
Иргэд гаргасан санал зөвлөмждөө аймаг, орон нутгаа хөгжүүлэх, төрийн ажил үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхээр зохион байгуулж байгаа ажлаа чанаржуулахын зэрэгцээ улам өргөтгөх, үр нөлөөг нь дээшлүүлэх, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх ажлыг далайцтай зохион байгуулах шаардлагатай гэжээ. Аймаг, орон нутагт нэлээн өргөн хүрээнд ярьж тодорхой арга хэмжээ авч байгаа ч гэсэн ажилгүйдэл, ядуурал тууштай буурахгүй, ажлын байр дорвитой нэмэгдэхгүй, хөдөлмөр эрхлэлт өргөжихгүй, залуучууд, ялангуяа шинээр сургууль төгсөгчдөд ажил олдохгүй байна гэж үзжээ. Мөн жил тутам улсын ба орон нутгийн төсөв, мөн төсөл хөтөлбөрийн шугамаар хөрөнгө оруулалтын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлдэг ч аймаг, сумын хөгжил зохих түвшинд хүрэхгүй байгааг зарим баримтаар илэрхийлж, ялангуяа аймгийн төв-Булган хотын өнгө үзэмж, тохижилтыг эрс сайжруулахыг олон иргэд санал болгосон байна. Түүнчилэн нутгийн захиргааны байгууллагын ажлын хүрээг өргөтгөж чанаржуулах, нэр хүндийг өндөржүүлэх, төрийн албан хаагчдын мэдлэг чадвар, үйл ажилагааны арга барилыг сайжруулан, сэтгэлгээний цар хүрээг нэмэгдүүлж ажил хэрэгч байдлыг дээшлүүлэх, аймаг орон нутгийн ажлын үр дүнд ахиц дэвшил, өөрчлөлт шинэчлэл гаргах шаардлагатай гэжээ. “Нээлттэй хаалганы өдөр”-ийг тус аймгийн төр захиргааны байгууллагууд орон нутагтаа зохион байгуулсан дүнг саяхан аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэн дүгнэлт хийлээ.
Ж.Мөнх-Очир