“Гэрэлт нарны хүүхдүүд”

Хуучирсан мэдээ: 2010.11.15-нд нийтлэгдсэн

“Гэрэлт нарны хүүхдүүд”

Булган аймгийн хүүхдийн төлөө хэлтсийн дэргэд өсвөр үеийнхний авьяас билгийг хөгжүүлэхээр хичээллэдэг дуу, бүжгийн дугуйлангийн сурагчид сүүлийн нэг жилийн хугацааны сургууль дасгал, сурч эзэмшсэн урлаг, урын сангийн тайлан тоглолтыг бэлтгэж олон нийтэд үзүүллээ.

Тэд тайлан тоглолтоо “Гэрэлт нарны хүүхдүүд” хэмээн нэрлэжээ. Тоглолтод оролцсон аймгийн төвийн “Эрдмийн өргөө” цогцолбор, нэгдүгээр дунд сургуулийн 25 сурагчид уянгалаг сайхан ая дуу, бүжиг наадмаараа үзэгч олныг  цэнгээн баясгаж нөгөө талаар үе тэнгийнхэн болон эцэг эхчүүд, багш нараараа үнэлүүлжээ. Ялангуяа Д.Буджав, Г.Солонго. М.Жавзандулам нарын ятгын гоцлол, У.Цэнгүүний дуулсан монгол ардын дуу “Ванлий”, Д.Ганпүрэвийн дуулсан “Багшдаа”, тус дугуйланд гэрээгээр ажиллаж байгаа Г.Ганчимэг багшийнхаа зааснаар уран чадварлаг тоглосон С.Ануужин, Д.Оюун-Эрдэнэ, Г.Отгонбаяр нарын бүжиг үзэгчдэд ихэд таалагдсан байна. М.Жүгдэрсүрэн багштай энэ дугуйлангийнхан цаашид үе үе шинэ хөтөлбөрөөр тоглолт бэлтгэн олон нийтэд үзүүлж олсон орлогынхоо тодорхой хэсгээр хүүхэд хөгжүүлэх сан бүрдүүлэх зорилт тавьж байна. Тэр дагуу шинээр нээсэн дансаа энэ удаагийнхаа тоглолтын орлогоор мялаажээ. Санг дугуйлангийн хүүхдүүд бэлтгэсэн тоглолтынхоо хувцас болон бусад зүйлд зарцуулахаас гадна эмзэг бүлгийн гэр бүлд аж төрдөг үе тэнгийнхэндээ дэмжлэг үзүүлэх, хүнд нөхцөл тохиолдсон найз нөхдөдөө дэм өгөх арга хэмжээг зохион байгуулж байх ажээ. Энэ бол тоглолт зохион байгуулахад шаардагдах санхүүгийн зарим хэсгийг бүрдүүлж өөрсдийнхөө авьяас билгээр бахархах, бусдын амьдралын бэрхшээл, гуниг зовлонг хуваалцан үе тэнгийнхэндээ туслах хүмүүжил олгох ач холбогдолтой юм байна.

Ж.Мөнх-Очир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж