Ж.Наранцацралтын дурсгалыг хүндэтгэв

Хуучирсан мэдээ: 2010.11.15-нд нийтлэгдсэн

Ж.Наранцацралтын дурсгалыг хүндэтгэв

2007.11.12. Энэ өдөр Монголчуудын хувьд, Дундговьчуудын сэтгэл зүрхэнд хар бараанаар бичигдсэн. Монгол төрийн түшээ, Монгол улсын 18 дахь Ерөнхий сайд Жанлавын Наранцацралт зуурдаар тэнгэрт хальсан эмгэнэлт өдөр. Энэ өдөр түүний төрөл төрөгсөд, найз нөхөд  нутагт нь ирж Дундговьчуудын хамт тэрхүү эрхэм хүний гэгээн дурсгалыг хүндэтгэдэг билээ.

Энэ өдөр “Бидний бахархал-нутгийн ирээдүй” уулзалт, концерт Мандалговьд боллоо. Аймгийн Төв халхын дуулалт жүжгийн театр хөл гишгэх зайгүй хүнээр пиг дүүрчээ. Тайзнаа Ж.Наранцацралт агсны зургийг хүндэтгэлтэй байрлуулж “Их үйлсийн үргэлжлэл” гэж томоор бичсэн харагдана.

Уулзалт, концертын нээлт дээр аймгийн засаг дарга Д.Чандмань хэлсэн үгэндээ: “Энэ эрхэм хүнтэй хамт суралцаж, хамт ажиллаж, нутгийн зөвлөлд төрөлх нутгийнхаа хөгжлийн төлөө арван жил мөр зэрэгцэн  гар, санаа  нийлэн зүтгэж явснаа аз завшаан гэж үздэг юм. Монгол төрд улс төрчийн жудаг, хүнлэг чанарын үлгэр дууриал болж мөнхөрсөн Наранцацралтын маань санаж бодож хийж бүтээж явсан их үйл хэрэг  өнөө ч үргэлжилж байгааг, түүнийг ард түмэн хичнээн их хүндэтгэн хайрладгийг өнөөдөр энэ танхимд багтаж ядан цугларсан та бүхний царайнаас би харж байна” гэж онцлон тэмдэглэлээ.

Уулзалтын эхэнд С.Буяннэмэхийн нэрэмжит шагналт, яруу найрагч П.Нямлхагва сонордуулсан  “Мартаж болохгүйн учир” гэсэн нийтлэлдээ Ж.Наранцацралт агсны монголын төр, нутаг орныхоо төлөө хийж бүтээсэн зүйлс, улс төрчийн хувьд заяагдсан ховорхон чанар, хүн ардад ойр дотно сэтгэлийг мартаж болохгүйн учрыг хол ойрын олон жишээгээр авч ярив.

Уулзалтанд “Наранцацралт” сангийн тэргүүн, Наранцацралтын хүү Соёмбо, талийгаачийн гэргий Н.Алтанцэцэг нар хүрэлцэн иржээ.  Мөн “Наранцацралт” сангийн дэргэдэх эмч нарын хэсэг, оюутны хөдөлгөөнийхөн ч хүрэлцэн ирсэн байв. Тэд Дундговьчуудын эрүүл мэндийн төлөө, говь нутгийн  хөгжлийн төлөөх тус сангийн төслийг хэрэгжүүлэгчид аж.

Уулзалт тоглолтонд яруу найрагч А.Лхагваа, П,Нямлхагва, Н.Гантулга, Б.Болорцэрэн, Т.Зөнбилэг нар шүлгээ уншиж энэ нутгийн уугуул жүжигчин Г.Золбоот, дуучин Э.Төрмандах, морин хуурч  Б.Мөнхтүвшин, хөгжмийн зохиолч Г.Түвшинтөр нар дуу, хуурын дээжээ өргөн барьж Төв халхын дуулалт жүжгийн театрын уран бүтээлчид тоглолтоо слнирхууллаа.

Энд шинэ шүлгээ уншсан яруу найрагч Н.Гантулга “Дундговь нутаг улс төрийн хүрээнд Жанлавын Наранцацралт, уран зохиолд Сормууниршийн Дашдооров гэсэн хоёр ноён оргил болсон гайхамшигт хөвүүдийг төрүүлсэн ард түмэн. Үйл хэргээрээ, бүтээлээрээ мөнхөрсөн тэднийхээ өмнө та бид асар их хүндэтгэлтэйгээр мэхийн ёсолж алдар гавьяаг нь үүрд дурсаж байх учиртай” гэсэн бол төрийн соёрхолт, соёлын гавьяат зүтгэлтэн Д.Төрбатын хүү Зөнбилэг “Би энд нутгийн эрхэм хүндтэй ах Наранцацралтын дурсгалыг хүндэтгэх ёслол дээр хоёр нулимс унагахаар ирлээ” гээд Ж.Наранцацралт агсны дурсгалд зориулсан болон түүний үүсгэн байгуулсан Хур харацага бөхийн дэвжээнд өргөсөн шүлгээ хойно хойноос нь залгуулан уншсан юм.

Монголын зохиолчдын эвлэлийн шагналт, яруу найрагч А.Лхагваа ”Норовбанзадыг дуулахад…” гэдэг шүлгээ уншихад Дундговийн тал нутаг мал сүрэг, хүн ардтайгаа, дуу хууртайгаа, дугараа айрагтайгаа нүдэнд харагдах болж цугларагсад нутаг усныхаа хэдэн зуун жилд ганцхан хувь төрсөн зууны манлай дуучнаа үгүйлэн дурсах нь ажиглагдав.

Мөн “Өнгөт инээд” хамтлагийн дуучин, Соёлын тэргүүний ажилтан Гомбын Золбоот  үзэгчдийг хөгжөөж залуу дуучин Э.Төрмандах “Адуугаараа алдартай Дэлгэрхангай” “Аялгуут нутаг” дуугаар танхимын тэр чигт нь “байлдан дагуулж” хөгжмийн зохиолч Г.Түвшинтөрийн төгөлдөр хуур дээрх  аяз, Б.Мөнхтүвшингийн морин хуурын аялгуу  энэ оройн тоглолтыг чимэглэж байлаа. Жү-до бөхийн дэлхийн аварга С.Мияарагчаа, хувраг Б.Дагва… дандаа Дундговь нутгаар овоглосон нэр цуутай хүмүүс оролцсон энэ уулзалт, тоглолт Ж.Наранцацралт агсны тухай алтан дурсамж, халуун дотно үгээр  дүүрэн дүүрсээр өндөрлөв.
Энэ өдөр Ж.Наранцацралт агсны хөшөөнд ойр дотны хүмүүс, найз нөхөд цэцэг өргөж, хүндэтгэл илэрхийлсэн юм. Мөн “Наранцацралт” сангийн удирдах зөвлөлөөс ажил хэргийн уулзалтууд зохион байгуулсан байна.

С.ПҮРЭВСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж