Тэдний хэн нь үнэн ярьсан бэ?

Хуучирсан мэдээ: 2010.03.29-нд нийтлэгдсэн

Тэдний хэн нь үнэн ярьсан бэ?

Өөрийнхөө тухай бүх мэдээллийг нууцалсан хохирогч гэх эмэгтэй өнөөдөр  13.00 цагаас Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, комиссар Э.Амарбат өөрийг нь хүчиндсэн хэмээн сэтгүүлчдэд мэдэгдсэн бол комиссар Э.Амарбат үүнээс хоёр цагийн дараа буюу 15.00 цагийн үед хариу тайлбар хийлээ.
 УИХ-ын гишүүн Л.Гүндалай, “Альянс” төвийн тэргүүн Ж.Занаа болон нэрээ хэлэхийг хүсээгүй нэгэн эмэгтэйн хамт өдрийн 13.00 цагт эхэлсэн хэвлэлийн бага хуралд оролцсон юм.  Зүс царай, нэрээ нууцалсан эмэгтэй өөрийг нь хүчирхийлсэн Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, комиссар Э.Амарбатын талаар мэдээлэл өгөхөөр ирсэн гэдгээ хурлын эхэнд онцолж байв.

Тэрбээр “Саяхан би ангийнхантайгаа уулзаад, бааранд байж байтал Э.Амарбат манай ангийн нэг залуутай ирж, бидэнтэй хамт суусан юм. Тэр намайг харанхуй булан руу чирж, үнсэх гэж удаа дараа оролдоод зөвшөөрөхгүй байсан чинь хүчиндэнэ гэж дайрсан. Ингээд биднийг явахаар  гартал ангийнхнаас холдуулж, машинд суулган, УИД-ийн ойролцоох орон сууцанд аваачсан. Тэр архи ууж, порно кино үзүүлснээ дуурайж хийхийг шаардаж, намайг үсдэн хүчирхийлсэн. Энэ үйлдлээ гурван удаа давтсан. Тухайн өдрийн  04.00 цагаас эхлэн 16.00 цаг хүртэл намайг доромжилж, хүчирхийлэн хувцас урсан. Азаар нэг эмэгтэй хаалгыг нь цохиж, нэрээр нь дуудан онгойлгохыг шаардсан. Удаан цохисны эцэст Э.Амарбат чи ангийнхаа залуутай ирж хоносон гэж хэлээрэй гээд үүдээ нээхэд жирэмсэн эмэгтэй орж ирэн түүн рүү юм шидэж, орилсныг харсан. Тэр үед би гэрээс нь гарч зугтаасан” гэж яриад уйлав. Мэдээлэл хийсний дараа эмэгтэйгээс зарим зүйлийг тодрууллаа.

-Таны ангийнхан танихгүй хүн өөрийг чинь машинд хүчээр суулгаж байхад яагаад эсэргүүцээгүй юм бол. Та хэзээ цагдаагийн байгууллагад хандсан бэ. Аливаа  гэмт хэрэгт заавал нотлох баримт байх хэрэгтэй?

-Э.Амарбат согтуу намайг алгуурханаар ангийнхнаас холдуулсан. Ингээд намайг хүчээр авч явсан. Би хуулийн байгууллагад өгсөн, шалгаж байгаа.

“Альянс” төвийн тэргүүн Ж.Занаа

-Манай оронд төрийн эрх мэдэлтнүүд охид, эмэгтэйчүүдийг яаж доромжилж, яаж бузарлаж байгаагийн нэг жишээ энэ хэрэг боллоо. Сэтгэл санааны хүнд дарамтанд байгаа эмэгтэй хүн зориг гарган олны өмнө гарч байхад дээрээс нь дарамт болгон дахин нотлох баримт нэхээд байх нь зүй бус юм. Харин цагдаагийн байгууллага нотлох баримт цуглуулах ёстой.

-Таныг хэн хүчирхийлснийг шинжилгээгээр тогтоож, эрүүгийн хэрэг үүсгэх эсэхийг шийднэ. Гэтэл та ямар нэг баримт байхгүй байна. Та баримтгүй гэхэд ямар нэгэн шинжилгээ өгсөн үү?

-Би энэ тухай дэлгэрэнгүй яримааргүй байна. Шүүх цагдаагийн байгууллага үнэнийг тогтооно байх.

-Таныг зарим хүмүүс Онцгой байдлын сайд асан С.Отгонбаярын өмгөөлөгч С.Ганчимэг гэж таньж байна. Та өмнө нь Э.Амарбатыг таньдаг, ажил хэргийн холбоотой  байсан гэсэн мэдээлэл байна?

-Би энэ хүнийг тэр орой анх удаа харсан. Би өмгөөлөгч хүн биш,  жирийн нэг эмэгтэй.

-Энэ асуудлыг хуулийн дагуу шалгаад таны буруу болвол та хариуцлага хүлээхэд бэлэн үү?

-Би хүн гүжирдээгүй.

– Ямар нэгэн нотлох баримт хэлэхгүй байгаа учир ингэж асууж байгааг та зөвөөр ойлгоорой?

-Э.Амарбат намайг хүчирхийлсэн гэдгийг би баттай хэлнэ. Энэ мэдээллийнхээ төлөө хаана ч хариуцлага хүлээхэд бэлэн байна.

Тольтой хар шил зүүж, амандаа хаалт хийсэн эмэгтэйг хэн гэдгийг таних боломж байсангүй. УИХ-ын гишүүн Л.Гүндалайгаас яагаад энэ хуралд ирснийг  тодруулахад “Прокурорын газраас надад Э.Амарбат хууль бус үйлдлээ нуун дарагдуулах гэж Нийслэлийн прокурор н.Алтангэрэл, н.Бат-орших болон Баянзүрх дүүргийн прокурор н.Эрдэнэбат нартай хуйвалдаж байна гэсэн мэдэээлэл ирсэн. Хохирсон эмэгтэйн төлөө надаас өөр ярих хүн байхгүй учир би үнэн байдлыг хэлэхээр ирсэн юм. Энэ асуудал надтай, миний хэрэгтэй ямар ч холбоогүй бөгөөд зөвхөн  хууль зөрчсөн эрх мэдэлтнүүдийн хийсэн хэрэг. Тийм учраас үнэнийг тогтооно гэдэгт итгэлтэй байна. Би сая ирж яваад энэ эмэгтэйгээс хүч хэрэглэн аваачсан байр аль вэ гэж асуусан. Улсын их дэлгүүрийн ойролцоох цэнхэр өнгөтэй, 8-9 гэсэн тоот байрыг зааж байна. Би хүний эрхийг хамгаалах гэж л ирсэн хүн. Өөр бусад оронд албан тушаалтан хууль зөрчсөн бол шууд бүрэн эрхийг нь түдгэлзүүлж, хорьж байгаад хэргийг нь шалгадаг. Гэтэл энэ хүн арав гаруй хоног бусармаг хэргээ яаж нуун дарагдуулж, булзайруулах вэ гээд явж байна ” гэв.

Э.Амарбат: Эцэслэн шалгаж дууссаны дараа би шүүхэд хандах болно

Нэрээ нууцалсан эмэгтэйг өдрийн 13.00 цагт мэдээлэл хийсний дараа АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, комиссар Э.Амарбат 15.00 цагаас хариу мэдэгдэл хийх тухайгаа сэтгүүлчдэд зарласан юм.  АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, комиссар Э.Амарбат өөртэй нь холбоотой асуудал хуулийн байгууллагад шалгагдаж байгааг өнөөдөр мэдсэнээ хэлээд энэ асуудал хуулийн байгууллагаар шийдэгдтэл ямар нэгэн тайлбар  хийхгүй гэлээ. Түүнээс цөөн асуултад хариулт авсан юм.

-Таныг хүчингийн хэрэгт буруутган хуулийн байгууллагад хандсан тухай хэн нэгэн мэдэгдээгүй гэж үү?

-Энэ тухай өнөөдөр Хэвлэлийн бага хурал болж байгааг хараад мэдлээ.

-Таныг 14 хоногийн өмнөөс прокурор найзууд руугаа холбогдож, хэргээ цайруулахаар хөөцөлдөж байгаа тухай УИХ-ын гишүүн Л.Гүндалай ярьж байна, өнөөдөр?

-Би прокурорын газар ажиллаж байсан учир тэр нэр бүхий хүмүүстэй найз гэдгээ нуухгүй. Харин надтай холбоотой асуудал гарч байгааг сая л мэдлээ.

-Мэдээлэл хийсэн эмэгтэй хэлэхдээ “Жирэмсэн хүн гэрт нь ирснээр зугтах боломж олдсон” гэж ярьсан. Таны гэр бүлийн хүн хөл хүндтэй байгаа юм уу?

-Би эхнэр, хоёр хүүхэдтэй хүн. Эхнэр маань одоогоор Монголд байхгүй байгаа. Жирэмсэн биш.

-Та энэ мэдээллийг юунаас улбаатай гэж бодож байна вэ?

-Манай  газар Онцгой байдлын сайд асан С.Отгонбаяртай холбоотой хэргийг шалгаад, хоёр шатны шүүх гэм буруутай гэдгийг тогтоосон. Харин Дээд шүүх нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Мөрдөн байцаалтад байх хугацаандаа С.Отгонбаяр Өршөөлийн хуульд хамрагдах хүсэлт гаргаж байсан.

Тэр хүн мөрдөн шалгах явцад АТГ тэр дундаа Мөрдөн шалгах хэлтсийн дарга миний тухай илт худал мэдээлэл тарааж, элдвээр бичиж байсан. Тухайлбал, намайг Тагнуулын ерөнхий газарт хандаж, өөрийг нь шалгах асуудлыг тавьж байсан гэсэн мэдээлэл тарааж байсан. Энэ нь ямар ч үндэслэлгүй болохыг шалгаж тогтоогоод албан ёсны хариуг нь өмгөөлөгчөөр нь дамжуулж өгч байсан юм.  Энэ мэт байдал нь эцэстээ ийм хэрэгт тулж, хүний нэр хүндэд бүдүүлгээр халдаж байна. Мөн Л.Гүндалай гишүүний хэргийг манай хэлтэс шалгаж байгааг та бүхэн сайн мэдэж байгаа. Гэтэл гишүүн өөрт  нь ямар ч хамааралгүй зүйлд оролцож байгаад би гайхаж байна. Манай газрын тухай худал мэдээлэл тарааж, ор үндэсгүй зүйл ярьсаар байгаа нь байгууллагын  нэр хүндийг унаган, өөрсдийн хэргийг хэрэгсэхгүй болгох гэсэн оролдлого гэж ойлгож байна.

-Та нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд хандах уу?

-Иргэн гомдол гаргасан бол хуулийн дагуу заавал шалгах ёстой. Эцэслэн шалгаж дууссаны дараа би шүүхэд хандах болно гэв.

Хэн хэнийгээ  танихгүй гэж мэдэгдэж байгаа ч хүчингийн хэрэгт нэр холбогдсон эдгээр иргэдийн хэргийг Прокурорын дэргэдэх Мөрдөн байцах алба шалгах юм байна.

Х.Сүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж