“Тээврийн хэрэгслийн өнгө үзэмж, соёл дэг журам” сэдэвт хяналт шалгалтыг Нийслэлийн нийтийн тээврийн газрын хяналт шалгалтын хэлтэс, Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн ажлын алба хамтран энэ сарын 22-25-ныг дуусталх хугацаанд хийсэн билээ. Нийтийн тээврийн үйлчилгээний өнгө үзэмж, сахилга дэг журмыг сайжруулах, Монгол Улсын хууль тогтоомж стандартыг хэрэгжүүлэх зорилготой гэдгийг зохион байгуулагчид нь онцолсон юм. Энэ үеэр 27 аж ахуй нэгжийн 56 чиглэлийн 592 автобусанд үзлэг шалгалт хийсэн аж. Шалгалтаар тасалбар түгээгч нар тасалбараа зорчигчдод түгээдэггүй, дүрэмт хувцсаа өмсдөггүй, автобусны гадна, дотны цэвэрлэгээ хангалтгүй, буудал зарлах үйлчилгээ жигдрээгүй зэрэг дутагдал илэрсэн байна. “Зөрчил гаргасан аж ахуй нэгж, байгууллагуудын удирдлагуудад илэрсэн дутагдлаа тодорхой хугацаанд арилгах үүрэг даалгавар өгсөн” хэмээн Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн албаны дарга С.Буянхишиг ярилаа. Дашрамд сонирхуулахад, дээрх хяналт шалгалтыг 40 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг хийсэн байна.
Б.Анх