
Цаг хэтрүүлэн ажиллаж байгаад эрхээ хаалгасан 61 баарнаас 32 нь эрхээ сэргээлгэжээ. Гэвч сурсан юмыг сураар боож болдоггүй гэдэгчлэн тус газрууд шөнө 12 цагаас хойш иргэдэд архи согтууруулах ундаагаар үйлчилсээр буйг цагдаагийнхан учирлав. Ундааны саванд ус, шар айрагны стаканд цай нэрээр пиво зарж байгаа тэдгээр газрын эрхийг бүрмөсөн хаах санал энэ үеэр гарлаа. Өөрөөр хэлбэл дахин хатуухан тэмцэл өрнүүлэх тухай хөндөгдсөн гэсэн үг. Ингэхгүй бол архидалтыг дагаад гэмт хэрэг гарч, иргэд тайван бус орчинд амьдарч байна гэлээ. Хотын зүгээс цагдаагийн байгуулагадаа санхүүгийн дорвитой дэмжлэг үзүүлэхээр чармайж байна. Гахай явган, нохой нүцгэн шахуу гүйж явдаг цагдаа нараа унаажуулж байна. Цаашид ч анхаарах болно. Энэ бүхний хариуд та бүхэн иргэдийн тайван, амгалан амьдралын төлөө ажлаа хийсэн шиг хийх хэрэгтэй гэж анхаарууллаа. Гол нь иргэдийн нэхэл хатуутай асуултуудаас бултах ямар ч арга зам байхгүй. Дүүргүүдийн удирдлагуудтайгаа уулзаж харьяа нутаг дэвсгэр дээрээ архидалт, биеэ үнэлэлт, мансууруулах бодис гэсэн энэ 3 аюулыг алга болгох учиртайг санууллаа. Хотын даргын хэлсэн эдгээр үг ямар ч хэтрүүлэггүй бодит үнэн гэдгийг цагдаа нар ч хүлээн зөвшөөрч, өгсөн үүргийн дагуу ажиллах болно гэлээ.