
Улсын клиникийн төв эмнэлгийн дарга Л.Жамбалжав, өмнө нь тус эмнэлгийн даргаар ажиллаж байсан Н.Оюунцэцэг нарын эмнэлгийн даргын суудлын төлөөх маргааны улмаас тус эмнэлгийн ажилтнуудын дунд зөрчил үүсч түр хороо хүртэл байгуулаад буй. Таван жилийн өмнө тус эмнэлгийн даргаар томилогдсон Н.Оюунцэцэг зөрчил дутагдал гаргасны улмаас ажлаасаа халагдсан ч шүүхэд, хандаж гурван шатны шүүхээр ялалт байгуулаад эмнэлгийн даргын ажлаа авахаар ирсэн нь дээрх нөхцөл байдал үүсэх шалтгаан болжээ. Гэсэн ч эмнэлгийн ажилтнууд Н.Оюунцэцэгийг дахин эмнэлгийн даргаар томилохгүй байх мэдэгдлээ Эрүүл мэндийн сайд С.Ламбаад хоёр удаа хүргүүлсэн байна. Эрүүл мэндийн сайд С.Ламбаа мэдэгдлийн хариуд Түр хорооны гишүүдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Тэрбээр “Шүүхээс гарсан шийдвэрийн дагуу УКТЭ-ийн даргын албан тушаалд нь эргүүлэн томилсон Н.Оюунцэцэгийг дахин томилохгүй байх эмнэлгийн ажилтнуудын саналыг хүлээж авлаа. Холбогдох албадын дарга нар, хуулийн зөвлөхүүдтэйгээ ярилцаж өнөөдрийн дотор эцсийн шийдвэрийг гаргана. Дээрх маргааны улмаас эмнэлгийн үйл ажиллагаа нэг ч минут секундээр доголдох ёсгүй” гэдгийг хатуу анхааруулж хэллээ.
С.Отгон