
1. Төлөвлөлт гэж юу вэ?
“Төлөвлөлт гэдэг нь тодорхой зорилгод хүрэхийн тулдтухайн нөхцөлд хамгийн тохиромжтой гэж үзэж болох багц арга хэмжээг цогцоор нь уялдуулах үйл ажиллагааг хэлнэ” гэж улс төрийн тайлбар толь бичигт тодорхойлжээ. (Орчин цагийн улс төрийн бага тайлбар толь, Юүхикакү хэвлэл)
Өнөөдөр төлөвлөлтийг хувь хүн, гэр бүл, компани, төрийн байгууллага, орон нутаг, улс орны хэмжээнд өргөн дэлгэр хэрэглэж байна. Энэ нь, нэгдүгээрт, шинжлэх ухаан хөгжиж, хүний зүгээс аливааг хянаж, удирдах боломж нэмэгдсэн;хоёрдугаарт, хүний үйл ажиллагаа зохион байгуулалттай болж, удирдах, шийдвэр гаргахтай холбоотой мэдлэг технологи хөгжсөн; гуравдугаарт,бодлогыг рациональ системчлэгдсэн байдлаар боловсруулж, хэрэгжүүлэх боломжтой бөгөөд ингэх нь зүйтэй гэсэн итгэл үнэмшил дэлхийн хоёрдугаар дайны дараа ихэссэнтэй холбоотой.
Гэвч нөгөө талаар төлөвлөлтийг шүүмжлэн авч үздэг судлаачид ч цөөнгүй байна. Тухайлбал, либертариан чиглэлийн томоохон төлөөлөгч Ф.А. Хайек, төлөвлөгөөний үндсэн шинж чанар нь дээрээс төвлөрүүлэн удирдах шинжтэй бөгөөд нийгмийн эрх чөлөөг хааж боогдуулах аюултай гэдгийг сануулжээ. Энэ нь ч үнэний хувьтай бөгөөд социализмын үеийн төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцоо бодит амьдрал дээр үүнийг баталсан билээ.
Судлаач Тэжима Такаши төлөвлөгөөг дараах үзүүлэлтээр ангилсан байна.
Хугацаа: Урт, дунд, богино
Салбар: Цогц, эдийн засгийн, нийгмийн, удирдлагын гэх мэт
Тодорхой хэлбэр: Барилга байгууламжийн төлөвлөгөө, бусад
Бодлогын төвшин: Улс төрийн /стратеги/, Засаг захиргааны /Тактикын/
Үр нөлөө: Удирдсан, хөтөлсөн
Төсөв: Төсөвтэй, төсөвгүй
Тодорхой байдал: Үндсэн концепц, суурь төлөвлөгөө, хэрэгжүүлэх төлөвлөгөө, ажлын төлөвлөгөө гм.
Газар орон: Үндэсний, бүс нутгийн, орон нутгийн төлөвлөгөө.
Судлаач Тэжимагийн дээрх ангилал нь төлөвлөгөөний өөрийнх нь шинж чанарыг бүхэлд нь илтгэж буйгаараа онцлог бөгөөд түүний ач холбогдлыг ч зарим талаар илэрхийлж байна.
2. Монголд төлөвлөлтийн харилцааг сэргээх шаардлага
Монгол Улсын эдийн засаг өсөн тэлж байгаа өнөөгийн нөхцөлд хөгжлийн бодлогыг зөв тодорхойлж, улсын хөрөнгө оруулалтыг үр ашигтай зарцуулах шаардлага тулгамдаад байна. Гэтэл манай улсад 1996 оноос хойш улсын хөгжлийг урт, дунд хугацаанд төлөвлөх, прогнозчлох асуудал үндсэндээ орхигдож ирлээ.Ингэснээр урт, дунд хугацааны бодлогын ач холбогдол алдагдаж, жил бүрийн үндсэн чиглэл, төсөв, дөрвөн жил тутмын Засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөөний хүрээнд хөгжлийн бодлого эргэлдэх болжээ.Энэ ньэдийн засгийн бодлогыгзөвхөн төсвийн жижиг цонхоор харж, хөгжлийн боломжийг бүрэн ашиглаж чадахгүйд хүргэх болсон байна. Гэтэл Япон, БНСУ, ОХУ, Хятад, Малайз зэрэгорнуудад эдийн засгийн болон төсвийн бодлогыг зааглаж, эдийн засгийн харилцаанд төлөвлөлтийг чухалчилдаг ажээ. ОХУ-д Эдийн засгийн хөгжил, худалдааны яам төлөвлөлт хариуцдаг бол БНХАУ-д “Хөгжил шинэтгэлийн хороо” нь энэхүү үүргийг хүлээдэг байх жишээтэй. Японд 1955 оноос Зэнсоо хэмээх хөгжлийн цогц төлөвлөгөөг эдүгээ хүртэл тасралтгүй хэрэгжүүлж байна.
Монгол Улсад 1991-2010 оны хооронд УИХ, Засгийн газраас нийт 420 орчим бодлогын баримт бичиг батлан гаргажээ.Гэвч эдгээрийн уялдаа сул, эрэмбэлэгдээгүй, санхүү, эдийн засгийн үндэслэл, тооцоо муу, үр өгөөжийн хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх тогтолцоо тодорхойгүйгээс үр дүнд хүрч чадсангүй.Мэргэжлийн төлөвлөлтийн хандлагыг тогтоож, бодлогын баримт бичгийн үр өгөөжийг дээшлүүлэх шаардлага тулгамдаад байна.
3. Төлөвлөлтийн харилцаанд тулгарч буй асуудлууд
Манай улс сүүлийн жилүүдэд оноос хойшхи төлөвлөлтийн талаарх өрөөсгөл хандлагаа өөрчилж, төлөвлөлтийг зах зээлийн эдийн засагт тохирсон хэлбэрээр сэргээх оролдлогыг хийж байна. Тухайлбал, 1996 оноос хойш Төрийн захиргааны шинэ менежментийг нэвтрүүлэх ажлын хүрээнд, бодлого боловсруулалт /төлөвлөлт/, бодлогын хэрэгжилтийг зааглан, бодлого боловсруулах ажлыг салбарын яамдад дагнуулж,бодлогын хэрэгжилтийг шинээр байгуулагдсан агентлагт хариуцуулжээ. Энэ нь зарим талаар үр дүнтэй болсныг үгүйсгэхгүй ч, салбар дагнасан хоорондоо уялдаа муутай бодлого олноор бий болоход хүргэж, эдгээрийг зангидаж, эрэмбэлсэн урт, дунд хугацааны төлөвлөлт үгүйлэгдэх болсон билээ. Энэ байдлыг засахын тулд Монгол Улсын Их Хурал 2008 онд “Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого” хэмээх 2021 он хүртэлх урт хугацааны бодлогын баримт бичиг батлан гаргасан юм. Мөн 2009 онд Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо хэмээх Засгийн газрын тохируулагч агентлагийг Ерөнхий сайдын дэргэд байгуулж, эдийн засгийн бодлого, төлөвлөлт, шинэтгэлийн асуудлыг хариуцуулжээ. Үндэсний хөгжлийн цогц бодлогод 108 стратегийн зорилт, 550 орчим хэрэгжүүлэх арга хэмжээ төлөвлөсөн байдаг. Гэвч эдгээр нь өөр хоорондоо уялдаа муутай, тэргүүлэх чиглэлээр нь эрэмбэлээгүй, шалгуур үзүүлэлт нь тодорхой бус “хүслийн жагсаалт” болсон гэх шүүмжлэл гарсаар байна. Түүний зэрэгцээ, шинээр байгуулагдсан хорооны талаар “төлөвлөлт хийх эрх мэдлийг бүрэн олгоогүйгээс үйл ажиллагаа нь нийгэм болон төрийн байгууллагуудад бүрэн хүрэхгүй байна” гэсэн шүүмжлэл, санал ч олонтаа гарах болсон байна.
Тиймээс хөгжлийн бодлого, төлөвлөлтийн харилцааг хуульчлан, эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлогын нэгдмэл байдлыг хангах, уялдуулах, эдийн засгийн төлөвлөлт, зохицуулалтыг сайжруулах, үүнд оролцох төрийн байгууллагууд болон нийгмийн төлөөллийн харилцааг зохицуулах шаардлагатай байна. Ингэснээр Монгол Улсын хөгжлийн нөөц бололцоог урт, дунд, богино хугацааны тэргүүлэх салбарт хуваарилах, дэмжих, хөгжлийн бодлого, төлөвлөлтүүдийн тасралтгүй, харилцан уялдаатай, нэгдмэл цогц байх зарчмыг хангах боломжтой болох юм.