-Таны гол дүрд нь тоглосон “Хунгийн дуу” жүжиг тайзнаа тавигдсан. Энэ жүжгийн талаар яриагаа эхлүүлье гэж бодлоо?
-Өвөл цагийн үзвэрийн ажил эхлээд бид албан ёсны нээлтийн тоглолтыг Монголын үндэсний, тэр дундаа түүхэн жүжгүүдээр нээсэн. Манай театрт өнгөрсөн жил В.Красногоровын зохиолоор төслийн хэмжээнд ажиллаж, долоон жүжиг тавьсан. Түүний нэг нь болох В.Красногоровын зохиол “Хунгийн дуу” гэдэг жүжгийг Монгол Улсын ардын жүжигчин, урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Мөнхдоржийн удирдлагаар тайзнаа тавилаа. Үзэгчид талархалтай хүлээж авч байгаад нь уран бүтээлчийн хувьд сэтгэл өег байна. Энэ жүжигт ардын жүжигчин Н.Сувд, Г.Мягмарнаран, бас би, гавьяат жүжигчин Г.Урнаа, Б.Эрдэнэцэцэг, жүжигчин Д.Ганцэцэг бид нар нэг баг болж ажилласан.
-Та найруулагчийн дүр бүтээсэн. Уг нь бол жүжигчдийн хувьд найруулагчийн дүр илүү ойрхон бууж байгаа байх?
-Хамгийн гол нь өгсөн нөхцөл нь бидний театрын мэргэжлийн амьдрал байгаа учраас өмнөх жүжгүүдээс онцлог. Нөгөө талаас миний дүр болох Роман найруулагчийн мэргэжилтэй. Найруулагч нар түмний төлөө оюунаа ширгээж, чөмгөө дундалж явдаг хүмүүс. Жүжигчний мэргэжил гэдгийг сонгож авснаасаа хойш би олон найруулагчтай ажиллаж , уур цухлыг нь барж, заримдаа талархлын үгийг нь сонсож байлаа. Харин 40 гаруй жил жүжигчний хөдөлмөрт хүч сорихдоо зүүдлээ ч үгүй явсан дүртэйгээ учирсан нь миний уран бүтээлийн амьдралд тохиолдож байгаа маш онцгой нэгэн агшин гэж бодож байна. Найруулагч нарыг би хувьдаа бурханчлан шүтэж, өдий хүрсэн. Найруулагч гэдэг хүн үзэгчдийг төлөөлж жүжигчидтэйгээ ажиллахдаа алдаа бага гаргахын тулд, чухамхүү үзэгчдийн өмнөөс төлөөлөл болж жүжигчдээ хий багатай гаргахын төлөө хамаг хүч оюунаа гаргаж байдаг хүмүүс. Магадгүй тэнд жүжигчин мань мэтээс болж, дутуу хазгай бодсон юмнаас болж, тэр хүнийхээ цухлыг барах, бас гайгүйхэн шиг хэлээд өгсөн юмыг нь өөр өнцгөөс нь харж орж ирчихээд яриа маргаан дэгдээх гээд энэ бүхэнтэй дөчин хэдэн жил зууралдсаны эцэст ийм роль хүнтэй учирна гэж зүүдлээ ч үгүй явжээ. Нэг талдаа их хялбар дөт, дэндүү мэддэг юм шиг мөртлөө дэндүү мэдэхгүй юмтайгаа учран ажиллахад их сонин байлаа.
-Жүжгийнхээ бэлтгэлийг хэр хугацаанд хийсэн бэ?
-Хоёр сар гаруй хугацаанд бэлтгэлээ. Ер нь ямар ч жүжгийг ийм хугацаандбэлтгэдэг. Одоо чинь нийгмийн маань цаг үе бас харьцангуй өөрчлөгдөж, олон цагаар сунгаж нуршдаг үе нь өнгөрчихөөд байна шүү дээ. Өнөөдөр л бид амжиж хийхгүй бол цаг хугацаа хүлээхгүй ийм л үед ажиллаж байна. Харин би энэ багт ажилласан хүмүүстээ талархалтай байгаа. Ямар ч байлаа гэсэн найруулагч нараа, найруулагч гэдэг хүнээ шүтэн дээдэлж явсны хувьд тэднийхээ зовлонгоос бага ч болов биеэрээ мэдрэх гэж оролдсон маань хувь уран бүтээлчийн хувьд найруулагч нартаа хандаж байгаа нэг хандлагын илрэл юм даа гэж бодож байна.
-“Хунгийн дуу” жүжигтэйгээ орон нутгаар аялаад ирсэн шүү дээ?
-Өнгөрсөн хавар Өмнөговьд очиж, хөдөө орон нутгийн үзэгчдэдээ толилуулсан. Үзэгчид ч их талархалтай хүлээж авсан. Одоо ч аль болох олон үзэгчид хүргэх гээд ажиллаж байна. Үзэгчид ч сайн үзэж байна. Зөвхөн энэ жүжиг биш ахиад В.Красногоровын жүжгүүд цаана нь ээлжээ хүлээгээд байж байна. Тайз нэг учраас арга буюу энэ удаад бид эхлээд явж байна.
-Үзэгчид театраас сэтгэл хангалуун гарч байна?
-Баярлалаа.
-Энэ жүжгийн дараа ямар уран бүтээл төлөвлөөд байгаа вэ?
-Миний хувьд яг тийм жүжигт тоглоно гэсэн юм одоохондоо алга байна. Гурван кино зохиол ирсэн. Хоёр зохиолыг нь бол үндсэндээ “Их баярлалаа. Зав зай, ажил төрлийн шалтгаанаас болоод болохгүй юм байна аа” гээд буцаасан тал байна. Нэг зохиол байгаа. Тэрийг “Тавьж идэх амттай гэл үү” гэдэг шиг тавьчихаад байж байна. Тэр лүүгээ орох байх гэсэн бодолтой байна даа. Би бүрэн хэмжээний болон баримтат, уран сайхны нийлсэн 40 шахам кинонд тоглосон. Уран бүтээлч хүний хүч авьяасаа сорих бас нэг талбар шүү дээ. Бас телевиз, радио байна. Өөрсдийнхөө боломжоор энэ бүхэнд хамжиж ажиллая гэсэн ийм л бодолтой.
-Кино, тайз гэдэг огт өөр ертөнц. Мэдээж тайзны урлаг илүү хүнд байх л даа?
-Ерөөсөө жүжигчин хүний хамаг л шим шүүс, хүчийг сордог, дээр нь кинонд тоглох бэлтгэлийг маань базааж байдаг, өөрөөр хэлбэл сансрын нислэгээр төсөөлбөл гарааны талбар нь тайз. Кинонд бол би өнөөдөр алдахад маргааш засч болно. Тайз бол тэгж болдоггүй. Театр үзэгчидтэйгээ амьд харьцаа холбоо тогтоодог учраас хүмүүсийн сэтгэл, бүх зүйлд мэдрэмж төрүүлж байдаг. “Бурмаар тэтгэхээр урмаар тэтгэ” гэдэг дээ.
-Та тайзан дээр хичнээн дүр бүтээсэн бэ?
-Тоглосон, ажилласан дүрээ тоолбол мэдээж урт жагсаалт гарна. Магадгүй 100 нэлээд давчихсан ч байж болно. Гэхдээ тоо сонин биш ээ. Хамгийн гол нь 40 гаруй жилийнхээ хөдөлмөрийн үндсэн дээр энэ дүр гээч юм нь хэд нь биелж, хэд нь үзэгчдийн болоод мэргэжлийн хүмүүсийн хараанд өртөв өө гэдэг нь онцгой. Айлын хүүхдүүд дотор зарим нь магтуулаад явдаг, зарим нь зэм хүртээд явдагтай адилхан ийм л юм тохиолддог. Тоглосон дүр минь нэгэнт лтодорхой хэмжээгээр хөлс хүчийг минь шавхаж, цаг нарыг минь барж, бодож сэтгэн, хийж бүтээхэд уриалан дуудаг болохоор бүх ажилласан дүрдээ эмэгтэй хүн үрдээ ямар ханддаг вэ, тэр чинээгээр хандах гэж эрмэлздэг. Жүжигчин хүн бүтээсэн дүрээрээ олны танил, хүртээл болчихдог учраас нэг зүйлийг ямагт санаж явах ёстой. Хайр хишиг хүртэж, олны танил болох тусмаа тэр буяныг даах ноён нуруутай байх ёстой гэдгийг жүжигчин хүн ямагт санаж явах ёстой.
-Таны сэтгэлд хамгийн тод үлдсэн дүр гэвэл?
-Өө, байлгүй яахав.. Үзэгчид, мэргэжлийн хүмүүсийн анхааралд өртөөд сонин хэвлэл бүхэн дээр бичигдэж байгаа тэр бүхэн чинь дүр гэж юм руу мэргэжлийн үүднээс хандсан хандлага маань илэрчихсэн учраас хүмүүс тэгж бусдаас онцгойлж хандаад байна шүү дээ. Тэгэхээр хайр хүндэтгэл, итгэл багадна гэж байдаггүй. Итгэлийг даах ноён нуруу л багадна гэж бодож явдаг.
-Та эсрэг дүрийг үнэхээр онцгой, гоц бүтээдэг юм шиг санагддаг?
-Ерөөсөө аливаа юмны дутагдалтай тал хүний нүдэнд их ойрхон тусдаг. Тэр утгаараа ч юмуу надад уран бүтээлд ханддаг зарчим бий. Хүмүүсийн эсрэг гээд байгаа дүр бүхэнд тоглох боломж олдсон тохиолдолд тэр бүхнээ би зөвтгөж харахыг хичээдэг. Нэгэнт л тэрнийг зохиолч эсрэг гээд биччихээд дээр нь би эсрэг болоод тоглочихдог. Ингэх юм бол тэр миний хийх ажил биш ээ л гэж боддог. Бурхансайн муу, сайхан муухай, энэ ертөнцөд байж болох бүхнийг хүнд заяасан. Гагцхүү үүнийг орон зай, цаг хугацааны дотор өөрөөрөө дамжуулан илэрхийлэх боломж нь ганцхан жүжигчин хүнд л олдсон байдаг. Тийм учраас би муухай хүнд тоглохгүй, хулгайч, дээрэмчин болохгүй гэж хэлэх эрх бидэнд байхгүй. Дарга болж чадвал чадъя, Богд болбол болъё, хулгайч болбол болъё. Тэгэхдээ энэ бүхэн орон зай цаг хугацааны дотор ажиллахаар заяагдсан.
-Та сая “Тамгагүй төр” жүжигт мөн л эсрэг дүр бүтээсэн. Үнэхээр гайхалтай байлаа шүү дээ?
-“Тамгагүй төр”-т Ардын жүжигчин Л.Жамсранжавтайгаа бас жүжигчин Х.Болормаа, Б.Нармандах, И.Одончимэг, Ш.Доржсүрэн гээд бид хэд хамгийн анхны баг болж тоглож байлаа. Хүмүүсийн сэтгэлд үнэхээр хүрсэн. Арваад жилийн дараа дахин ажиллах, сэргээн тавих шаардлага гарсан. Энд манай Гавьяат жүжигчин Г.Равдан тоглосон. Г.Равдан бид сургууль дөнгөж төгсөж ирснээсээ хойш энэ 16 номерын өрөөнд ажиллаж, хамтарч амьдарч байсан хүмүүс. Бие биеэ сайн мэднэ. Ялангуяа үгийн урлаг буюу өгүүлэхүүн урлагийн төрлөөр манай 16-р өрөөнийхөн онцгой ажилладаг. Тийм учраас бид Г.Равдангаа тоглоход сэтгэл их өег байсан. Энэ жүжиг нэг талаас бодоход хуучин тоглочихсон амар юм шиг боловч тийм биш. Шинэ л ажил байлаа. Надаас бусад бүх хүмүүс нь шинэ байсан болохоор тэр олонх дийлэнхийн харьцаа нөгөө талд гарч, тэр ансамбельд дасан зохицож ажиллах шаардлага гарцаа байхгүй гарч ирсэн. Тийм ч учраас найруулагч намайг ганцааранг нь үлдээснийг би ойлгохдоо өмнө нь тоглочихсон юм, энэ бол болчихно гэж бодсондоо бус энэ шинэ ансамбельд тодорхой хэмжээгээр дасан зохицож чадна гэсэн итгэл байсан болов уу гэж би бодсон. Мэргэд ойлгож цэцлэх тухай. Хэн мэдэх вэ дээ.
-Таныг гавьяат жүжигчин У.Уранчимэгтэй тайзан дээр хослоод тоглохыг тань харж байхад эрч хүч мэдрэгдээд сайхан байлаа?
-У.Урнаа бид хоёр олон жүжигт хамтарч тоглосон. Миний хамтран тоглогч. Тэр ч нөлөөлсөн байх. Ямар ч байсан энэ ансамбельд орно гэдэг мэргэжлийн үүднээс өөр ажил. Тэгж л найруулагч сонгосон байх.
-Жүжигчид мөрөөдлийн дүр гэж ярьдаг. Та мөрөөдлийнхөө дүрийг бүтээсэн үү?
-Мэдээж мөрөөдөл байлгүй яахав дээ. Хүсэл мөрөөдөлгүйгээр хүн явна гэж байхгүй шүү дээ. Энэ чинь зөвхөн жүжигчдэд тохиолдож байгаа юм биш. Та нар ч гэсэн хүсэл мөрөөдөлгүйгээр амьдарна гэвэл утгагүй шүү дээ. Гэхдээ эмэгтэй хүн үртэй болчихоод би хүүхэдтэй болчихлоо гэж орилоод чарлаад гүйгээд байдаггүйтэй адилхан. Би бас тэр дүр, энэ роль хүнтэй учирна гэдгийг тунхаглаад байх нь сонин биш.
-Яг таны мөрөөдөл?
-Мөрөөдлөөрөө амьдрах насаа өнгөрөөж, дурсамжаараа амьдрах насан дээрээ ирж байгаа хүн чинь мөрөөдөж хөглөх хэрэг байна уу даа. Гэхдээ мөрөөдөлд хязгаар байхгүй ээ. Гагцхүү уран бүтээлчийн хувьд миний баримталж явдаг зарчим бол зуурсан гурил шиг байхыг л эрмэлздэг. Тэр гурилаар талх, боорцог, еэвэн, самнаа хийх үү гэдэг нь найруулагчийн эрх. Найруулагч аливаа юманд өдөн дуудсан тохиолдолд бол зодоглон барилдахад бэлэн байхыг л хичээдэг.