Моцартын сүүлчийн бэлэг

Хуучирсан мэдээ: 2010.11.14-нд нийтлэгдсэн

Моцартын сүүлчийн бэлэг

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Суут Моцарт амьдралынхаа сүүлийн жилд ер бусын нэгэн бэлгийг бидэнд бэлдсэн нь “Увдист лимбэ” дуурь Өнгөрсөн бямба гаригт гоц авьяастны бидэнд үлдээсэн гайхамшигт бэлгийг хүртэх завшаан тохиов. Амьдралынхаа туршид нийт 22 дуурь бичсэн суут хөгжмийн зохиолчийн хамгийн сүүлийн бүтээл болох энэхүү дуурийн анх 1791 оны есдүгээр сарын 30-нд Австрийн Венн хотод тоглож байжээ. Түүнээс хойш 200 орчим жилийн дараа буюу 1993 оны нэгдүгээр сарын 16-нд манай Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа анх энэхүү дуурийг тоглож байсан аж.

    Венн хотын театрт болсон анхны тоглолт дээр уг дуурийн либретог бичсэн Германы жүжгийн зохиолч Emanuel Schikaneder гол дүрүүдийн нэг болох шувуу намнаач Papagyeno-гийн , харин Моцартын бэр эгч Josepha Weber Харанхуйн хатны дүрийг тус тус амьдруулж байжээ. Хамгийн сайхан нь суут хөгжмийн зохиолч пример дээрээ өөрөө оркестороо удирдсан гэдэг. Түүнээс хойш яг гурван сарын дараа буюу 1791 оны арванхоёрдугаар сарын 30-нд Моцарт таалал төгссөн аж.

    Бямба гаригийн үдэш удирдаач, урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Туулайхүү симфони оркестр дохиж хаан Зарастрогийн дүрд Ч.Чинзориг, Харанхуй хатанд Ардын жүжигчин В.Жавзандулам, ханхүү Таминод Ц.Доржсүрэн, Памина гүнжид Ө.Уянга, Папагеоны гэргий Папагенад японы сопран Юми Окуяама, хаан Зараострогийн Моностатост Г.Шижирболд, хааны шадар мэргэнд А.Сайнбаяр, эмгэнд Б.Цэрэнханд нар тус, тус тоглосон.

    Дуурийн театрын шилдэг сопран, Ардын жүжигчин Б.Жавзандулам энэ үдэш жинхэнэ хатан хаан байв. Тэрбээр сүр хүчит, хорон муу санаат Харанхуйн хатны дүрийг чадварлаг амилуулж, уг дуурийн хамгийн анхаарал татам хоёр ариг бахархмаар дуулж үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөж чадсан.

    Дуурийн хоёрдугаар бүлэг дээр Харанхуйн хатан хааны дуулдаг “Der Holle Rache kocht in meinem Herzen” буюу “Тамын өшөө хорсол зүрхэнд минь буцалж байна” ари нь энэ дуурийн хамгийн хүнд аринд тооцогддог. Зөвхөн энэ дуурь ч гэлтгүй “Харанхуйн хатан хааны ари” гэж нэрлэгдэж заншсан энэхүү алдартай ари нь дуурийн урлагийн хамгийн хүнд ари гэгддэг ажээ. Хоолойны өргөн цар хүрээ, хүч чадал шаарддаг энэ ариг дуулахад дуучны хоолой F6 өнгөнд хүрдэг байна. F6 нь дуурийн хамгийн дээд өнгөнд тооцогдоно.

    Нэгдүгээр үзэгдэл дээр Харанхуйн хатан хаан анх гарч ирэн ханхүү Таминотой уулздаг хэсгийн  “O zittre nicht, mein lieber Sohn” буюу"Tremble not, my dear son" ари ч бас алдартай. Энэ ариг дуулахад ч мөн F6 өнгөнд хүрдэг аж. Хэдийгээр энэ ари нь Харанхуйн хатан хааны хоёр дахь ари болох дээр дурьдсан "Der Holle Rache kocht in meinem Herzen"-тай харьцуулахад арай хөнгөн боловч дуучнаас хоолойны уян хатан байдал, маш өндөр өнгөтэй сопрано колоратура хоолойг шаарддаг байна.

    Харанхуйн хатны охин гүнж Паминагийн дүрд тоглосон дуучин Ө.Уянга үзэгчдийн харамгүй алга ташилтыг хэдэнтээ авч байв. Хоёрдугаар бүлэг дээр гүнж Памина ханхүү Таминогийн лимбэний уянгат эгшгийг сонсоод хайсаар олж ирдэг хэсэг бий. Харин амраг хайрт ханхүү нь хэнтэй ч, юу ч ярихгүй сорилоо давахын тулд хайртай Паминатайгаа үг сольдоггүй. Ингэхэд Паминагийн сэтгэл шархалж, амьдрал минь энд хүрээд төгслөө гэж гуниглана.

    Энэ хэсэгт Памина гүнжийн дуулдаг “Ach, ich f"hl"s, es ist verschwunden” ари нь “Увдист лимбэ” дуурийн хамгийн сайхан аялгуулаг хөгжмийн нэгт тооцогддог. Магадгүй Моцартын бүх дууриуд дундах хамгийн сайхан аялгуу ч гэж урлаг судлаачид үздэг байна. Веннд тоглосон анхны пример дээр Паминагийн дүрд 17 настай Anna Gottlieb гэх залуухан охин тоглосон гэдэг. Тэр охин өмнө нь Моцартын  “Figaro” дуурийн Барбаринагийн дүрд дуулж байсан аж.

    Дуучин Ө.Уянга Моцартын хамгийн аялгуулаг болох  “Ach, ich f"hl"s, es ist verschwunden”-ыг сэтгэл хөдлөлтэйгөөр гайхалтай илэрхийлж дуулсан.

    Герман хэл дээр бичигдсэн энэхүү дуурь нь “singspiel” буюу дуулалт жүжиг гэсэн ангилалд хамаардаг байна. Үүнийг дуурийн нэг жанр гэж авч үздэг. Энэ жанр нь харилцан яриа ихтэй, хөгжим, үг яриа болсон хэлбэр юм. Тийм болохоор дуучдаас драмчилсан жүжиглэлт илүү ихээр шаарддаг. Шувуу намнаач Папагеногийн дүрд тоглосон дуучин Баттөр энэ үдэш дуурийн дуучинд зайлшгүй байх ёстой чадвар болох жүжиглэх авьяасаа тод томруун нотлон харуулж, үзэгчдээс өндөр үнэлгээ авч байлаа.

    Моцартын сүүлийн, бас үүрдийн бэлэг… Сайхан үдэш байлаа.

    Ж.Нандиа

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж