Ц.Шинэбаяр: МАН-ын бүлэг байгуулагдвал би элсэхгүй

Хуучирсан мэдээ: 2010.11.15-нд нийтлэгдсэн

Ц.Шинэбаяр: МАН-ын бүлэг байгуулагдвал би элсэхгүй

УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяртай ярилцлаа.

-МАХН 26 дугаар их хурал саяхан болж өнгөрлөө. Хурлын үр дүнг та хувьдаа хэрхэн дүгнэж байгаа вэ?

-26 дугаар их хурал гэхээсээ илүү 25 дугаар их хурлыг хамгийн түрүүнд яримаар байна. МАХН-ын 25 дугаар их хурал бол намын түүхэн шинэчлэлийн хурал болсон шүү дээ. Тэр их түүхэн хурлын  дараа болж байгаа 26 дугаар их хурал бол маш хуриуцлагатай болох ёстой. Гэхдээ хариуцлагатай болж чадсангүй. Үнэхээр чамлалттай, хариуцлагагүй хурал боллоо гэдгийг зориуд хэлмээр байна. Учир нь 25 дугаар их хурлаас МАХН-ын шинэчлэлийн асар олон бодлогын шийдвэрүүдийг гаргасан. Гэтэл 26 дугаар их хурлаас гаргаж байгаа шийдвэрүүд бол үндсэндээ хэлбэр төдий байлаа. Намын нэр, бэлэг тэмдэг солих, үзэл баримтлал, дүрмэнд бага зэрэг өөрчлөлт оруулсан. Өөр онц шийд юу ч гаргаагүй. Энэ хоёрын хооронд асар том зөрүү байна. Түүнчлэн  25 дугаар их хурал хуралдаад гурван жил өнгөрсөн. Энэ гурван жилд улс төр, нийгмийн амьдрал их өөрчлөгдсөн. Гэтэл энэ өөрчлөлтөнд  сая болсон их хуралаар  хэрхэн дүгнэлт өгч байгаа нь ойлгомжгүй, хангалтгүй байлаа. Мөн 25 дугаар их хурлын шийдвэрийн биелэлтийн талаар өнгөрсөн хугацаанд 10 гаруй бага хурлын турш ерөөсөө ярьсангүй. Тус хурлын шийдвэрийг үндсэндээ хэрэгжүүлээгүй юм чинь ярихгүй байх нь ойлгомжтой. Түүнчлэн 25 дугаар их хурлаас хойш МАХН улс төрийн гурван том  сонгуульд оролцсон. Тус сонгуулийн дүнгийн талаар мөн адил бага хурлууд дээрээ яриагүй. Их хурал дээрээ дүгнээгүй. 2008 оны УИХ-ын сонгуульд манай нам олонхи  болж 45 суудал авсан. 45 суудал авсан нам дангаараа Засгийн газар байгуулах бүрэн боломжтой. Гэтэл сонгуулийн дараа цөөнхтэй хамтарч Засгийн газар байгуулна хэмээн гэнэтхэн намын дарга стандарт бус шийдвэр гаргасан. Нэг ёсондоо олонхи цөөнхи хоёр хамтарч Засгийн газар байгуулна гэсэн шийдвэрийг  намын бага хурлаас гаргасан бөгөөд тус  шийдвэрийг их хурал юу гэж үзэж байгааг ярилцсангүй шүү дээ. Тиймээс эдгээр олон зүйлээс шалтгаалаад МАХН 26 дугаар их хурлыг үнэхээр маш хангалтгүй хурал болсон хэмээн хувьдаа үзэж байгаа юм.

-Тэгэхээр 26 дугаар их хурлаар МАХН, МАН хэмээн нэртэй болъё гэхэд зургаахан хүн эсэргүүцэж байсны нэг нь та. Тэгэхээр МАХН-д парламентад суудалтай ганцхан гишүүн үлдэж, тэр нь таныг хэмээн ойлгож болох уу?

-Бараг тэгж ойлгож болох байх. Гэхдээ би өөрийнхөө дотоод мөн чанартаа захирагдаж байна л даа. МАХН хэмээх нэрээр сонгуульд оролцож сонгогчдын итгэл найдварыг авчихаад дараа нь газрын дунд ирчихээд  гэнэтхэн нэр усаа сольж байна. Мөн мөрийн хөтөлбөрийн биелэлт, хэрэгжилтийг ярихгүй хэлбэр төдий зүйлээр их хөөцөлдөж байгааг зөвшөөрөхгүй байна. Тиймээс парламентаас 26 дугаар их хурлын шийдвэрт үнэхээр сэтгэл дундуур байгаад байгаа юм.

-Залуу хүний хувьд нэлээд эрсдэлтэй алхам юм биш үү?

-Эрсдэлтэй ч байж болох юм.

-Тэгэхээр МАН нэрээ бүртгүүлээд хариу нь гарчихсан байна. Дээд шүүх бол мэдээж  ууган нам буюу анхдагч улс төрийн хүчин хэмээн бүртгэх байх. Намын зарим гишүүд бол МАН бол МАХН-ны үргэлжлэл хэмээн ярьж байна. Тэгэхээр та МАХН-ын гишүүн хэвээрээ байдаг.  Таныхаар МАН ууган нам юм уу отгон нам юм уу. Үүнийг юу гэж үзэж байна?

-МАН бол гурав дахь нэр.  МАХН-ын уугуул нэр биш шүү дээ. 1921-1924 онд МАН гэж байсан. 1991-2006 онд хүртэл Г.Баасангийн байгуулсан  МАН байсан шүү дээ. Улс төрийн намуудын тухай хууль гараад тухайн үеийн МАН татан буугдсан. Татан буугдсанаас хойш таван жил болоогүй учраас энэ нэрийг ашиглах боломжгүй. Оюуны өмчийн хуульд  энэ тухай байж байгаа. Ер нь бол ууган нам уу шинэ нам уу гэдгийн яг нарийн аваад үзэх юм бол МАХН-д МАН-ын нам хэмээх жигүүр 1999 онд байгуулагдсан юм билээ. Үндсэндээ жигүүрийнхээ нэрийг аваад МАХН-аас салж байгаа учраас шинэ нам гарч ирж байна гэсэн үг. Тэгэхээр энэ бол намаас тасарч, жигүүрийнхээ нэрийг авч байгаа шинэ нам.

-Энэ асуудлаас болж бүлгийн асуудал яригдаж байна. Нэг хэсэг нь МАН-ын зөвлөл байгуулагдана хэмээн ярьж байна. Нөгөө хэсэг нь МАХН-ын үргэлжлэл учраас бүлэг тарахгүй гэж ярьж байна?

-Би анхнаасаа л МАН-д элсэхгүй хэмээн мэдэгдэл хийсэн. Хэрэв МАН-ын бүлэг хэмээн байгуулагдвал нэгэнт мэдэгдэл хийсэн болохоор элсэхгүй. Учир нь би МАН-ын гишүүн биш. Тийм учраас МАХН-ын гишүүн гэдгээрээ л цаашид явна.
-МАН-ын бүлэг гэж ер нь байгуулагдах нь зүй ёсны хэрэг мөн үү. МАН-ын гээд байгаа гишүүд МАХН гэдэг нэрээр өнгөрөсөн сонгуульд оролцсон шүү дээ?
-Энэ бол хуулийн хүрээнд яригдах асуудал. Энэ асуудлаар миний зүгээс ч бас хэд хэдэн хуульчдад хандсан байгаа. Яг нарийн хариу аваагүй байна.

-Ерөөсөө л сонгуульд оролцсон нам л бүлэг байгуулах ёстой гэсэн л юм байгаад байгаа шүү дээ?

-Яг үнэндээ бүлэг байгуулах эрхзүйн орчин байхгүй юм билээ .Өмнөх 2004-2008 онд бас л ийм нөхцөл байдал үүссэн. Тэр үед эх орон ардчилсан эвсэл задарсан учраас бүлэг байхгүй. Зөвлөл байгуулагдсан. Тэгэхээр МАН-ын зөвлөл байгуулагдах байх.

-Тэгэхээр МАН-ын зөвлөл байгуулагдана гэсэн үг үү?

-Хуулиараа бол тийм. Арай ч хууль зөрчихгүй байлгүй дээ.

-Түүнчлэн Н.Энхбаяр дарга 26 дугаар их хурлын үеэр ч, хурлын өмнө ч гэсэн МАХН-ын шинэчлэлийг эсэргүүцэж байсан. Үүнээс үзэхэд Ц.Шинэбаярын ард Н.Энхбаяр байгаа юм бишүү гэсэн хардалт байна?

-Бид нар дандаа л тэрний ард тэр байх ёстой хэмээн  ялангуяа улс төрийн эргэн тойронд ярьж байна. Энэ яриа газар аваад байна. Тэгэхээр бие хүн гэдэг зүйл  байж болно биз дээ. Ардчилсан нийгэмд бие хүн байх ёстой шүү дээ. Тиймээс би өөрийн дуу хоолойгоо гаргасан. Нэг зүйл ярихаар нэг хүнийх нь болгочих юм. Энэ хоцрогдсон аргыг хаямаар байна.  Үнэхээр шилжилт, шинэчлэл болоод байгаа юм бол ийм балай  хүнийг мохоох гэсэн аргаа  орхих хэрэгтэй .

-Хэрэв МАХН-ыг Н.Энхбаяр дарга  байгуулах юм бол Ц.Шинэбаяр гишүүн тэр хүнтэй санал нийлээд явах болов уу?

-МАХН-ыг хэвээр нь авч үлдье гэсэн сэтгэлтэй маш олон хүн байгаа шүү дээ. Сүүлийн үед би дөрвөн оператор компанийн утсан дээр иргэд, болон МАХН-ын гишүүдээс  мэссежээр санал аваад үзсэн. Ихэнхи нь МАХН хэвээр нь байлгах санал ирүүлж байна. Ахмад гэхээсээ илүү ялангуяа залуучууд МАН-ыг эсэргүүцэж байна. Дээр нь монголын нэг сум МАХН хэвээрээ байна гэж хэлсэн. Тэгээд байхад дээрээ шийдвэр гаргаад олон жил тогтсон төлөвшил хүмүүжлийг  аажмаар өөрчлөх хэрэгтэй. Нэг өдөр алга урвуулж байгаа шиг дээрээс нь  өөрчилж болохгүй гэж бодож байна.

-Тантай санал нэг таныг дэмжиж байгаа гишүүд байгаа юу?

-Намайг дэмжиж байгаа манай  хүмүүс парламентаас  олон байгаа. Ардчилсан намд ч байгаа. Манай МАН-ын гишүүдээс ч байгаа.

-МАХН  хуралдана гэсэн сураг байгаа. Яг хэзээ хуралдах вэ?

-Зохион байгуулалтын  асуудлыг хийж байна. Яг өнөөдөр хүмүүсээ бүртгэж байна. Бүртгүүлж байгаа хүмүүс бий. Нэр дурдах хэрэггүй байх.

-МАН-ын удирдлагыг та хувьдаа хэрхэн дүгнэж байгаа вэ?

-Миний дүгнэх бол өөр асуудал. Би хувь хүн талаас нь ч дүгнэж магадгүй. Гаргаж байгаа шийдвэрийг ард түмэн хэр хүлээж авч байгаа нь чухал. Тэгэхдээ манай ард түмэн хэр зэрэг сэтгэл хангалуун байна. Тэр хэмжээгээр МАН-ын дарга дүгнэгдэнэ.

-Саяхан гарсан улстөрчдийн рейтингийн судалгаагаагаар таны нэр  нэлээд дээгүүр бичигдсэн байна билээ. МАХН-ын ууган улстөрчид гэх Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан гэх хүмүүсийн нэр нэлээд доогуур бичигдсэн. Үүнээс харахад ард түмэн  үнэн худлыг ялгаад байгаа шиг санагдаж байна?

-Намайг бол энэ шийдвэрийг сая гаргачихлаа гэж хүмүүс  ойлгоод  байна. Энэ шийдвэрийг  хоёр жилийн  өмнө гаргасан. Гэхдээ мэдэгдсэн нь саяны 26 дугаар их хурал. УИХ-д орж ирээд манай нам олонхи болсон. Тиймээс  тухайн үед би намын мөрийн хөтөлбөрийн хэрэгжүүлэхэд гар бие оролцоно хэмээн асар өндөр итгэл үнэмшилтэй байсан. Гэтэл орж ирэнгүүт урдаас  бид нар  дангаараа явах ёсгүй юм байна. Хамтаараа засгаа барья гэсэн. Энэ шийдвэрт би хувьдаа их сэтгэл дундуур байсан. Учир нь парламент ёсны үндсэн  жишгийг эвдсэн гэж үзсэн. Олонх нь олонхи  шиг байж чадахгүй. Цөөнх нь заавал Засгийн газарт орж байж л ажил хийдэг. Цөөнхи нь заавал олонхидоо  гох дэгээ, чөдөр тушаа болдог ийм зүйлийг хүлээн зөвшөөрөхийг хүсээгүй. Тэр үед л буруу тийшээ явж байгааг ойлгоод өөрийгөө хаашаа явах вэ гэдгийг дүгнэж цэгнэж үзэх ёстой гэсэн бодол бий болсон. Дараа нь Оюутолгойн гэрээ батлагдсан. Тус гэрээн дээр манай УИХ-ын  гишүүд удаа дараа шүүмжлэлтэй хандсан. Тэр шүүмжлэлийг хэн нь ч ойшоож хүлээж аваагүй. Гэтэл өнөөдөр Оюутолгойн гэрээ ямар байдалд хүрээд байна. Энэ бүхнээс харахад анх Засгийн газар байгуулагдаж байх үед миний бодож байсан зүйл зөв байж гэдэгт хатуу итгэсэн. Мэдээж намын нөхөд хамт олон маань алдаа дутагдлаа засах байх гэдэгт итгэлтэй байсан. Багагүй ч харсан.  Гэтэл дээр хэлсэнчлэн хэлбэр төдий шинэчлэлийг  эрхэм болгоод нэгдсэн гол ажлын үр дүнг ярилцахгүй мөн дээрээс нь  ард түмний хүлээлтийг үл ойшоосон учраас тэр явж байгаа зүг рүү бус. Өөр зүг рүү явах ёстой гэдгээ ойлгосон.

-МАХН-ын Ардчилсан намтай хамтарсан засгийн газар байгуулсан нь буруу юм байна. Тэгэхээр Ардчилсан нам засгаас гарах тухай ярьж байгаа шүү дээ?

-Ер нь парламентын сонгодог жишгээр бол олонхи нь олонхи шиг байгаад цөөнх нь хяналтаа тавиад явах ёстой. МАХН-ын олонхи бол, засгаа барь гэсэн ард түмний сонголт байсан шүү дээ. Гэтэл ард түмний сонголтийг  хэн нь ч ойшоогоогүй.

-Хэрэв Ардчилсан нам хамтарсан засгаас гараад,  МАН хүлээн зөвшөөрөгдөөд  Ц.Шинэбаяр гишүүн МАХН хэвээр үлдэхэд юу болж хувирах вэ. Өнөөгийн улс төрийг та ер нь хэрхэн харж байна?

-Ер нь улс төрийн нөхцөл байдал цаг үеэс хамаарах байх. Өнөөдөр бол их замбараагүй байна. Яваандаа цаашдаа яах вэ гэдэг нь доторхой болно гэдэгт найдаж байна.

-Оюутолгойн гэрээ батлагдах үед манай улс  урьдчилгаа мөнгө хэмээн 250 сая ам доллар  тухайн үед авч байсан. Гэтэл өнөөдөр тэр нь өр болчихсон  хүү бодогдоод явж байна .Ингэж ард түмнийгээ хуурах шаардлага байсан юм болов уу?

-Урьдчилгаа мөнгө авсан гэсэн нь хүүтэй зээл байсан. Харин дараа нь хүүг нь жаахан бууруулсан. Гэхдээ л ирээдүйгээсээ зээлсэн асуудал байсан. Мөн Оюутолгойн гэрээний монголын тал эзэмшиж байгаа хувийн талаар тэр үед  УИХ-ын тогтоол гаргасан. Тус тогтоолын дагуу ажлын хэсэг гарч ажиллаж байсан. Тус тогтоолыг дагаад янз хүүлийн  бүрийн заалтууд их гарсан. Харамсалтай нь хэрэгжилт маш багатай. Тухайн үед гарсан шийдвэрийг анхаараад  гэрээ байгуулахдаа хэрэгжүүлсэн бол өнөөдөр ийм байдалд хүрэх үү, үгүй юу.

-Хэрэгжилт байхгүй байна гэхээр хариуцлагын талаар ярих хэрэгтэй болж байх шиг байна. Энэ бүхний хариуцлагыг өнөөдөр хэн хүлээх вэ?

-Хамтарсан Засгийн газар хяналт тавьдаг зүйл алга байна. Ардчилсан намынхан Засгийн газарт хамтраад орсон учраас цөөнхи биш шүү дээ. Зүгээр УИХ-ын гишүүд шүүмжилдэг. Тэгэхдээ гишүүдийн шүүмжлэлийн аль  нь ч засгийн газарт нөлөөлөх хэмжээнд хүрэхгүй байна. Тиймээс энэ газар өөрсдийгөө алдаа дутагдалгүй хэмээн үзээд байгаа юм.  Алдаатай байна гэдгийг парламент ёсны жишгийн дагуу шаардаад байвал  харин алдаа нь засагдаад зөв голдирол руугаа явна. Тэгж алдааг нь зааж өгч байгаа зүйл өнөөдөр харамсалтай нь алга байна. Тийм  учраас  эд өөрсдийнхөөрөө л явна.

-Энэ бүхний эцэст манайх нэлээн өрөнд ороод байна шүү дээ?

-Яг хэдэн төгрөгний өрөнд ороод байгааг мэдэхгүй байна. Гэхдээ олон улсын жишигт таарсан гэрээ хэлэлцээрийг байгуулахад хэтэрхий түргэн хандсан. Энэ асуудлыг бүр даамжраагүй байгаа дээр  дахин  шалгах хэрэгтэй. Хэрэв үнэхээр нөхцөл байдал буруугаар эргэсэн байвал хариуцлагыг хатуу тавих хэрэгтэй.

-Тухайн үед тус гэрээг эсэргүүцэж байсан хүний үнэхээр буруугаар эргэсэн бол таны зүгээс ямар арга хэмжээ авах вэ?

-Би  дуугарна. Оюутолгойн орд газар бол одоо мэдэгдэж байгаа монголын хөрсөн доорхи хамгийн их баялаг шүү дээ. Энэ баялагийн маш хариуцлагагүй гэрээгээр шийдэж байгаа  нь  бол гэмт хэрэг.

Б.Даваа.

Зохиогчийн эрх:
“Монголын мэдээ” сонин.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж