар сонгуульд ялалт байгуулах оролдлого хичнээн хор уршигтайг олон түмний энэ бухимдал харуулж байна. Малчдын олонх нь энэ амлалтад итгэж зээл авсан шүү дээ. Одоо бухимдаж байгаа олон түмэнтэйгээ тэднийг хуурч, төрийн суудалд заларсан хүмүүс улаан нүүрээрээ уулзах цаг болжээ. Төрд хээл хахууль, авлига, олигарх бүлэглэ­лийн ноёрхол хэт даварсан бухмдлын нэг гол шалтгаан болж байна. Бохирдсон төр олон түмний тэмцэлд шатаж цэвэршдэг түүхийн жам бий. Нийгмийн байгууллаа солих ардчилсан хувьс­галын үед цус гаргаагүй монголчууд эдүгээ цагт цуст тэмцэлд арай ч хүрэх­г­үй болов уу. Гэхдээ тө­рийн одоогийн арчаагүй байдал цааш үргэлжилбэл асуудал ямраар эргэхийг хэлэх боломжгүй. Засгийн газар нь УИХ-ын гишүүдээ тэрбум төгрөгөөр ха­хуульд­даг төр Монголоос өөр улс дэлхийд байхгүй.

-Та цус гарахгүй байх гэж их өөдрөг хэлж байна. Гэтэл хоёр жилийн өмнө цус гарах байтугай таван хүн алтан амиа алдсан шүү дээ?

-2008 оны долдугаар сарын 1-ний үйл явдал одоог хүртэл үнэн зөв тайл­лаа олоогүй. Хохирогсдын хохь болж үлдлээ. Үүнд төр буруутай. Чухамхүү дол­дугаар сарын 1-ний үйл явцад монгол­чуудад сур­гамж болж үлдэх биз гэж найдсандаа би өөдрөг сэт­гэлтэй байна. Түүнээс биш төрийн эрхийг хуйвалдаж авсан олигар­хыг хам­гаалж байгаа хэрэг биш л дээ. Тэднийг Төрийн орд­ноос чирж гаргахад нэг их зовлонгүй болов уу.

-Олигарх гэж та яг хэнийг хэлээд байна?

-Олигарх гэдэг үйлдвэр санхүүгийн капиталыг нэгт­гэж хослуулсан хөрөн­гөт­нүүдийн тухай ойлголт юм. Монголын санхүүгийн сис­тем, мөнгө хүүлэх тогтол­цоо болж байгааг бүгд мэднэ. Өөрөөр хэлбэл хам­гийн харгис эдийн зас­гийнхаа цусыг сорогч ка­питалын хүрээ болж байна. Манай нөхцөлд ийм сан­хүүгийн капитал үйлд­вэ­рийн капиталтай нэгдэж, төрийн эрх барих хүмүү­сийг угжиж байгаа нь хэнд ч нууц биш. Монголын оли­гархуудын гол онцлог улс­төрийн өрсөлдөгч на­муу­дыг дамжсан бүлэглэлүүд буюу олигополууд юм шүү дээ. “MCS”, “Энержи­ре­сурс” гэх мэт бүлэглэлүүд нэгдэж байгаа УИХ-ын ги­шүүд, төрийн өндөр албан ту­шаалтнуудын нэрсийг жагсаавал урт үргэлжилнэ. Одоо “Айвенхоу”-гийн тө­лөө­лөл гэж шинэ бүлэглэл бий болж магадгүй.

-Сүүлийн үед инф­ляци өсөөгүй ээ гэж ал­баны хүмүүс хэлдэг. Гэ­тэл дунд болон түүнээс доош орлоготой хү­мүү­сийн амьдрал хүндэрч байна?

-Төр засаг инфляцийг шууд хөөрөгдөх бодлого явуулж байна. Засгийн газар 2007, 2008 онд одоогийн эдийн засгийн хямралыг эхлүүлсэн. Энэ он гарснаас хойш 1,5 сая төгрөгийн эхний алхам 120 мянган төгрөг өгнө гэж амлаад 70 мянган төгрөг тарааж үнийн хөөрөгдөл үүсгэлээ. 2000 оноос хойш Монголын дотоодын нийт бүтээгдэхүүн тав дахин өсөөд байхад цалингийн доод хэмжээ тэтгэврийг үүнтэй дүйцүүлж нэмээгүй. Харин төсвийн орлого, зарлагаа зургаа дахин өс­гөж, баялгийг эрх баригч­дын гарт төвлөрүүлсэн. Одоо банкны активын 40 гаруй хувийг гадаад валют эзэлж байна. Энэ нь 2000 оноос хойшхи цэвэр орлого баячуудын халаасанд орсны баталгаа.

-Сүүлийн үед барилга орон сууцны үнэ буу­рахгүй л байна. Одоогоос хоёр жилийн өмнө гэхэд л 70 хувиар өссөн статистик байсан?

-Барилгын үнэ өртөг сүүлийн гурван жилд огцом өгссөн нь манай төрийн “бүтээл” юм шүү дээ. 2007 онд Засгийн газар “Их бү­тээн байгуулалт” зарлаж, барилгын материал, түү­нийг тээвэрлэх хүчин чад­лын хомсдол үүсгээд ба­рилгын материалын үнэ хөө­рөгдөх эхлэлийг тавьсан. Монгол Улсын эдийн за­сагт эргэлдэж байгаа бүх мөнгөний гуравны нэгийг дуусаагүй барилгад цар­цааж, эдийн засгаа хям­ралд оруулсан. Банкны систем хүнд байдалд ор­сон. Энэ нь одоог хүртэл барилгын үнийг хөөрөгдөх үндэс болж байна. Түүнээс гадна гадаадаас өндөр өртөгтэй ажиллах хүч авч, үнэ хөөрөгдөхөд, түлхэц үзүүлсэн. Одоо цалин хөлсөөрөө амьдардаг хүн орон сууц авах боломжгүй болж байна. Гэтэл төр засаг “100 мянган орон сууц” хөтөлбөр зарласан хэвээрээ л байна. Өөрөөр хэлбэл, барилгын салбар мөнгө угаах орчин болж хувирчээ.  Ер нь Монголын улс төр, эдийн засаг, эрс өөрчлөлт шинэ бодлого хэрэгтэй болжээ.

-Малын хорогдол хэдий хэрий байхаас шалт­гаалаад эдийн засгийн суурь үзүү­лэл­түүд бас өөрчлөгдөнө гэж Монголбанкнаас мэ­дэгдэж байсан?

-Одоогийн байдлаар дөрвөн сая гаруй мал хорогдоод байгаа. Нийт мал сүргийн арав гаруй хувь хорогдож улс орны эдийн засаг, иргэдийн амьд­­ралд маш хүнд бэрх­шээл учруулж байна. Дө­рөв тавдугаар сард хорог­дол улам л ихэснэ. Малчид зөвхөн өмч, баял­гаараа хохироод зогсохгүй сэтгэл санааны хүнд дарамтад орж, өр зээлээ төлж ча­дахгүй хүн олон боллоо. Малаа үхүүлж, хотоо хар­луулсан малчдын хот суу­рин бараадах их нүүдэл эхэлж байна. Монголчууд зуд болоход нохой тар­галж, зовлон болоход бая­чууд жаргадаг гэж ярьдаг. Махны панзчид/ченжүүд/ зудын гамшгийг далим­дуулж махны үнийг эрс нэмлээ. Төр засаг ийм үед эрс шийдэмгий үр нөлөөл­тэй арга хэмжээ авахыг олон түмэн хүлээж байна. Хэдий­гээр бизнес эрх­лэг­чид гадаад дотоодын фи­лантропуудын зүгээс чадах чинээгээрээ малчдад тус­лаж байгаа боловч, асууд­лын өнгө өөрчлөгдөхгүй байна. Энэ зудын гамшиг олон ноцтой сургамж үл­дээж байна. Орон нутгийн засаг захиргааны удирд­лага, нутгийн өөрөө удир­дах ёсны байгууллагууд малчдынхаа амьдралын орчны  зохицуулах, бэл­чээр ашиглах, усжуулах, хадлан тэжээл бэлтгэхэд төрийн менежментийн үүр­гээ гүйцэтгэх цаг болжээ. Манай улс өмнөх жил ту­там 700-аад мянган тонн тэжээл бэлтгэдэг байсан. Гэтэл өнгөрсөн жил үүний­хээ тал хувийг бэлтгэсэн. Өөрөөр хэлбэл, зудын гамш­гийг өөрсдөө дал­ласан. Бас нэг хүнд асуу­дал малчдын өр. ХААН Банк үл давагдах хүчин зүйлийн эрсдлийг харгал­заагүй, малыг хэт багаар үнэлэх зэргээр шударга бус харьцсан асуудал бий. Монголын төр засаг, нийг­мийн төлөөлөл мөн юм энэ талаар судалгаа явуулж, олон түмнийхээ өмнөөс ХААН банктай нүүр тулж малчдын зээлийн зохих хэсгийг хүчингүй болгох тухай асуудлыг ярих ёстой. Бас нэг сургамж нь бэл­чээрийн мал аж ахуй эрх­лэх арга технологи, зохион байгуулалтыг өөрчлөх цаг болсныг харууллаа. Мал­чид нутаг голоороо хүчээ нэгтгэх цаг болжээ.

Б.АНХЦЭЦЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж