
-Ардын намын Бага хурлын араас “Петровис” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурал гээд та нэлээд завгүй байгаа бололтой. Бага хурлын хувьд бүх асуудал ойлгомжтой. Харин “Петровис”-ийн ТУЗ-ийн хурлаар юу хэлэлцсэнийг мэдмээр байна. Компанийн дотоод асуудал байж болох ч үндэсний том компани гэдэг утгаараа сонирхолтой санагдаад байна?
-Гуравдугаар улирлын үйл ажиллагааны тайлангийн үзүүлэлтийг харж, хэлэлцэн үнэлэлт дүгнэлт өгсөн.
Мөн цаашдын зорилгоо ярилцаад ирэх жилийнхээ төлөвлөгөөг гаргаж байна. Манайхан улам л завгүй болоод байна.
-Компанийнхаа үйл ажиллагааг улам тэлэхийн хэрээр үү?
-Тийм ээ. Манай оронд олон бүтээн байгуулалт өрнөж байна. Тэр дунд хамгийн гол нь шатахууны нийлүүлэлт байна. Хаана, яаж ажиллах, хаана нэмэлт хөрөнгө оруулалт хийх, логистикийн асуудлыг яаж шийдэх, хүний нөөцийн асуудал гээд олон зүйлийг цаг алдалгүй ярьж, шийдэж байна.
-Танайх Монголд газрын тос боловсруулах зорилт тавиад ажиллаж байгаа. Үндэсний үйлдвэрлэгчийн бүтээгдэхүүнийг худалдаж авах цаг хэр ойрхон байна вэ?
-Манайх эрчим хүчний компани болох зорилго өмнөө тавьсан. Энэ зорилгын дагуу Монголын компаниудаас анх удаа “Петроматад” гэж охин компанийнхаа хувьцааг Лондонгийн хөрөнгийн бирж дээр 2008 онд гаргасан. Одоогоор Дорнод аймгийн Матад суманд газрын тосны хайгуул хийж байна. Энэ оны долдугаар сарын 12-нд анхны өрөмдлөгөөр нефть олж, одоо дөрөв дэх өрөмдлөгийн ажилдаа орох гэж байна. Эхний тавьсан гурван өрмөөр гурвуулангаас нь нефть гарсан болохоор их урамшсан. Тийм болохоор ажиллаад л байхаас өөр сонголт алга байна шүү дээ.
-Манайхан газрын тосны салбарт хятадууд “ноёлж” байгаа гэж ойлгодог. Тэгээд ч энэ салбарын хайгуул урт удаан хугацаанд үргэлжилж, үйлдвэр байгуулахын тулд тухайн орд нь жилдээ сая тонноос багагүй олборлолт хийх хүчин чадалтай байснаар үйлдвэр хэвийн ажиллах боломжтой гэсэн статистик дүгнэлт байдаг. Энэ утгаараа үндэсний хөрөнгө оруулагчдыг газрын тосны олборлолтын хаалгыг нээх болоогүй гэх яриа ч гарах нь бий. Цаг хугацааны алдангийг даах чадвар, хөрөнгө оруулалт гээд л олон хүчин зүйлээс нь хамаараад шүү дээ?
-Би нефтийн бизнест ороод зургаан жил болж байна. Энэ хооронд Кувейт, Казахстан гээд олон орноор явж туршлага судалсан. Харж байхад үнэндээ шууд хүссэнээр бүтдэг тийм амар ажил биш юм билээ. Ядаж л хөрөнгө оруулалтын хэмжээ нь маш өндөр өртгөөр яригддаг. Дээр нь өөрийн тань хэлснээр үйлдвэрлэл явуулах нөөцийн хэмжээ нь багадаа сая тонныг олборлодог байх хэрэгтэй. Гэхдээ жилдээ ийм хэмжээний газрын тос боловсруулдаг үйлдвэр бол жижигтээ ордог. Бололцооны хэмжээний үйлдвэр байгуулахын тулд гэхэд л жилдээ 4-5 сая тонн газрын тос боловсруулдаг байх хэрэгтэй. Манайд яригдаж байгаагаар Монгол Улсынхаа жилийн түлшний хэрэгцээнд тулгуурлан жилдээ сая тонныг боловсруулах зорилго тавин салбарын компаниуд ажиллах гэж судалж байгаа. Манай улс 2009 онд гэхэд нэг сая гаруй барелль газрын тос олборлосон. Энэ нь Кувейтийн нэг өдрийн газрын тосны олборлолтоос ч бага үзүүлэлт л дээ.
-Кувейтэд өдөрт хэр хэмжээний газрын тос олборлодог юм бэ?
-Дунджаар 2.3 сая баррель байсан. Тэгээд харьцуулаад үзэхэд манайд олборлолтын хэмжээг өсгөх хэрэгтэй.
-Газрын тосны салбарт Бүтээгдэхүүн хуваах гэрээг эхний ээлжинд 10 жилээр байгуулдаг. Энэ урт удаан хугацааны хөрөнгө оруулалтыг мэдээж зөвхөн Лондонгийн хөрөнгийн биржээс олно гэж байхгүй. Иймд хайгуулын үеийн хөрөнгө оруулалтын дараа ашгаа олж чадна гэсэн итгэл найдвараар энэ хугацааны алдангийг цайруулдаг уу. Яг ямар үндэслэлээр энэ салбарт эрсдэл үүрсэн сонголт хийсэн нь бизнесийн нууц биш биз дээ?
-Олборлолтын шат хүртэл нэлээд ажил явагдах нь тодорхой. Гол нь нөөцөө тогтоох хэрэгтэй. Тэр нөөцийн хэдэн хувийг олборлолтод гаргах боломжтой вэ гэдгийг бас тогтооно. Жишээ нь 100 сая баррелийн нөөц илэрлээ гэхэд одоогийн стандартаас харахад 20 саяыг нь л олборлох боломжтой. Миний хувьд манай талбай дээр олборлолт эхлэх хугацааг бас ч гэж 10 жилийн дараа гэж харахгүй байгаа. Тэрнээс ямар ч байсан наашаа л байх болов уу гэж найдаж байна.
-Тийм боломж харагдаж байна гэж үү?
-Дөнгөж гуравхан өрөм тавьчихаад байгаа болохоор яг тийм гэж хэлэхэд хэцүү л дээ. Гэхдээ ямар ч байсан л нефть байхын хувьд байгаа.
-Гол итгэл найдвар гэсэн асуултдаа дахиад тодорхой хариулт авмаар байна. Мэдээж зөвхөн мөнгө, зориг байлаа гээд шийдэх асуудал биш санагдаад байна?
-Манайх Монгол Улсын хамгийн том нефтийн бүтээгдэхүүн борлуулалтын сүлжээтэй компани. Нийтдээ 410 гаруй колонк, 20 гаруй нефть баазтай. Ийм компанийн хувьд логик нь их гоё таарч байгаа юм. Хэрэв бид нефть олборлоод, боловсруулаад эхэлбэл бидэнд нефтийн бүтээгдэхүүн борлуулах бэлэн сүлжээ нь байна. Тэр талаасаа нефтийнхээ салбарт тогтвортой тэргүүлэгч байх бидний зорилгод нийцэж байгаа. Зөвхөн бүтээгдэхүүн борлуулах бус түүхий эдээ олборлодог, боловсруулдаг бүрэн интеграцчилалд орсон компани нийгэмд илүү л их баялаг бүтээнэ шүү дээ. Их сайхан ирээдүйг харж байгаа.
-Хэрэв танай компанийн олборлох газрын тосны хэмжээ үйлдвэрлэл явуулах хэмжээнд хүрэхгүй бол Хятад руу экспортлох замыг сонгох уу. Хүмүүс “ПетроЧайна дачин Тамсаг Монгол”-ыг гэхэд л Хятад руу Монголын газрын тосыг зөөвөрлөж дуусгах нь гэж ихээхэн бухимддаг шүү дээ?
-Манай олборлолтын хэмжээ сайн байгаасай гэж найдаж байна. Одоо бол хэлэхэд хэцүү. Би “ПетроЧайна дачин Тамсаг Монгол” компани манайд газрын тос олборлоод, түүнийгээ Хятад руу гаргаад байна гэж шүүмжилдгийг ойлгож байна. Гэхдээ энэ асуудлыг одоо хоёр улсын Засгийн газар хооронд ид ярьж байгаа болохоор энэ удаагийн ярилцлагадаа хариу өгөх боломжгүй байна.
-Лондонгийн хөрөнгийн биржид “Петроматад”-ын хувьцааг гаргахад танай компани ямар болзол хангасан бэ. Гадагшаа хөрөнгийн зах зээлд гарах хүсэлтэй компани олон болсон учраас энэ талын хариултыг мэдэхийг хүсч байж болох юм?
-Компанийн менежмент, бүтэц зохион байгуулалт нь ямар байна. Эзэд нь ямар хүмүүс байна гэх мэтээр нэлээд судалгаа хийдэг юм билээ. Хөрөнгө оруулагчид мэдээж хангалттай итгэл даахуйц компанийн л хувьцааг худалдаж авна шүү дээ. Манай зүгээс байгуулагдсан цагаасаа хойшхи 10 гаруй жилийнхээ үйл ажиллагааг нээлттэй танилцуулсан. Түүгээрээ баталгаа гаргасан. Дээр нь санхүүгийн чадвар нь ямар байна, борлуулалтын хэмжээ хэр вэ ирээдүйн зорилт нь юу вэ гэсэн итгэлийг төрүүлэх нь чухал байсан шүү.
-Анх удаа олон улсын хөрөнгийн зах зээл рүү зам гаргасан гэдэг утгаараа цаашид зуучлалын үүрэг гүйцэтгэх сонирхол бий юү. Бизнесмэн хүний хувьд зөвлөх үйлчилгээ үзүүлэх нь бизнесийн бас нэг чиглэл байж болох тухай бодол өөр тань төрөөгүй биш л болов уу?
-Тийм л дээ.Монголд бизнесийн салбарт хүч үзэж байгаа найз нөхөд маань хүртэл Лондонгийн хөрөнгийн биржийн талаар ихээхэн сонирхож асуудаг. Би тэдэнд хэрэгтэй мэдээллийг нь өгөхийг хичээдэг. Яг зуучлалын үйлчилгээний тухайд бол сонирхолтой санаа байна. Үйлчилгээ гэхээсээ сонирхож байгаа хүндээ зөвлөгөө өгч туслаж болох юм. Сая Хонгконгийн хөрөнгийн биржид “Mongolian mining corp” нэрээр хувьцаа гаргасан “Энержи ресурс” компанитай бид туршлагаасаа хуваалцсан. Би аль болох үндэсний компаниасаа олныг олон улсын зах зээлд гараасай гэж хүсч байгаа. Олон улсын тавцанд нэр хүндтэй болж чадсанаар Монголын үндэсний компаниудын нэр хүнд өсч, манай эдийн засгийн хөгжилд давуу талыг бий болгоно.
-Өөрөө анх хэдэн онд компанийнхаа үйл ажиллагаанд тууштай оролцож эхэлсэн бэ?
-“НИК”-ийн тэргүүн дэд захирлаар 2005 онд орсон. Тэр үедээ манай компани Монголд анх удаа олон улсын банктай зээлийн гэрээ хийсэн хувийн компани болсон. Би энэ төсөл дээр бүтэн нэг ажил ажиллаж, бид 5.5 сая ам.долларын зээл авч чадсан. Энэ хэмжээ нь тэр үедээ маш их хэмжээний мөнгө байсан.
-Одоо бага тоо гэж үү?
-Үгүй ээ. Зүгээр л манай улсын зах зээлийн багтаамж, хүлээгдэж байгаа хөрөнгө оруулалтын орчин энэ тэртэй харьцуулж харахад шүү дээ. Одоо чинь тэдэн зуун сая ам.доллар гээд л яриад байгаа биз дээ. Гол нь түүнийг хийх гэж би бүтэн жил амралтгүй ажилласнаар манай компани Монголын хувийн компаниудаас бас л анх удаа олон улсын банкнаас зээл авч байсан нь юм. Тэр маань Лондонгийн хөрөнгийн бирж дээр очиход ч, гадаадын хөрөнгө оруулагчидтай уулзахад ч их дэм болдог.
-Тэгвэл ажлын тань гараа амжилттай болсон гэж хэлж болох нь ээ?
-Тийм. Амжилттай гэж хэлэхэд үнэндээ маш их ажил орсон. Түүнийг манай ажилтнууд маш сайн мэдэж байгаа. Манай хамт олон хамтдаа зүтгэсэний үр дүн шүү дээ.
-Анх энд тэргүүн дэд захирлын албан тушаал дээр ирэхэд тань хувь эзэмшигч, үүсгэн байгуулагчийн хүүхэд гэдэг статус нэлээд их нөлөөлсөн байх. Тийм үү. Эсвэл өөрийн тань эзэмшсэн мэдлэг боловсрол давамгайлсануу. “НИК”-ийн тэргүүн дэд захирал гэдэг том албан тушаал байх нь ойлгомжтой шүү дээ?
-Аль, аль нь л нөлөөлсөн байх. Би аав, ээжийнхээ ачаар гадаадад өндөр боловсрол эзэмшсэний минь тус их байсан. Ажилд орчихоод би хувь эзэмшигч гээд зүгээр суусан нэг ч өдөр надад байхгүй. Тэгэх эрх ч надад байхгүй гэж бодож байна.Энд чинь хүмүүс ажиллаж байгаа. Би ч тэдэнтэй зэрэгцээд л ажиллаж байж үйл ажиллагаа маань улам бүр сайжирч, тэлнэ.
-Гэхдээ эзэн гэдэг утгаараа чиглэл өгчихөөд суух нь илүү амар байдаггүй юм уу. Наад зах нь “Чи түүнийг хий. Та нар тэгж ажилла. Би одоо амарлаа” гэсэн тулгалтыг хийх эзэн олон л байдаг шүү дээ?
-Би танд нэг юм тайлбарлая. Дэлхийд хэрэгжиж байгаа менежментийн 34 арга барил байдаг юм. Нэг нь өөрийн чинь хэлж байгаа шиг удирдлага нь ажилчдадаа бүх юмыг зааж хэлж өгдөг арга байна. Хоёр дахь арга нь гол бодлогыг нь хэлж өгөөд бусдыг нь ажилчид яаж хийхээ өөрсдөө шийдэх арга байна. Гурав дахь арга нь удирдлагууд ажилчидтайгаа нэг түвшинд очиж багаар хамтдаа шийддэг арга байна. Дөрөв дэх арга нь маш их сонирхолтой сүүлийн үед шинээр гарч ирсэн “online” удирдлага буюу удирдлага нь компанийн өдөр тутмын ажилд оролцохгүйгээр зайнаас удирдахыг хэлж байгаа юм. Ийм жишээгээр Googlе, Intel гэх мэтийн орчин үеийн компаниуд тэгж ажиллаж байна. Удирдагч хүн ямар арга барил сонгож ажиллах нь тэр компанийн үйл ажиллагаа, компанийн өөрийнх нь дотоод соёл, хөгжлийн түвшин болон тэр компанийн ажилчид хоорондын итгэлцэл, хамтын ажиллагааны динамикаас хамаардаг. Манай компанийн хувьд олон жил хамт ажиллаж ирсэн, туршлагатай, мэргэжлийн хамт олонтой. Тийм болохоор би хамт олонтойгоо дээр дурдсан арга барилуудаас хоёр, гурав дахь арга барилаар нь ажилладаг гэж өөрийгөө дүгнэж бодож байна.
-Мэдээж өөрийн тань урагшлах замыг аав тань тавьсныг монголчуудын олонхи нь мэднэ. Иймд таны хувьд ч тэр “Намайг Содбилэг гэдэг. Би том компанийн хувь эзэмшигч” гэхээс илүүтэй аавынхаа залгамжлагч гэдэг утгаараа түүний нэр хүндийг улам бүр өргөж, илэрхийлж явахыг хүсдэг болов уу гэж бодож байна. Тиймээс аавынхаа талаар дурсан ярьж болох уу?
-Тийм ээ, аавынхаа тухай бодохоор яалт ч байхгүй асар их хариуцлагын тухай бодол толгойд орж ирдэг. Би сайн аав, ээжийн нэрийг улам бүр өргөж явах хэрэгтэй гэдгээ ойлгодог. Амьдралыг кино гэж үзвэл хүн амьдралдаа олон дүрд тоглодог юм байна л даа. Жишээ нь хүн ажил дээрээ дарга, гэртээ ээж, спортын секц дээрээ шинээр сурагч гэх мэт олон дүрд хувилдаг гэсэн үг. Энэ дүр болгон өөрийн гэсэн хариуцлагатай, шаардлагатай, дүрэмтэй. Миний хувьд би аав, ээж, дүүгийнхээ гэр бүлийн гишүүн. Компанидаа би захирал. Найз нөхдийнхөө дунд би энэ тэнцүү найз. Нийгэмдээ би Монгол Ардын Намын гишүүн. Өөрийн гэртээ бол гэргийнхээ халамжит нөхөр, хүүхдүүдийнхээ аав нь. Энэ дүр бүртээ би хариуцлагатай, шударга, тууштай, хүндэтгэлтэй хандахыг хичээдэг.
-“Петровис” компанийн гарааны түүхийн тухай зарим үед үүсгэн байгуулагчидтайгаа ярилцана биз?
-Өө, ярилцалгүй яах вэ. Тэд маань ч их ярьдаг. Тэр бүрт их гоё сэтгэгдэл төрнө өө. Манай Оюунгэрэл захирал, Давааням захирал хоёр маань аавтай нийлж анх энэ компанийг байгуулж байсан түүхээс ярьдаг. Бас манай Энхжаргал захирал байна. Тэд их гоё зүйл ярьдаг юм. Тухайн үед Оюунгэрэл захирлыг “НИК”-ээс халсан байсан болохоор одоо тэд маань тоглоод л “Гудамжинд лааз өшиглөж явсан үе” гэж тэр үеэ хэлдэг юм. Тэгээд “Хэдүүлээ чаддаг юмаа хийе” гэж ярилцаад хоёр бензин колонктойгоор бизнесийн гараагаа эхлүүлж байсан билээ. Тэгж эхэлсэн бизнес нь удахгүй томорч, 2004 онд “НИК”-ийн хувьчлалд амжилттай оролцсон. Одоо бол улс даяар сүлжээтэй, 2000 орчим ажилтантай болж чадсан. Ажилтнуудынхаа тоогоор бараг Улаанбаатар төмөр зам, Эрдэнэтийн дараа л орж байгаа. Монгол Улсын бүх суманд сүлжээтэй гээд бод л доо.
-Хаана ч очсон манайхан байгаа гээд л үү?
-Их гоё шүү дээ. Монгол Улсын аль ч суманд очсон манай хүмүүс тосч авахаар их сайхан байдаг. Би найз нартаа “Би улсынхаа хаана ч очоод мөнгөгүй боллоо гэхэд ядаж бензинээр тасрахгүй ээ” гэж тоглодог юм. Манай компани тийм гоё айл. Манай хүмүүс маш их хөдөлмөрч, бизнес сэтгэлгээ сайтай хүмүүс. Тэр утгаараа компани маань маш хурдан хугацаанд өсч чадсан.
-Анх нэг гараанаас, нэг зорилгын төлөө зүтгэж байсан хүмүүс бизнесийн салбарт өөр өөрийн “уул”-ыг босгохын тулд тусгаар тогтнолоо зарлах нь хэвийн үзэгдэл байдаг. Өөрийн тань хувьд “Петровис”-ийн үүсгэн байгуулагчдын энэ чамгүй хугацааны бат бөх нэгдлийг яаж хардаг вэ. Мэдээж туршлага хуримтлуулах талаасаа ч гэсэн өөрийн тань хувьд дүгнэлт хийх үе гардаг л байх?
-Бид бизнесийн шударга түншүүд. Ямар ч асуудал болсон нэг толгойгоор бус ямагт өөр хоорондоо тал,талаас нь ярилцаж байж шийддэг. Ийм ч учраас чамгүй хугацааны бат бөх нэгдлийг үүсгэж чадсан болов уу.
-Аавтайгаа хувийн бизнесийнх нь талаар ярилцаж байсан уу?
-Их ярилцаж байгаагүй юм байна шүү. Харин яаж боловсролтой, сайн хүн болохын чухлыг ярьдаг байсан. Аав минь “Хүнд хэзээ ч битгий муу юм хийгээрэй” гэж хэлдэг байсан. “Би хэзээ ч хүнд муу юм хийж байгаагүй шүү. Түүнийхээ хүчинд өдий түвшинд хүрсэн” гээд л ярина аа. Нэг их заагаад байхгүй. Өөрөө үлгэр жишээгээрээ л үзүүлдэг байсан. Дууриахгүй байхын аргагүйгээр юмыг их гоё, зөв хийдэг байжээ. Одоо бодоход миний аав маш энгийн “Жинхэнэ Монгол эр хүн” байсан. Ямар ч хүнтэй их энгийн, сайхан урам өгч харьцана. Аав минь тэр биедээ дэлхийг багтаан бодож, сэтгэж, ярьж, хийдэг эх оронч хүн байсныг нь одоо хүртэл найз нөхөд, хамтран ажиллаж байсан хүмүүс нь ярьдаг юм.
-Хэр зэрэг дууриаж байна гэж бодож байна?
-Уг нь байнга л боддог шүү. Би бас асуудлыг том зургаар харахыг хичээдэг. Түүхэндээ бид дэлхийн хэмжээнд сэтгэж чадаж байсан ард түмэн, өнөөдөр бидэнд дахин тэгж сэтгэх шаардлага гарч ирж байна. Монгол хүнд өнөөдөр шалтаг хэлж асуудлаас зугтах эрх байхгүй болоод байна. Бидний ирээдүй, хойч үеийнхэн маань биднийг хоорондоо эв нэгдэлтэй, асуудалд нухацтай хандахыг шаардаж байна. Бид ч үүнийг гүйцэтгэх ёстой. Өнөөдөр амжилтанд хүрсэн улс орон, байгууллага, хувь хүн бүгд глобал түвшинд бодож сэтгэж байна. Энэ нь орчин үеийн асуудлыг шийдэх арга барил юм уу даа.
-Аавыг минь олон жил удирдсан гэдэг утгаар “Эрдэнэт”-ийн үйл ажиллагааг сонирхох үе байдаг уу?
-Би “Эрдэнэт”-ийнхэнтэй холбоотой байдаг. “Эрдэнэт” үйлдвэр Монгол Улсын өнгөрсөн хугацаанд бий болгосон хамгийн том бүтээн байгуулалт. Тэнд аавын минь нөлөө, хийсэн ажлынх нь үр дүн өнөөдөр ч гэсэн тодоос тод байдаг. “Эрдэнэт”-ийнхэн маань ч одоо тэнд ажиллаж байгаа систем нь аавын маань бий болгосон тэр уламжлалаар хадгалагдаж үлдсэн гэж ярьдаг. Боловсон хүчний нөөц нь ч тэр аавын маань сургаж, ажилд авч байсан хүмүүсээр бүрдсэн байгааг харахаар их бахархалтай санагддаг.
-Хэрэг болгож очдог уу?
-Очно оо. Тэнд аавын маань нэрэмжит Техникийн их сургууль бий. Хичээлийн шинэ жилийнх нь нээлтээр манай гэр бүлээс заавал нэг хүн очдог. Энэ жилийн есдүгээр сард гэхэд л би очсон.
-Нэмэлт хөрөнгө оруулалт хийсэн үү?
-Төрийн өмчит сургууль болохоор бидний зүгээс хөрөнгө оруулалт хийх боломжгүй л дээ. Зүгээр аавын маань санаачилж байгуулсан сургууль учраас манай гэр бүлийнхэн онц сурсан оюутнуудад жил бүр аавын минь байгуулсан “Монгол-21” сангаас тэтгэлэг олгодог. Аав минь “Эрдэнэт” үйлдвэрийн анхны Монгол захирал болохдоо өөрийн гайхамшигтай алсын хараагаар ирээдүйн монгол инженер-техникийн боловсон хүчнийг бэлтгэх зорилгоор энэ сургуулийг дэмжиж, хөгжүүлдэг байсан юм. Одоо Монгол Улсад баяжуулагч уул уурхайн хүнд үйлдвэрлэлийн цахилгаанчныг ганц тэр сургуульд л бэлтгэдэг. Энэ жил гэхэд л “Оюутолгой” ХХК-иас зуун оюутан сургаж байгаа. Таны асуултад хариулахад аавын минь нэрэмжит сургууль болохоор надад энэ сургуульд нэмэлт хөрөнгө оруулах сонирхол байгаа.
-Та аавыгаа өнгөрөх үед хаана байсан юм бэ?
-Өвлийнхөө амралтаар ирчихээд сургуульдаа буцаж очоод нэг л хонож байсан. Сонсоод л шууд наашаа ирсэн. Маш хүнд өдрүүд байсан. Аавыг маань өнөөдөр хүмүүс “Эрдэнэт”-ийг удирдаж байсан гэдгээр нь мэддэг ч гэсэн би хувьдаа зөвхөн “Эрдэнэт” гэж боддоггүй. Яагаад гэхээр 1990-ээд онд IV цахилгаан станц яг унтрах гэж байхад Засгийн газар онцгой хурал зарлаж, ажлын хэсэг гаргахад манай аавыг “Эрдэнэт”-ээс авчирч удирдуулан асуудлыг шийдүүлж байсан. Монгол Улс бензинээр хомсдох үед аав маань удирдаж ажиллаад нефтиэр улсаа хангаж байсан байдаг. Дандаа улсын хамгийн чухал ажлыг удирддаг байсан хүн шүү дээ, манай аав. Улсын бүх үйлдвэр зогсолтод орж байхад бас л аав маань удирдаж 15 аж ахуйн нэгжийг шинээр байгуулж байсан. Энэ мэтээр аав маань бүх зүйл нурж байхад бүтээж байсан хүн. Зөвхөн “Эрдэнэт” биш л дээ. Одоо яах вэ дээ цаг хугацаа өнгөрөхийн хэрээр “Эрдэнэт” л гэж яриад байх шиг байгаа юм. Түүнээс бус маш ихийг, маш олон хүнд хэцүү асуудлыг шийдэж, их олон зүйлд хувь нэмрээ оруулсан хүн.
-Тэгэхээр өөрийг тань “Отгонбилэгийн Содбилэг” гэж дуудахаар бахархах сэтгэл аяндаа төрдөг үү?
-Зөвхөн нэр алдартай хүмүүсийн дунд ч биш жирийн олны дунд явахад ч намайг их гоё уур амьсгал хүрээлдэг. Хаана ч явсан, ямар ч санаандгүй газар явж байсан “Чи намайг танихгүй л дээ. Гэхдээ танай аав надад тэгж тусалж байсан. Бид тэгж хамтарч ажиллаж байсан” гээд л гар барихаар надад үнэхээр сайхан санагддаг.
-Тухайн үед өөрт тань “Аав хэзээ ирэх бол. Ямар их ажилтай юм бэ” гэсэн хүүхэд насны гомдол төрдөг байсан уу. Өөрөө түрүүн зөвхөн ажилдаа ч бус гэр бүлдээ ч гэсэн цаг гаргах хэрэгтэй гэж хэлсэн дээ?
-Манай аав цагаа маш зөв зохицуулдаг хүн байсан. Бид асар завгүй ажилладгийг нь мэддэг байсан. Тэгсэн ч аав минь гэр бүлдээ цаг гаргана. Маш их завгүй байхдаа хүртэл “Би одоо очлоо. Эмээлээ бэлдээрэй” гээд л утасдана. Тэгээд бид хөдөө гарч морь унаад давхина. Аав минь дандаа уулын орой болох хамгийн хийморлог өндөр газрыг шилж очоод хоёр гурван цагаар сууж юм бодно. Бид доор нь хөгжилдөж, тоглож, юм ярьж сууна. Гэр бүлээрээ сайхан дурсамжтай үе байсан.
-Та өөрөө ч гэр бүлдээ тэгж ханддаг уу?
-Би чинь хоёр жаахан хүүтэй шүү дээ. Бас эхнэр маань байна. Их гайхалтай эмэгтэй. Би завгүй ч гэсэн тэдэнтэйгээ цагийг хамтдаа өнгөрөөх дуртай. Болж өгвөл хагас, бүтэн сайнд дандаа л гэртээ байхыг хичээдэг. Нэг хоёр жилийн дараа аав шигээ тэднийгээ дагуулж явна гэж боддог.
-Ээж тань одоо юу хийж байгаа вэ. Аавын тань үйл хэргийг үргэлжлүүлж, УИХ-ын гишүүн болохыг нь та дэмжиж хүлээж авч байсан уу?
-Дэмжилгүй яах вэ.
-Тухайн үед өөрийг тань УИХ-д нэр дэвшинэ гэдэг яриа гарч байсан санагдаж байна?
-Миний нэр яригдаж байсан. Би сургууль соёлоо дуусгах хэрэгтэй гэж шийдсэн. Тэр үед 21-тэй л байсан. Аав минь намайг сургуульд оруулж, боловсролтой болох хэрэгтэй гэж ярьж байсан учраас би тэр дагуу нь шийдвэрээ гаргасан. Би АНУ-ын Жоржтауны Их Сургуулийг олон улсын эдийн засагч мэргэжлээр төгссөн. Мөн энэ жил дэлхийн топ гуравт ордог Францын Инсеад гэдэг сургуулийг бизнесийн удирдлагын магистр зэрэгтэйгээр төгслөө. 2001 онд ээж маань нөхөн сонгуульд нэр дэвшиж, Завханаас сонгогдож хоёр парламентад ажилласан. Бас Эрүүл мэндийн сайдын алба хашиж байсан. Тэр үедээ эрүүл мэндийн салбарын хуулийн тогтолцоог шинэчилж, салбартаа маш олон шинэчлэлийг хийж чадсан. Эмийн хуулийг гаргаж, салбарынхаа ажилтан, ажилчдын цалингийн нэмэгдлийг шийдсэн. Ээж минь герман хэлтэй, Германд доктор хамгаалсан болохоор одоо Герман улс дахь Монгол Улсын Элчин сайдын яамны элчин зөвлөхөөр ажиллаж байгаа.
-Анх гишүүн болох үед нь “Ажил хийж үзээгүй. Юу ч мэдэхгүй эмэгтэй” гэсэн шүүмжлэл гарч байсныг өөрөө анзаарсан л байх. Тийм үү?
-Алтны дэргэдэх гууль шарлана гэж монгол ардын зүйр цэцэн үг байдаг. Ээж минь зарчимч, шударга, мөнгөний хойноос хөөцөлддөггүй тусч хүн. Өнөөдөр маш олон хүнд улс орноо хөгжүүлэхэд нэг бол мэдлэг алга, мэдлэг байгаад нь сэтгэл алга, сэтгэл байгаад нь зэмсэг нь алга байна. Миний ээжид энэ гурав гурвуулаа байдаг.
-Би сайн мэдэхгүй л дээ. Ямар ч байсан их гоё эмэгтэй харагддаг?
-Манай ээж чинь их сайхан хүн шүү дээ. Эрүүл мэндийн салбарын хүн болоод ч тэр үү элдэв муу зуршил байхгүй. Биеэ их гоё авч явна. Надаа их л гоё харагддаг.
-Шанз сайхан тоглодог гээд л найз нөхөд нь магтаад байдаг юм билээ?
-Гоё тоглоно оо. Арван жилд байхдаа л сурч байсан гэсэн. Хааяа гэртээ тоглоно. Гэртээ тоглоход нь сүүлдээ нэг их анзаарахаа больчихсон байсан чинь Морин хуурын чуулгатай тоглохыг нь харахад үнэхээр сэтгэл хөдөлж билээ.
-Хэзээ тэр вэ?
-Миний хуримаар гавьяат жүжигчин Батчулуун ахын Морин хуурын чуулгатай тайзан дээр тоглосон юм.
-Хүүгийнх нь хувьд гоё клип хийлгээч. Морин хуурын чуулгатай нь тоглуулаад л. Хэзээ ч үзсэн үнэ цэнэтэй дурсамж болох юм биш үү?
-Наадхи чинь нээрээ гоё санаа байна шүү. Гоё хувцсыг нь өмсүүлж байгаад, Морин хуурын чуулгыг тоглуулаад л тусгай бичлэг хийлгэвэл нээрээ гоё юм байна аа. Хүүхэд нь болохоор багаас маань л хажууд тоглоод суудаг байсан болоод ч тэр үү, анзаарахаа больчихжээ.
-Нээрээ нэг хэсэг эхнэрийн тань талаар хэвлэлээр нэлээд шуугиантай мэдээлэл гарч байсан. Одоо юу хийж байгаа вэ?
-Миний эхнэр зогсоо зайгүй ажилладаг, хөдөлмөрч хүн байдаг юм. Одоо Унгарт бизнесийн удирдлагын чиглэлээр магистр хамгаалах гээд суралцаж байгаа. Энэ бол эдийн засгийн ухааны магистрын дараах хоёр дахь магистрын зэрэг нь болох юм. Гэр бүл болж, хүүхэд төрүүлээд завсарлах болов уу гэсэн ч хоёр хүүгээ төрүүлж өсгөх хоорондоо барилгын компани байгуулж эхний том төслөө дуусгаад байгаа. Түүнээс гадна Туул маань сэтгүүл хийж байна, кино бүтээж байгаа. Хүрч ирээд олон ажил хийнэ гэж ярьж байна лээ.
-“Петровис”-т ажиллаж байсан билүү?
-Энд дотоод хяналтын сүлжээг боловсронгуй болгох маш чухал төсөл дээр ажиллаж байсан. Манай хүн чинь надаас мундаг бизнес сэтгэлгээтэй хүн л дээ.
-Хуримын даашинзны салон байгуулсан гэж дуулсан?
-Найзтайгаа хамт “Хайрын хурим” гэдэг салоныг санаачилж эхлүүлсэн боловч энэ хоббиндоо сүүлийн үед цаг гаргаж чадахгүй байгаа байх аа.
-Сүүлийн жилүүдэд өөртэй тань адил өв залгамжлагчдын мэдээлэл ихээр гарах болсон байна. Нэг ёсны төгрөгийн тэрбумтнууд гэдэг ойлголт Монголд аль хэдийнэ хүчин төгөлдөр болчихлоо. Иймд таны хувьд тэдэнтэй хэр ойр дотно байдаг вэ. Мэдээж аав, ээж нарын тань нөхөрлөлөөс эхлээд та бүхнийг холбох, ойртуулах хүчин зүйлс олон л байдаг байх?
-Мэдээж үе, үеэрээ л аливаа зүйл урагшладаг учраас аав, ээжийнхээ бүтээсэн, босгосон бүхнийг амжилттай авч явахын төлөө ажиллаж байгаа найз нөхөр олон бий. Таны хэлж байгаа төгрөгийн тэрбумтан биш олон сайхан найз надад бий. Бид хоорондоо уулзаж ярилцаж, олон зүйлийн талаар санал солилцдог. Миний хувьд найз нөхдөө хөрөнгө мөнгөөр нь ангилж сонгодоггүй.
-Нууц биш бол юуны тухай ярилцаж байна?
-Нууцлах юу байх вэ дээ. Баярласан зовсноо хуваалцана. Бодож мөрөөдөж байгаа зүйлээ ярина. Нэгнийгээ дэмжинэ, буруу явж байгаагаа зэмлэнэ, урам хайрлана. Мэдээж бас явуулж тоглоно.Зарим найзууд маань гаднаас харахад хөнгөн хэнэггүй харагддаг боловч дотроо тэд маань боловсруулсан бодлоготой, нарийн мэдрэмжтэй залуучууд байдаг. Ярианы сэдвийн хувьд гэвэл олон зүйлийн талаар ярина шүү дээ. Монгол Улсын ирээдүй, бидний түүх, сүүлийн үеийн дэлхий дахины мэдээ гэх мэтчилэн халуун яриа өрнүүлэх дуртай.
-Энэ ярианаас үүдээд намын тухай яриаг эхлүүлмээр байна. Анх хэзээ намд элссэн бэ?
-Би МАХН-д 2007 онд элссэн. Залуучуудынхаа дунд хуучин гишүүдийн нэг нь болж байна.
-Намын гишүүдийн дунд ороод ажиллахад ямар сэтгэгдэл төрж байна. Зөвхөн манай аав энэ намын гишүүн байсан гэдэг уламжлалт сэтгэлгээ нэг их нөлөөлөөгүй байх гэж бодож байна?
-Гэхдээ тэр уламжлалт сэтгэлгээ надад бас их том ач холбогдолтой л доо. Яагаад гэхээр миний өвөө Монгол Ардын намын анхны намын хороог Завхан аймгийн Дөрвөлжин суманд байгуулж байсан. Өөрөө Хатанбаатар Магсаржавын бичээч цэрэг байсан хүн. Тэгээд ардын хувьсгалын дараа нутагтаа ирж, намын хороогоо байгуулж, даргаар нь ажилласан. Тэгэхээр уламжлал надад их чухал. Би чинь зүгээр нэг агаараас гараад ирсэн хүн биш шүү дээ. Тийм болохоор би уламжлалаа их хүндэлдэг. Өөрөө намдаа элсээд харж байхад 2007 оноос хойш манай нам маш их өөрчлөгдөж байна. Анх намын дэргэдэх Оюутны холбоонд нь ажиллаж, Нийслэлийн оюутны холбооны тэргүүн нь болсон. Одоо Нийгмийн Ардчилал Монголын залуучуудын холбооны Сургалт судалгаа хариуцсан дэд ерөнхийлөгчөөр нь сонгогдон ажиллаж байна. Мөн МАН-ын Бага хуралд сая болсон Их Хурлаас Завхан аймгийг төлөөлж хоёр дахь удаа сонгогдлоо. Сүүлийн гурав, дөрвөн жилийн хугацаанд хараад байхад манай нам асар их залуужиж, эрчтэй урагшилж байгаа нь маш тод анзаарагддаг. Түүнээс нь болоод ч тэр үү оюутан залуучууд гэхэд л “Танай намд элсэе. Ямар байдаг юм” гэж маш их ярьдаг болсон байна лээ. Манай намд юм хийж бүтээе гэсэн сэтгэлгээтэй залуучуудын тоо нэмэгдэж байгаа нь МАН-ын бодлого залуучуудад тааламжтай нөхцөл бий болгож байгаагийн тод жишээ юм.
-Өөрөө энгийн залуу гишүүн нь гээд чимээгүй явдаггүй нь тодорхой харагддаг. Наад зах нь бизнес эрхлэгчийнхээ хувьд ч намынхаа бодлогод өөрийнхөө бодол санааг тусгуулах зорилго тавихгүй байна гэж байхгүй л болов уу. Тэр утгаараа хэр нааштай үзүүлэлт гардаг вэ?
-Зөвхөн өөрийн бизнесийн эрх ашгийг хамгаалах шийдлийг намынхаа бодлогод тусгуулахын тулд би МАН-ын гишүүн болно гэвэл өрөөсгөл шүү дээ. Манай намд миний эрх ашгаас гадна Монгол Улсын нийгмийн бүх төлөөллийн эрх ашиг яригдаж, дүгнэгдэж, сонгогдож бодлогод тусгагдах зарчимтай.Энэ их том нам өөрийн гэсэн дүрэм, журам, соёлтой болохоороо олон жилийн хугацаанд хөгжиж өргөжиж тогтвортой байдлаа хадгалж ирсэн.
-Өөрийн тань хувьд намынхаа залуусыг дэмжих, туслах тохиолдол байдаг уу?
-Байлгүй яахав, чадах чинээгээрээ туслахыг боддог. Залуучуудын холбоон дотроо би сургалт хариуцаж ажиллаж байгаа. Ер нь би сурч боловсрохыг өндрөөр үнэлдэг. Саяхан манай холбоо Үндэсний сургагч багшийн хөтөлбөр зарлаж, эхний сургалтаа амжилттай хийлээ. Тэнд аймаг, дүүрэг болгоны төлөөллүүд ирж гурав хоногийн сургалтад суусан. Энэ чиглэлээр цаашид намынхаа шугамаар ч тэр, манай гэр бүлийн “Монгол-21” сангийн шугамаар олон лекц сургалт зохион байгуулах төлөвлөгөөтэй байна.
-Хичээл нь хэр санагдав?
-Манай холбооны Ерөнхийлөгч, Удирдах зөвлөлийн гурван гишүүн хичээл заасан. Залуучуудын маань юм сурах хүсэл эрмэлзлийг харахад бахархмаар байсан. Би сургалтанд анхнаас нь багт нь хуваагдаад л суусан болохоор маш сонирхолтой сургалт болсон.Анхдугаар академийн сургалтанд оролцсон залуучууд маань өөр өөрийн амьдардаг аймаг, сум дүүрэгт бусад залуустаа өөрийн санаачилгаар сургалт хийж байгаа гэсэн мэдээ аваад маш их баярлаж, энэ ажлыг үргэлжлүүлэх хүч, урам дүүрэн байна.
-Жирийн иргэд төдийгүй хэвлэлийнхэн ч тэр бизнес эрхлэгчид, тэр дундаа тэдний үр хүүхэд улс төрд орж байгааг нэлээд их шүүмжлэх болсон. Энэ нь та нарыг өнөөдөр залуу ч гэсэн эргээд өөрсдийнхөө хөрөнгийг хамгаалах, арвижуулах гол түлхүүрийг эхнээс нь тааруулж эхлэх арга замаа намаар дамжуулан эрэлхийлж байна гэсэн утгатай байгаа. Та энэ асуултад ямар хариулт өгөх вэ?
-Энэ асуулт их цогц асуулт байна. Иймд би ч гэсэн цогц байдлаар хариулъя. Намайг баян өв залгамжлагч, олигархи гэх мэтийн зөндөө олон нэрээр дуудах боллоо. Яахав би ингэж дуудуулахад эмзэглэдэггүй. Үүний учир нь миний хувьд манай нийгэмд иргэд улс төрийн талаар, нийгмийн талаар, бизнесийн талаар суурь мэдлэгтэй болох нь илүү анхаарах ёстой зүйл гэж боддог. Мэдлэггүй, мэдээлэлгүйгээр ямар нэгэн асуудалд хандвал тэр асуудал нь хувь хүн хоорондын асуудал болж хувирах аюултай. Жишээ нь компанийн хурал дээр нэг асуудлыг хоёр хүн мэдлэг, мэдээлэл, батлах баримт, судалгаагүйгээр оруулж ирээд хоосон мэдрэмжээр асуудалд хандвал тэр асуудал нь хувь хүн хоорондын асуудал болж хувирах аюултай. Хувь хүн хоорондын асуудал бүрийг шийдэх ёстой болоод, шийдээд яваад байх юм бол ерөнхий зорилгоо алдаж оновчтой шийдвэрт хэзээ ч хүрч чадахгүйд хүрнэ. Иймд бид ямар нэгэн асуудлуудыг холбож ярихдаа хөнгөн биш нухацтай, мэдрэмжээр биш мэдээлэл дээр тулгуурлаж хандвал асуудлын үндэс нь ойлгомжтой, шийдэхэд дөхөмтэй байдаг юм уу даа. Миний дараах бодол бол шийдвэр гаргах процесстой холбоотой. Шийдвэр гаргаж буй хувь хүн шийдвэр хийхдээ өөрийн туршлага, мэдлэг, мэдээлэл, мэдрэмж болон өөрийн дутагдлууд дээрээ суурилан шийдвэр гаргадаг болохоор гаргасан шийдвэр нь 100 хувь зөв байж чаддагүй. Нэг хүнд зөв гэж бодогддог шийдвэр нөгөө хүнд зөв гэж санагдаггүй байдаг. Энэ нь шийдвэрийн харьцангуй шинж чанар. Тэр бүү хэл хүн ганцаараа нэг шийдвэр гаргачихаад бусад хүмүүстэй хамт адилхан асуудлыг шийдэхдээ огт өөр шийдвэр гаргадаг үе байдаг. Тэгэхээр хүн өөрөө төгс биш болохоор гаргаж буй шийдвэрүүд төгс биш гэдэг нь ойлгомжтой. Шийдвэр гаргахад аль болох төгс шийдвэр рүү хүрэх замыг л олж харах хэрэгтэй санагддаг. Нэг нөхцөл нь шийдвэр гаргах явцад аль болох олон төрлийн төлөөлөл байх нь чухал. Өнөөдөр ихэнх хүмүүс маань улс төрд бизнесийнхэн, тамирчид, дуучид, жүжигчид орлоо гэж дургүйцэх боллоо. Үүнд аюултай зүйл байхгүй гэж бодож байна.
-Уучлаарай. Гол нь тэр аюултай гэдэг дүгнэлтийг Ардын намын улс төрийн бат бэх сууриар дамжуулж, бизнесээ зузаатгах, эрх мэдлээ тунхаглах, ирээдүйд өөрсдийн монополь орон зайг давуу эрхээрээ хөрсжүүлэх зорилготой гэдэг гаргалгаагаар хийж байгаа нь нууц биш. Иймд та хамгийн анхдагч хүчин зүйл болох намд элссэнээр өөрт тань бизнесээ зузаатгах боломж улам бүр нээлттэй болно гэдгийг хүлээн зөвшөөрөх үү?
-Хувь хүнээс шалтгаалах болов уу гэж бодож байна. Бизнесээ шударга бусаар зузаатгах боломж бүх талбарт байгаа. Гэхдээ хүн тэр боломжийг ашиглах уу, үгүй юу гэдэг нь хувь хүний хүмүүжил, сахилга бат, ёс зүйн төлөвшлөөс хамаарах зүйл. Би энэ намд бизнесээ зузаатгая гэж элсээгүй. Ер нь хувь хүний хувьд би хүний хөлс, хөдөлмөр шингэсэн зүйлийг завшихыг тэсч чадаггүй хүн. Ийм үед миний хамгийн хүндэлдэг хүний хэлсэн “Монгол эр хүн гэж эх орондоо хайртай хүнийг хэлдэг юм” гэж хэлсэн үг санаанд ордог юм. Би ийм хүндтэй “Монгол эр хүн” гэсэн ойлголтонд хүрч амьдрахыг хичээдэг.
-Тэгвэл улс төрд бизнес эрхлэгчид зайлшгүй хэрэгтэй гэдэг өөрийнхөө бодлыг та ямар үндэслэлээр тайлбарлах вэ?
-Хэрэгтэй гэдгийг хамгийн түрүүнд хэлнэ. Яагаад хэрэгтэй гэхээр өнөөгийн зах зээлийн нийгэмд хэн хамгийн зөв зүйтэй зүйлийг санаачилж байна гээд харахаар хувийн бизнес эрхлэгчид л байдаг. Тэд төрөөс юм гуйхгүйгээр “Үүнийг хийгээд үзье. Энэ салбарт ажиллавал зүгээр юм байна” гэж өөрсдийн мөнгийг эрсдэл рүү хийж, нийгэмд илүү баялаг бүтээхийн төлөө ажилладаг.Энэ бизнес эрхлэгчид дотор “Петровис” шиг компаниуд, гэрийнхээ нэг өрөөг гуанз болгон ажиллуулж байгаа, зах дээр наймаа хийж байгаа, ноос ноолуураа зарж байгаа эрэгтэй, эмэгтэй, шинээр гэр бүл болсон, ганц бие өрх толгойлсон, саяхан сургуулиа төгссөн гээд бүх төрлийн бизнес эрхэлж байгаа бүх л хүн хамрагдаж байна. Өнөөдөр бизнесийн салбарынхан Монголын эдийн засгийн хөдөлгүүрийг ажиллуулж байгаа гол хүч. Иймээс миний дээр дурдсан шийдвэр гаргах процесст бизнес эрхлэгчдийн төлөөлөл оролцох нь маш чухал юм. Бидний төлөөлөл их байх тусам бидний дуу хоолой улам чанга сонсогдоно гэдэгт итгэж явдаг.
-За тэгвэл бизнесийн салбартай тань холбоотой нэг асуулт байна аа. Нефть импортлогчийн хувьд энэ төрлийн үйлчилгээ эрхэлдэг компаниудыг хамтад нь үгсэн хуйвалдагчид гэсэн нэг категорит оруулчихсан нь нууц биш. Иргэд ч, төрийн байгууллагынхан ч ингэж л дүгнэдэг. Энэ тохиолдолд өөрийг тань гэхэд л намаараа дамжуулан нефть, нефтийн бүтээгдэхүүний үнийн өсөлтийг тогтоон барих замаар, ашгаа үржлүүлэхийн төлөө ажиллаж байгаа, намын удирдлагын шийдвэрийг энэ өнцөг рүү эргүүлэх хүсэлтэй гээд л бичих, ярих хүн захаас аван гарах болов уу. Нэгэнт ярилцаж байгаа учраас асуух ёстой бүх асуултыг л асуучихъя?
-Тэгж ярьж, хүмүүсээс дэмжлэг авч, олны дунд баатар болох гэсэн хүмүүс байхгүй биш байгаа. Зүгээр бидний дунд ороод үзэх юм бол зовлонг нь ойлгохыг хүссэн нэг нь ойлгох л байх. Ойлгохгүй гэвэл ойлгохгүй л дээ. Өнөөдөр “Петровис”-ийг салбартаа монополь гээд л шүүмжилдэг. Бидэнд тэгж монопольдоод байгаа юм огтхон ч байхгүй. Үнэ хөөрөгддөг гэдэг. Юу гэж би нэг компани руу утасдаад л “Танайх үнээ төдөд бариарай” гэж хэлээд сууж байх юм бэ. Тэгээд ч өөр өөрийн зорилготой хүмүүс чинь юу гэж нэгнийхээ үгээр хөдлөх юм бэ. Үгсэн хуйвалдах нь угаасаа хууль бус зүйл шүү дээ.
-Хууль бус зүйлийг хууль ёсны болгож харагдуулахын тулд нам хэрэгтэй байдаг гээд л. Энэ талаарх дүгнэлтүүд хөвөрнө дөө?
-Юу гэж дээ. Манай компани гэхэд нефть импортлогч бусад компаниасаа хамгийн өндөр өртөгтэй ажилладаг. Өнөөдөр манай компанид 2000 хүн ажиллаж байна. Тэдний цаана ар гэр нь бий.Тэгтэл манайх Монгол Улсын өнцөг булан бүрт шатахуун нийлүүлдэг.Зарим манай колонкиуд ашиггүй ажилладаг. Зарим нь алдагдалтай ажиллах ч үе байдаг. Ерөнхий үйл ажиллагаа нь ашигтай байсан болохоор бид ашиггүй ажилладаг шатахуун түгээх станцуудаа хаалгүйгээр олон жил ажиллуулаад ирсэн. Хэрэв бид энэ колонкуудаа хаавал тэр суманд байгаа олон хүний амьдралд шууд нөлөөлнө. Тиймээс би манай компани нийгмийн өмнө хариуцлагатай ханддаг гэж боддог. Цаашид ч энэ бидний зорилго байна.
-“Петровис”-ийн хувь эзэмшигч хийгээд захирлынхаа хувьд шатахууны хязгааргүй эрхтэй байдаггүй юм уу. Зарим бизнес эрхлэгчдэд өөрсдөдөө тийм давуу эрх олгосон байдаг шүү дээ?
-Үгүй ээ, бид нар өөрсдөө л худалдаж авдаг. Ер нь аливаа зүйл тодорхой, цэгцтэй байх ёстой. Тэгснээрээ манай ажилтнуудад ч гэсэн амар.
-Ерөнхийдөө бол миний бизнес шударга явж байгаа гэж хэлэх шиг боллоо. Харин улс төрд шударга явах гарц байна уу?
-Энэ асуултанд би өөрийнхөө суурь бодлыг хангалттай ойлгуулсан гэж бодож байна.
-Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө гэдэг төрийн байгууллага танай салбарт үгсэн хуйвалдсан гэдгээс өөр дүгнэлт хийдэггүй шүү дээ. Иргэд ч тэр, хэвлэл, мэдээллийн байгууллага ч тэр энэ л дүгнэлтийг гол болгодог?
-Тэгж дүгнэдэг нь үнэн. Тэр нь ч олон нийтэд таалагддаг. Яагаад гэхээр тэд гоё юм яриад байгаа сонсогддог байхгүй юу. Эд нар нээрээ намайг шулаад байгаа байхгүй юу гээд л. Хэрэглэгчид маань мэдээллийн олон төрлийн сувгаар ирж байгаа мэдээллийг зөв тунгаан бодож нөхцөл байдлыг зөвөөр ойлгодог болоосой.
-Энэ тохиолдолд намын сүрийг ашиглаж үзэх хүсэл байдаг уу?
-Өө, тийм юм бол байхгүй ээ. Тэгж ч үзээгүй. Бид тэр асуудалд ажлын журмаар л ханддаг. Түүнээс бус Монгол Ардын намд тэгж хэлээд асуудал шийднэ гэж байхгүй шүү дээ. Тийм утгагүй юмыг шийдэж өгнө гээд суудаг хүн ч байхгүй. Манайхан л тэгж харддаг болохоос бус. Харин үндэсний үйлдвэрлэгч, баялаг бүтээж байгаа энэ компаниудыгаа төрөөс дэмжих ёстой гэдгийг бол ярьдаг. Өнөөдөр Өмнөд Солонгосын нэг сайд ирээд “Таны зорилго юу вэ” гэж асуухад “Солонгосынхоо бизнесийг дэмжих” гэж хэлж байна гэсэн. Тэд манайхан шиг тийм бодлого зохиож байна гэж ярьдаггүй л байгаа байхгүй юу. Тийм хөгжилтэй орны сайд нэгхэн өгүүлбэрээр бодлогоо тодорхойлсон байгаа нь гоё. Манайхан тийм л байх ёстой. Тэгвэл аль болох бизнес хөгжиж, хүн болгон ажилтай болж чадна.
-Өөрт чинь энэ бүх дүгнэлтүүд ядаргаатай, төвөгтэй санагддаг уу?
-Ядаргаатай санагдана. Би чинь бас хүн шүү дээ. Би бүр шууд “Чи ингэж олон юм яриад байхынхаа оронд өөрөө ажиллаад үзээч. Манайх яг 2000 хүнд цалинг нь цагт нь төлдөг. Татвараа төлдөг. Чи тэгж байгаа юм уу” гэж хэлдэг. Тэгэхэд “Аа, том компани” гээд л ярина. Тэгэхээр нь “Манайх том компани байж болно оо. Санхүүгийн хувьд хөл дээрээ зогссон байж болно. Тэгэхдээ чи манайхныг өөрийнхөө компанид ажиллуулаад, цалинг нь төлөөд, татвараа төлөөд явж чадах уу” гэхэд хариулж чаддаггүй юм. Юмыг өөр өнцгөөс бас харж сурах хэрэгтэй шүү дээ.
-Хэрэглэгчдээс үндэсний үйлдвэрлэгчээ дэмжих сонирхлыг нь хэр олж харж байна. Хятадууд гэхэд л “Зөвхөн хятад” гэдэг итгэл үнэмшлээрээ өөрсдийнхөө хөгжлийн бодлогыг тодорхойлдог. Иргэд нь ч тэр итгэл үнэмшлээрээ худалдан авалтын сонголт хийдэг. Харин манай үндэсний үйлдвэрлэгчид болохоор “Зөвхөн Монгол” гэдэг сонголттой байгаасай гэж хүсдэг ч болохгүй байна гээд л гомдоллоод байх юм билээ?
-Хэлэхэд бас хэцүү л дээ. Иргэд “Зөвхөн Монгол” гэж сонгох ч албатай биш. Гол нь Хятадад ч, Өмнөд Солонгост ч иргэдэд нь, төрд нь тийм үнэт зүйл төлөвшсөн байдаг. Гэтэл манайд төр нь ч дэмжихгүй байна. Болж л өгвөл нэг акт тавьж, торгоод л бөөн зовлон удна. Ерөөсөө тодорхой бодлого барьдаггүй. Тэгвэл ингэж торгоно, ингэвэл ингээд торгоод өгнө гэсэн зүйл л ярьдаг. Уг нь болохгүй гэх бус харин “Ингэчих. Тэгчих. Тэгвэл ийм боломжтой” гэдэг санал ярих ёстой байхгүй юу.
-Харин ч Засгийн газрын бодлогыг харахад “Үндэсний үйлдвэрлэгчээ дэмжинэ ээ” гэх болсон юм биш үү. Чухам бодит хэрэгжилт нь хэр байдгийг нь л мэдэхгүй юм. Зөвхөн цаасан дээр бичсэн тунхаг байна уу. Эсвэл жаахан ч гэсэн бодит үзүүлэлт гаргаж болохоор байгаа юу?
-Одооноос харин жаахан бодитой үр дүнд хүрэх нааштай үзүүлэлт харагдаад л байна. Стратегийн ордын бүтээн байгуулалтад хүртэл үндэсний компани оруулна, ашиг сонирхлыг нь хамгаална гэж байгаа чинь их том өөрчлөлт л дөө. Алхам алхмаар сайжирч л байна.
-Ерөнхий сайд, Ардын намын дарга С.Батболдын намынхаа Их хурал дээр тавьсан илтгэлд “Ирээдүйн 20 жилийн зорилго” гэдэгт хариулт өгсөн санаанууд нэлээд орсон байсан. Тэндээс өөрийн тань хувьд тэр зорилт руу хүрэх гарцын талаар бодож үзсэн үү?
-Тэнд товчхон хэрнээ, тодорхой хөгжлийг “Хүндээ хүргэнэ” гэсэн зорилгыг тодорхойлсон. Энэ бол их олон агуулгыг шингээсэн их чухал бодлого гэж би ойлгож байгаа.
-Гол нь МАХН гэдэг нам МАН болж шинэчлэгдлээ гээд үйл ажиллагаандаа бодит шинэчлэл хийж чадах уу. Энэ хүлээлтийн хариулт нь их эргэлзээтэй ойлгогдож байгаа?
-Чадна гэж итгэж байна. Ууган нэрээ сэргээж авсан нь бол зүгээр бэлгэдлийн асуудал. Хамгийн гол зүйл нь юу хийх вэ гэдэг нь л чухал. Цаашдаа юу хийх вэ гэдгээ төлөвлөнө гэдэг хамгийн чухал нь. Залуусыг намын ажилд түлхүү оруулж ирсэн нь бас их ирээдүйтэй алхам болсон. Хүмүүс нэрэнд нэг их ач холбогдол өгөөд бөөн асуудал болгоод байсан. Нэр бол нэр шүү дээ. Одоо цаашаагаа яах вэ гэдэг нь л хамгийн ээдрээтэй асуудал. Мэдээж нэрээ солиод хүмүүс маань сайхан эрч хүчтэй, эмоцитой болсон. Тэр эрч хүчийг энэ хэвээр нь урам зоригтой хадгалж явах нь чухал.
-Танай холбоо ч бас нэрээ сольсон. Нийгмийн ардчилсан Монголын залуучуудын холбоо гэдэг нэрний эхний хоёр үг ерөнхийдөө намын үзэл баримтлалд хийсэн тодотголын гол холбоц нь болж өгсөн. Энэ утгаараа та бүхэн намдаа өөрсдийнхөө үүргийг хэрхэн тодорхойлж байгаа вэ?
-Бид залуу хүнийхээ хувьд улсынхаа хөгжлийн том гараан дээр өөрсдийн хувь нэмрээ хэрхэн оруулахаа бодох хэрэгтэй. Нийгмийн ардчиллын төлөө бид ажиллана. Энэ бол бидний эн тэргүүний зорилго байгаа.
-Ерөнхийдөө намын удирдлагуудын зүгээс залуучуудаараа шинэчлэлийн туг бариулах шиг болсон. Тэдний зүгээс залуу эрч хүчээр дамжуулж, шинэчлэлийн бодлогыг сурталчлах хэрэгтэй гэдэг үүргийг та нарт өгсөн үү. Аль эсвэл өөрсдийн зүгээс сурталчлах ёстой гэдэг гаргалгааг хийж ажилласан уу?
-Манай ахмад үеийнхэн биднийг маш их харж, хүлээж байна. Залуус арай өөр шинэчлэлийг хийж чадах юм байна. Сурч мэдсэн зүйлээ яаж гаргах нь вэ гэдгийг хүлээж байна. Нөгөө талдаа бид бас нас биенд хүрсэн хүмүүс байна, нийгэмд хүчээ гаргаж, бусдад үлгэр дууриал болж, шинэчлэлд идэвхтэй оролцоё гэсэн зорилготой байна. Энэ хоёр сонирхол нэгдэж байна. Түүнээс бус биднийг фон болгох гэсэн зорилго байгаагүй. Бид чинь өөрсдийн ажилтай, боловсролтой, хүрсэн амжилттай хүмүүс. Манай намын бүх үеийнхэн хамтдаа л байж урагшаа явна. Манай намын ахмад үеийнхнээс суралцах зүйл олон бий. Хэлж ярьж байгаа зүйл нь гэхэд л богинохон хэрнээ яг л голыг нь олоод хэлчихдэг. Бид тэрнээс нь суралцаж цааш хөгжүүлэн дараагийн үедээ баялаг болгон үлдээх ёстой.
-Магадгүй та нарыг тэдний насан дээр ирэхэд тэгж үнэлэх залуус гарч ирэх байлгүй дээ?
– Үр дүнтэй, нийгэмд бүтээсэн зүйлтэй бол тэгнэ биз ээ.
-Анх энэ намд ороход аавын тань найз нөхдийн дэмжлэг байсан уу. Ерөнхийлөгч асан Н.Багабанди, Ерөнхий сайд асан С.Баяр гээд л аавын тань найз нарын дэмжлэг хэр мэдрэгддэг вэ. Мэдээж НАМЗХ-ны ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнэ гээд намын анхан шатнаас нь алхсан залуустай харьцуулахад арай л илүү боломж бололцоо таны өмнө нээлттэй байдаг байж болох юм?
-Би тэд нартай намд элсэх талаар ярьж байгаагүй. Ер нь бол ойлгож л байсан байх. “Содоо элсч байна даа” л гэж бодсон болов уу. Түүнээс бус “Чи элс. Бид дэмжинэ” гэсэн ийм хариуцлагагүй яриа тэдний амнаас гарахгүй. Манай холбооны Л.Оюун-Эрдэнэ ерөнхийлөгч бид хоёр намын ажилд анхан шатнаас нь орж ажилласан. Энэ том намыг хүндэтгэдэг хүний хувьд боломж нь зөндөө байсан боловч, би сайн дураараа анхан шатнаас нь явах нь зүйтэй гэж бодож ажилласан.Сонин хэвлэлүүдээр бичээд байгаа шиг гэв гэнэт шууд хаанаас ч юм намын Бага хуралд гишүүн болж би ороогүй.
-Ногоон гэрлээр шат өгссөн намтар байхгүй гэсэн үг үү. Улс төрд бол?
-Би өөрөө тийм юманд дургүй ээ. Хүн чинь намд итгэл үнэмшлээрээ орсон бол анхан шатанд нь ажиллаж, нам гэж ийм юм байдаг юм байна гэсэн ойлголттой болох хэрэгтэй шүү дээ. Надад тэгж дадлагажих нь өөрт маань хэрэгтэй байсан. Тэгэхгүй, юу ч мэдэхгүй байж баахан юм ярих нь миний арга барил биш. Юм тодорхой байхдаа гол нь. Би тэгж л боддог. Амар хялбар замаар явж ирээд үүрэг хариуцлага хүлээж чадахгүй байвал намынхаа нөхдийн итгэл, зүтгэл, нэр төрд нь сөрөг нөлөөтэй. Ийм хүмүүстэйгээ манай нам хариуцлага тооцох механизмтай, зоригтой байх ёстой.
-Ярилцлага өгсөнд тань баярлалаа. Таны ажилд амжилт хүсье
-Танд бас баярлалаа.
Г.ОТГОНЖАРГАЛ

"Улс төрийн тойм" сонин