Д.Бямбадорж: Сэтгэлээ бэлдээд, бэлтгэлээ сайн хийвэл озэки цол ойрхон

Хуучирсан мэдээ: 2010.02.26-нд нийтлэгдсэн

Д.Бямбадорж: Сэтгэлээ бэлдээд, бэлтгэлээ сайн хийвэл озэки цол ойрхон

Монгол Улсын хүчит заан Р.Даваанямын хүү, Мэргэжлийн сумогийн "Ажигава" дэвжээний бөх комүсуби Ама Бямбадоржтой ярилцлаа. Тэрбээр эх орондоо гурав хоногийн амралттай ирээд өчигдөр өглөө Япон руу явсан юм.

-Саяхан өндөрлөсөн Кюүшюү башёгийн талаар яриагаа эхлэх үү?

-Үзэгч, фэнүүдээ баярлуулсан сайхан барилдаан хийж чадсан болов уу. Гэхдээ харамсмаар барилдаан ч бас байсан. Энэ нь надад хичээл болсон доо.

-Та дээд зиндаанд барилдаад дөрвөн жил болжээ. Энэ хугацаанд хэр өөрчлөгдөв?

-Анх 19 настай, дөрвөн ялалт авч макүчитад гарахдаа 97 кг жинтэй хүүхэд байлаа. Хоёр сарын дараа жүрёод гарахдаа 10 кг таргалсан юм. Харин дээд зиндаанд гарахдаа 110 кг орчим жинтэй барилдаж байсан даа. Одоо бол 126 кг жинтэй болжээ. Жингийн хувьд ийм.

-Цолтой сумоч болоод ойр дотны хүмүүсээ Японд урих эрхтэй болдог гэсэн. Хамгийн анх хэнийг урьж байсан бэ?

-Шинэ жүрёо болоод мэдээж ээж, аав хоёрыгоо урьж байлаа. Тухайн үед миний аав Москвад Цагдаагийн академид сурч байсан юм. Тэдэндээ урилга явуулаад Токиод хүлээн авсан. Тэгээд сумо үзүүлээд, хүлээн авалтад оруулсан. Аав ээжийгээ харах үед зовлон гэж бодогддог бүх зүйл мартагдаж, сэтгэл уужраад л явсан. Их сайхан болдог шүү.

-Энэ башёгийн дараа танд озэки цол ойрхон боллоо гэж ярих юм.

-Өнөөдөр би аварга, арслан болно гэж зүгээр нэг амаараа хэлэх амархан л даа. Үзэж байгаа хүмүүст ч хялбар мэт бодогдож болно. Гол нь надаас бүх юм шалтгаална. Тиймээс бэлтгэлээ сайн хийгээд, сэтгэл зүйгээ бэлдээд, өдөр тутмын амьдралын хэв маягаа алдахгүй л бол озэки цол хол биш байлгүй дээ.

-Сумод очоод их шантардаг гэсэн. Танд буцъя гэсэн бодол төрөх үе байв уу?

-Үгүй ээ. Нэр хугарахаар яс хугар гэж үг байдаг. Сайн аавын хүү юм чинь сайн бөх болно. Аав, ээжээ баярлуулна гэсэн эрмэлзэлтэй онгоцонд сууж байлаа шүү дээ. Тийм болохоор буцах, шантрах эрхгүй явсан. Ер нь зовлого зовохоос зорилго мохохгүй гэдэг үгийг би хэлэх дуртай. Хичнээн зодуулж, бие маань ядарсан ч зоригоороо ялагдахгүй гэж хичээдэг байсан даа.

-Хакухо М.Даваажаргал та хоёрыг Кёкүшюүзан Д.Батбаяр их иддэг гэж ярьсан. Тийм их иддэг юм уу?

-Бид хоёр чинь таргална гээд их иддэг байлаа. Даваа ч угаасаа их иддэг юм. Би бол нэг дор их идэж чадахгүй. Оройн хоол 18 цагт өгнө. Би 22 цаг хүртэл хоол иднэ. Анх ах нар ширээ дүүрэн хоол тавьчихаад хараад суучихна шүү дээ. Заавал ид гээд. Тэгээд л эхний идсэн хоолоо огиж гаргаад, ахиж идээд л суудаг байсан. Санаа нь ходоод сунгах л зорилготой байсан юм билээ. Цадах хамаагүй ш дээ.

-Монголд ирсэн гурав хоног хэр өнгөрөв?

-Энэ сард 10 давахгүй бол болохгүй гэсэн шаардлага тавиад байсан. Зорилгоо биелүүллээ. Тиймээс сэтгэл санаа их өндөр ирсэн. Гэртээ ирээд ээжийнхээ чанасан цайг уугаад, ээжийнхээ гарын хоолыг идээд их сайхан байна. Ах дүү, хамаатан садантайгаа уулзаад, сумогоос өөр зүйл ярьж, ядаргаагаа тайлан гоё амарлаа. Миний хувьд хаана амрах нь гол биш гэр бүлээрээ байх л чухал гэж боддог. Энэ утгаараа ээж, ах нартайгаа элдвийг хөөрөлдөөд их хөгжилтэй өнгөрлөө.

-Ама хэзээ эхнэр авах гэж байна?

-Би өөрөө хүүхдэд их хайртай. Удахгүй эхнэртэй болох бодол бий. Даанч цаг зав нь гарахгүй юм даа.

-Монгол бүсгүйтэй ханилна биз дээ?

-Мэдээж Монголынхоо сайхан бүсгүйтэй ханилна гэж боддог.

-Японд очоод бэлтгэлдээ гарах уу?

-Ирэх сарын 2-нд эхлэх тойргийн барилдаанд орно.

-Нэгдүгээр сарын башёгоос өмнө нутагтаа ирэх үү?

-Ирэхгүй. Одоо гэрийнхэнтэйгээ сайхан байж байгаад урам, сэтгэлийн тэнхээ авчихаад явна. Тэгээд бэлтгэлээ хийгээд Хацү башёдоо сайхан барилдана.

-Та том цолтнуудыг гайхалтай давдаг ч өөртэйгөө ижил болон бага цолтой бөхчүүдэд унаад байдаг. Энэ юуных вэ?

-Үүнийг хэлэх хэцүү байна л даа. Барилдаж үзсэн хүн л мэднэ.

-Гоэйдог өргөж шидсэн барилдаан оны шилдэгт багтсан байна лээ.

-Анх тэгж шидэхэд Дагваа ах л бодогдсон. Дагваа ах хүнийг авч шидэхэд ямар их кайф авдгийг биеэрээ мэдэрсэн. Үнэхээр кайфтай байсан шүү.

-Энэ сард Барутотой хийсэн барилдаан бас сайхан болсон шүү?

-Золгоо хийгээд зайлж давсан л даа. Яахав, сумод зайлж, татах мэх тийм ч өндөр үнэлэлт авдаггүй. Гол нь хоёр бөх тулж барилдаад хамаг хүчээ шавхаж нэг нь давбал сайн гэж үнэлэгдэнэ. Гэхдээ сонирхолтой барилдаан болсон л доо. Миний хувьд ялах нь чухал байсан.

-Үндэсний бөхөөр барилдсан бол ямар цолтой байх бол. Ах тань начин цолтой. Таны үеэл харцага цол авсан шүү дээ?

-Хэлэхэд амар боловч өөрөө барилдаж үзээгүй болохоор мэдэхгүй юм. Хичээх л байсан болов уу.

-Амагийн сан үйл ажиллагаа явуулж байгаа юу?

-"Абаазан" гэж нэртэй сан нээсэн. Өнгөрсөн зун уугуул нутаг Говь-Алтай аймгийнхаа Чандмань сумын нэг сургуулийг бүрэн тохижуулсан. Мөн дөрвөн сумын сургуульд 70 гаруй компьютер бэлэглэж, орчин үеийн сандал ширээтэй болгосон байгаа.

-Сангийн зорилго юу вэ?

-Авьяас билгийг дэмжих "Абаазан" сан гэж байгаа л даа. Тиймээс өөрийнхөө нутаг уснаас, эх орноосоо авьяас билэгтэй хүүхдийг тодруулан гаргаж ирэх зорилготой. Тэдэнд сурч боловсрох, хөгжих боломж нээлттэй байх ёстой биз дээ. Гэтэл түүнд нь юу дутагдаад байна, миний чадах зүйл юу вэ гэдгийг л харсны үндсэн дээр сангаа нээсэн. Ер нь Монголын ирээдүй болсон хүүхэд багачуудынхаа төлөө "Абаазан" сангаа байгуулсан. Би чадах чинээгээрээ л туслах болно.

-Сүүлийн асуулт. Та сумочдын тухай нэг сайхан онигоо яриач?

-За байз, гоё гоё онигоо их бий. Япон бөхийн тухай байж болно биз дээ. Аминишикигийн нэг хөгжилтэй явдал бий. Аминишики Мусояаматай барилдаж, ялагддаггүйгээрээ ялагдсан байхгүй юу. Тэгээд юу болсныг асуусан чинь тухайн үед манай хүний гэдэс нь өвдсөн байж. Гэтэл хүчтэй золгоо хийтэл гэдэс нь шахагдаад машиндаа дусаасан гэнэ лээ. Ингээд л үргэлжлүүлж чадаагүй гэсэн. Нэмээд хэлэхэд, Улаанбаатар хотын утаа аймшигтай байна. Би бүр гайхлаа ш дээ.

Б.Бадмаа. 2007.12.02

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж