Автобусны чиглэлд өөрчлөлт орлоо

Хуучирсан мэдээ: 2010.11.14-нд нийтлэгдсэн

Автобусны чиглэлд өөрчлөлт орлоо

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Энхтайваны өргөн чөлөө, баруун, зүүн дөрвөн замын уулзвар хооронд зорчих  нийтийн тээврийн үйлчилгээний автобус, троллейбусыг авто замын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр  явуулах  шийдвэрийг энэ сарын 15-наас буюу маргаашнаас эхлэн  хэрэгжүүлэхээр болсон билээ.  Дээрх шийдвэр хэрэгжиж эхэлснээр  нийтийн тээврийн үйлчилгээний том аврын автобус,  троллейбусны зарим  чиглэлд  өөрчлөлт орсон байна.

    Тодруулбал М:26 буюу “Их наран–МУИС” чиглэлийн автобуснууд “Баруун 4 зам”-ын автобусны буудал дээр зогсдог байсан бол одоо “Элба”-ын буудал дээр зогсоод Бөмбөгөр-Тэнгис-МУИС гэсэн чиглэлд  явах бол М:17  буюу  “Орбит–Цэцэг төв–Тэнгис кино театр”, М:22  буюу  “Сонсголон–Цэцэг төв–Тэнгис кино театр” чиглэлүүдийн автобуснууд  Баруун 4 замаар зүүн гар тийш эргэж  “Элба”, “Бөмбөгөр”, “Чингэлтэй дүүрэг”, “Ард кино театр”, “Мөнгөн завъяа”, “Мэргэжилтний 20” гэсэн буудлууд дээр зогсон хотын төвөөр нар зөв тойрон явахаар болжээ.  Иймд тус чиглэлүүдээр  зорчдог  иргэд эсрэг талын автобусны буудлээс  сууж, буух боломжтой бөгөөд цаг хугацаагаа урьдчилан тооцоолохыг холбогдох  байгууллагаас анхаарууллаа.  Дээрх арга хэмжээг хэрэгжүүлснээр зүүн, баруун 4 замын хооронд 40 – 60 минут явдаг байсан бол  15 – 20 минутын хугацаанд явах  боломжтой болно гэж үзэж байгаа аж.

    С.Отгон
    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж