МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ЦОГЦ ШИЙДЛИЙГ НИЙЛҮҮЛЭГЧ

Өнгөрсөн бямба гаригт Мэдээлэл технологийн салбарын тэргүүлэгч М-Си-Эс Электроникс компани Програм хангамжийн Азийн бүсийн 35-р олимпадад амжилттай оролцож, хүрэл медаль хүртсэн “SMCS” багийн тамирчдыг компани дээрээ хүлээн авч уулзлаа. Тус уулзалтын үеэр М-Си-Эс Электроникс команийнхан “Хятад, Япон гээд Азийн томоохон орнуудын 885 баг дундаас Монгол улсынхаа нэрийг амжилттай гаргаж, хүрэл медаль хүртсэн явдал баяр хүргэн, энэ бол Монгол хүний оюун ухаан дэлхийд өрсөлдөх бүрэн чадамжтайг батлан харуулсан бас нэгэн томоохон үйл явдал боллоо” хэмээн онцлон дурьдав. Мөн Монгол хүн оюун ухаанаараа, оюуны чадвараа дэлхийд улам бүр гайхагдан, цуурайтахыг бэлэгшээн Монгол инженерийн ур ухаанаар бүтээгдсэн дэлхийд өрсөлдөх Могул брэнд компьютерийг багийнханд гардуулав.
М-Си-Эс Электрониксийн хамт олон хэлэхдээ “Могул брэнд компьютер нь Монгол хүний оюун ухаанаар Монголчууддаа зориулагдан бүтээгдсэн компьютер. Энэхүү бүтээлийг Монголчуудынхаа оюуны бүтээлүүдээр хөгжүүлэн тоноглож, дэлхийн шилдэг бүтээгдэхүүнүүдийн нэг болгоход эдгээр оюун ухааны өндөр чадамжтай чадварлаг, авъяаслаг залуучууд хамгаас чухал.” хэмээн хэлж байлаа.
Энэхүү програм хангамжийн Олон улсын олимпиад нь 2010.10.14-10.17 хооронд БНХАУ-ын Тиянжин хотноо зохион байгуулагдсан бөгөөд Монгол улсаас МУИС, КТМС-ийн нийт 3 баг оролцсон юм. Хүрэл медаль хүртсан “SMCS” баг нь Монгол улсын их сургуулийн Математик Компьютерийн Сургуулийн програм хангамжийн тэнхимийн багш Г.Багаболд дасгалжуулагчтай ПХ-4 ангийн оюутан Н.Алмабек, ПХ-3 ангийн оюутан Э.Хонгор, Л.Мөнх-Очир нарын бүрэлдэхүүнтэй байсан юм.
М-Си-Эс Электроникс компани нь Монголын үндэсний програмчлалын олимпиадыг зохион байгуулахад Математик Компьютерын Сургуультай хамтран ажиллаж, багш оюутнуудыг өндөр амжилт гаргахад нь дэмжин ажилласаар ирсэн.
Тус компани нь мэдээллийн технологийн цогц шийдлийг нэг дороос нийлүүлэгч цорын ганц компани бөгөөд нийт ажиллагсдын талаас их хувь нь мэргэшсэн, мэргэжлийн инженер, техникийн ажиллагсад, программистууд байдаг. Энэ ч утгаараа оюутан залуусынхаа инженер, техник сэтгэлгээг хөгжүүлэх, мэдээллийн технологийн мэдлэг боловсролд нь хөрөнгө оруулан, залуу чадварлаг боловсон хүчнийг урамшуулан дэмжин, цаашид улам бүр амжилт гаргахад үргэлж анхаарч ажилладаг нийгмийн хариуцлагатай компани юм.