Д.Батбаяр: Би улс төрд орохоос айхгүй | News.MN

Д.Батбаяр: Би улс төрд орохоос айхгүй

Хуучирсан мэдээ: 2010.02.26-нд нийтлэгдсэн

Д.Батбаяр: Би улс төрд орохоос айхгүй

Гавьяат тамирчин Кёкүшюзан Д.Батбаяртай ярилцлаа.

-Та зодгоо тайлснаасаа хойш хэсэг чимээгүй байлаа. Хэвлэлээр ч ярилцлага өгсөнгүй. Энэ хугацаанд юу хийж, амжуулж, хаагуур явав?

 –Сайхан гэгч нь амарч авлаа. Амрахынхаа хажуугаар бас зүгээр суусангүй ээ. Сангийнхаа байрыг тохижуулж сайхан оффистой боллоо. Би бас Японы Васидагийн их сургуулийн оюутан гэж байгаа. Төгсөх курс учраас цаг заваар тиймхэн гэх юм уу даа. Интернэтээр хичээлээ хийгээд, зав гарахаар Токио орж багш нартаа үзэгдэж, сайн оюутны дүр эсгээд л явж байна.

-Та зодог тайлах ёслол дээрээ цаашид улс төрд орох санаа байна гэж байсан. Тэгээд хүссэн зүйл рүүгээ орж амжив уу?

-Яг өнөөдрийн байдлаар би аль нэгэн намд элсээгүй яваа. Бас сонгуульд орох эсэхээ шийдээгүй байна. Улс төрд эргэлт буцалтгүй орсон юм алга. Гэхдээ эрч хүчээр дүүрэн яваа залуу насандаа улс эх орныхоо төлөө юм хийчих юмсан гэсэн бодол тээж явдгаа нуугаад яах вэ. Дээр нь миний сурч байгаа сургуулиас Японы хамгийн олон Ерөнхий сайд төрсөн гэгддэг юм билээ. Энэ бүхнийг бодоод байхаар улс төрд орчихмоор ч юм шиг. Эргэлзэж тээнэгэлзээд явж байна даа, үнэнийг хэлэхэд.

-Аль нэгэн намаас манай намд элсээч гэсэн санал ирэхгүй байна уу?

-Одоогоор ямар нэгэн намтай тохирсон юм алга. Гэхдээ намуудаас санал ирэх л юм. Ялангуяа сүүлийн үед шинээр гарч ирж буй намууд "Та залуу хүн. Бидэнтэй дуу хоолойгоо нэгтгээч" гээд. Ямар ч байсан эхний ээлжинд сургуулиа төгсч, мэдлэг боловсролоо дээшлүүлж байж улс төрд оръё уу бодох болсон. Барилдахынхаа хажуугаар сан байгуулж 10 гаруй жил зүтгэлээ. Би энэ хугацаанд завгүй байсан ч ард түмнийхээ төлөө гэдэг утгаар нь багахан ч болов жаал зуул юм амжуулж ирснийг хүмүүс мэдэх байх. Үүний зэрэгцээ хөлс хүчээ урсган байж идэх хоол, өмсөх хувцастай боллоо. Миний хувьд хангалуун амьдарч чадах хөрөнгө мөнгө цуглуулж чадсан. Харин үр хүүхэд, улс эх орныхоо ирээдүйг бодвол улс төрд орох нь зөв байх.

-Та улс төрд орохоос айхгүй юу. Яагаад ингэж асуусан бэ гэхээр улс төрд орсон ямар ч хүнй нэр төр "бохирддог" л доо

-Зөвхөн Монгол гэлтгүй бүх л орны улстөрчдийн нэр сэвтдэг нь үнэн. Тэглээ гээд би айхгүй ээ. Хөлс хүчээ урсган хөдөлмөрлөж байж өдий зэрэгт хүрсэн хүн. Бэлтгэл сургуулилт хийж барилдаж, хөлсөө дуслуулж явсан уу гэхээс авлига хээл хахуулийн хэрэгт орж байсангүй. Биеэ зовоож эвдэсний хүчинд өдий зэрэгтэй яваа. Үүнийг хэний ч өмнө, хаа ч нүүр бардам хэлж чадна. Хүүхэд байхдаа сүмод орж эрийн цээнд хүрээд зодгоо тайллаа. Би тэмцээн дээр бөхчүүдийг буруу, зөвгүй унагаж байсан уу гэхээс ард түмнээ хуурч, мэхэлж байсангүй. Ийм учраас би улс төрд орохоос айхгүй. Хэн нэгэн улстөрч шиг энд ингээд хэлчихвэл, үүнийг ингээд шийдчихвэл урдны булхай минь илрэх болов уу гэх айх юм надад алга.

-Тэгэхээр яг шийдэж чадахгүй яваа юм байна. Тийм үү?

-Ямар ч байсан хэсэг харзная. Улс орон минь хаашаагаа эргэх нь вэ гэдгийг. Тэгж байтал сургуулиа төгсчихнө биз.

-Та 16 жил бараг л нэг хэвшлээр амьдарч байсан. Бэлтгэл сургуулилт, тэмцээн гээд л. Энэ амьдралаас салахад ямар санагдах юм бэ?

-Барилдаж байх хугацаандаа хурдхан шиг зодгоо тайлж амрах юмсан гэж боддог байлаа. Тэр үед би эрх чөлөөт хүмүүст атаархдаг байв. Гэтэл яг зодгоо тайлах болсон чинь нэг л эвгүй болоод явчихсан. Сэтгэл гэгэлзээд л. Зодог тайлсныхаа дараа дөрвөн сар, хоёр башёг өнгөрөх гэж бас л зовсон. Тэмцээн үзэхээр нэг л хэцүү. Хурдны морийг сойхоо больчихоор өөрийгөө сойгоод эхэлдэг гэдэг шиг л юм болсон. Барилдаж байгаа бөхчүүдийг, найз нөхөд, дүү нараа харахаар атаархаад ч байгаа юм шиг. Болдог бол эргэж очоод барилдмаар ч юм шиг. Эхний хэдэн сар дэвжээн дээр Монгол Улс, Кёкүшюзан гэж дуудуулж явсан минь чихэнд сонсогдоод байх шиг үнэхээр хэцүү байсан.

Одоо гайгүй болсон биз дээ?

-Одоо зүгээр ээ, дүү нараа сайхан барилдаасай л гэж залбирч, дэмжиж суух болсон. Хааяа хэн нэг нь хариуцлагагүй барилдвал шууд л утасдаад загнаначихна шүү дээ.Яаж барилдаад байгаа юм бэ чи. Тийм мэх хийхгүй яагаав, ингэж барилдаач гээд л. Макүүчид хамгийн олон мэх хийсэн, сүмогийн тогоонд чанагдаж явсныг минь хүндлээд бүгд л үгийг минь сонсдог юм. Ингээд бодохоор нэг л их зөвлөдөг, зав л гарвал сүмо үздэг хүн болоод байна даа.

Өнгөрсөн сарын башёг алгасахгүй үзсэн үү?

-Тэгэлгүй яах вэ.

Мэргэжлийн хүний нүдээр харахад ямархуу тэмцээн болов?

-Их аваргыг амарч байхад нутгийн дүү нь залгамжилж халааг нь авч түрүүллээ. Монгол хүн түрүүлж, Монголын бөхчүүд сайхан барилдлаа.Гараас нь хөтөлж сүмод оруулсан дүү минь түрүүлж байхыг хараад бахархаад суух шиг сайхан юм алга. Өөр би юу хэлэх вэ. Хоёр орны ард түмэн Давааг (Хакүхо) хайрлаж, шүтэж байна.

-Монголчууд Хакүхо М.Даваажаргалыг хайрлаж, шүтэж байна гэснээс япон бүсгүйтэй сууснаас нь хойш нэр хүнд нь бага зэрэг унах шиг болсон. Танд энэ анзаарагдах юм уу?

-Тэр ч тийм л дээ. Хүмүүс янз янзаар л ярих юм. Гэхдээ би үүнийг эсэргүүцдэг. Давааг анх сүмод ороход хэн ч мэддэггүй, хэн ч тоодоггүй байсан. Жижигхээн шар банди сүмод орсон шүү дээ. Ороод удаагүй байсан шиг санагдана. Нэг өдөр Даваа дэвжээн дээр хөлөө нидэрч унаад шалбалчихсан. Удалгүй шарханд нь бохир ороод баалж хавдаад бөөн юм болсон гэсэн. Тэр үед Давааг хэн ч авч хэлэлцээгүй. Багш нь хүртэл санаа тавьдаггүй. Би нэг өдөр эм аваад дэвжээнд нь очлоо. Гэтэл надтай нэг охин хаалган дээр зөрсөн. Би ч нэг их анзаарсангүй яваад орлоо. Гэтэл миний авч ирсэн эмтэй яг адилыг Даваа уугаад сууж байна. Хөлийг нь дэвхийтэл боочихож шүү. Одоогийн энэ эхнэр нь тэр үеэс л Хакүхог эргэж тойрч асарч байсан байгаа юм. Ингэж л тэд нууцаар үерхэж байсан юм билээ. Удалгүй Даваагийн бие хаа нь задраад сайхан бөх боллоо. Энэ үед хүмүүс Давааг тоож эхэлсэн. Нуулгүй хэлэхэд, Монголын гэлтгүй Японы загвар өмсөгч, миссүүд хүртэл Даваа руу гүйж байлаа. Бүр эргүүлээд л. Тэгэхэд Даваа сайхныг харж урваагүй тэр охинтойгоо гэрлэсэн. Үүний дараа л би Даваагийн үнэн сэтгэлийг үнэлж биширсэн. Би тэр үед чи япон хүүхэнтэй сууж болохгүй гээд эсэргүүцвэл болох л байв. Магадгүй би салгаж ч дөнгөх байсан биз. Гэвч Даваагийн сэтгэлийг бодоод яаж ч чадаагүй юм. Даваа үнэхээр зөв сонголт хийсэн. Тэр сайхныг харж бус, сэтгэлээрээ сонголт хийснийг нь би үнэлсэн. Сэтгэл аугаа шүү дээ. Анх Даваагийн удмыг үнэлж байсан бол одоо тэр хүний сэтгэлийг нь үнэлдэг болсон.

-Хүмүүс бас Хакүхог аваргын энтэй барилдаж чадахгүй байна гэж ярьж буй?

-Үнэнийг хэлэхэд Хакүхо одоо хүүхдээрээ байгаа. Дан томчуудтай барилдаж байна. Архагуудтай барилдаж байгаагаас унах тохиолдол гарна. Тэгэхдээ л түрүүлж буй. Энэ сайн барилдаж байгаагийн илрэл мөн биз дээ. Угтаа бол монголчууд, бид Хакүхог аварга болоогүй байхад нь аварга болгочихсон. Бяр чадал, ухаан нь гүйцээгүй байхад "чи бол аваргын хүү. Тиймээс аварга болох ёстой" хэмээн оюуныг нь угаасан хүмүүс нь бид. Бидний хүсэл шахал-таар тэр аварга болсон. Аварга цолоо хамгаалж байгаа. Тэгэхээр надад ярих юм алга.

-Та Амаг бас сүмод оруулж өгсөн. Түүний талаар юу хэлэх вэ?

-Амаг анх сүмод гологдоод байхад бас л би багштай ярьж байгаад оруулсан. Ама их хөдөлмөрч бөх. Надад анх "Би заавал хүчтэй, сайн бөх болно" гэж амлаж байв. Амласнаа биелүүлэх гэж их хөдөлмөрлөсөн. Хэнээс ч илүү бэлтгэл хийж хөдөлмөрлөдөг бөх бол Ама. Бие нь жижиг боловч сэтгэлийн тэнхээтэй, хэрдээ таарсан мэдрэмжтэй бөх. Одоо бага зэрэг таргалахад л арслан, аварга болох боломжтой гэж би боддог юм.

-Тантай хамт сүмо байсан Кёкүтэнзак өнгөрсөн сард зодог тайлсан. Удахгүй түүний зодог тайлах ёслол болно. Тэрбээр дэвжээндээ үлдэж багшлах болов уу. Та түүнтэй ойр байдгийн хувьд үүнийг мэдэх байх?

-Кёкүтэнзаны хувьд Германд сурдаг монгол бүсгүйтэй гэрлэж байгаа л даа. Эхнэр нь анх надаас ярилцлага авах гэж ирээд түүнтэй танилцаж байсан юм. Сайхан монгол бүсгүй бий. Ямар ч байсан Кёкүтэнзан маань зодог тайлсныхаа дараа нэг жил Германд очиж амарна гэж ярьж байна лээ. Харин цаашид хэрхэхийг нь мэдэхгүй. Өнөөдөр би Токио нисч нөхрийнхөө зодог тайлах ёслолд нь оролцох гэж байна. Монгол бөхчүүд наад зах нь 40 хүрээд зодог тайлдаг бол сүмочид 30 гараад тэтгэвэртээ гардаг. Энэ бол тэр ер-төнц ямар хатуу ширүүн байдгийн илрэл биз. Үүний дагуу Кёкүтэнзан 30 гараад зодгоо тайллаа. Бидний л адил биедээ хохирол авсан бөх. Хохирол гэж би юуг хэлэв гэхээр. Сүмоч бүр хэт, таргалсны улмаас зүрхний өвчин, мөргөлдөж байснаас тархины хүнд, хөнгөн гэмтэл авдаг. Нийт сүмочдын 90 хувь нь дээрх бэртэлтэй тэтгэвэрт гардаг нь жам. Ийм учраас түүнд амрах хэрэг зайлшгүй байгаа. Хүмүүс Кёкүтэнзаныг бага мэддэг байх. Үнэхээр агуу хүн дээ. Би түүн шиг сэтгэлийн тэнхээтэй хүн лав үзээгүй. Магадгүй хэрэв Кёкүтэнзан байгаагүй бол Монголын бөхчүүд сүмод ингэж ноёлоо ч үү, үгүй ч үү.

-Та ер нь бэлтгэл хийж байгаа юү. Барилдаж ноцолдоод сурсан хүмүүс бэлтгэл хийхгүй болохоор бие нь чилээд байдаг гэсэн?

-Эхний хэдэн сар амждаггүй байлаа. Харин саяхнаас өглөө оройдоо гүйдэг болсон. Гэтэл 16 жил барилдахдаа бэртэж үзээгүй хэрнээ саяхан гүйж яваад бэртчихдэг байна шүү.

-Яаж яваад бэртчихэв?

-Зодгоо тайлсны дараа огт бэртэж байгаагүй гэж хэвлэлээр их ярьснаас болж цагаан хэл ам хүрсэн үү, яасан. Зүв зүгээр гүйж яваад өвдөгний зөөлөн эдээ гэмтээчихсэн. Одоо доголоод л явж байна.

– Ард түмэн Кёкүшюзаныг сүмогийн дэвжээнд барилдаж байхыг нь олон харсан. Харин одоо үндэсний зодог шуудаг өмсөөд наадмын ногоон дэвжээнд гарч ирэхийг нь харах гэж догдолж, хүсч байгаа байх?

-Уг нь би өнгөрсөн наадмаар барилдахыг их хүссэн. Даанч болсонгүй.

-Яагаад?

-Муу барилдаад нэг хоёрын даваанд уначихвал өнөөх чинь иймхэн амьтан уу. ёстой муу барилдлаа гэнэ. Харин сайн барилдаад тав, зургаа давчихвал мөнгөөр найраа хийчихлээ гэж шуугиад юм чулуудаад эхэлнэ. Ийм байхад яаж барилдах юм бэ. Ард түмний сэтгэхүй ийм байгаа цагт явахгүй. Одооноос л хүүхдүүдийн сэтгэхүйг дээрхээс ангижруулах хэрэгтэй байгаа юм. Анх намайг Японд очоод хамаг мэхийг нь хийгээд хайртай бөхчүүдийг нь авч шидээд эхлэхэд японууд дургүйцээгүй. Харин ч дэмжсэн. Одоо ч манай хоёр аваргад тэд хайртай. Монголчуудын сэтгэхүйг ийм л болгох хэ-рэгтэй гэж боддог. Миний сурч байгаа чиглэл ч тийм. Би хүн судлалын чиглэлээр суралцаж байна. Ийм шалтгаанаас болоод наадмаар барилдаж чадалгүй хүслээ хорьсон юм. Гэхдээ бас хоосонгүй наадсаныг хүмүүс санаж буй биз. Намайг зодог тайлахад Бэлэгдэмбэрэл уяач хурдан удмын соёолон бэлэглэсэн. Зүгээр суухаар гээд түүнийгээ уралдуултал айрагдсан даа. Бэлгэнд олон сайхан хурдан буян авсан ч бас л хэл амнаас айгаад зөвхөн соёолонгоо сойсон юм.

-Та ер нь одоо хэдэн адуутай вэ?

-Надад хурдан буянаа бэлэглээгүй уяач бараг байхгүй шүү. Ямар ч байсан одоо 50-60 хурдан буянтай болсон. Ховдын Гантөмөр уяач араб адуу бэлэглэсэн гээд бод. Багаасаа хурдан моринд дуртай байсан болохоор ийм олон адуутай болоод баярласан гэж жигтэйхэн. Уг нь би хурдны морь унадаг байлаа. Даанч нэг жил унаад бие том гээд гологдсон болохоос.

-Та одоо сүмогийн холбоотой харилцаатай хэвээрээ юү?

Хэвээрээ. Дэвжээ болон бөхчүүдтэйгээ байнга утсаар ярьдаг. Сүүлийн үеийн сүмочид бизнес хийдэг болсон гээд байгаа. Саяхан болсон Орос-Монголын форумд хүртэл оролцлоо. Рохо,Хукорозан,Коккай нар утасдаад манай найзууд очно, чи тосч уулзаач гэсэн учир баахан бизнесменүүдтэй уулзлаа. Саяхан хүртэл Солонгосын Касугао яриад ийм бизнес байна гэсэн. Ямар ч байсан эмнэлэгт хөнгөлөлттэй үйлчлүүлдэг юм.

-Зодог тайлсан бөхчүүдэд менгө өгдөг гэсэн?

-Барилдаж байхад суутгаж байсан, шагналын, бооцооны менгийн тодорхой хувийг сүмогийн холбоо хадгалж байгаад өгдөг юм.

-Та зодог тайлахдаа хэдий хэрийн мөнгө авав?

-Овоо юм авсаан.
 
Үндэсний шуудан сонин: 2007.12.17

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж