Улс дамнасан хакеруудын бүлгэмийн толгойлогч Альберт Гонзалес гэгч этгээд АНУ-ын шүүхээс 20 жилийн ял сонсчээ. Энэ нь кибер гэмт хэргийн түүхэн дэх хамгийн олон жилийн ял гэнэ. Гонзалес болон түүний хамсаатнууд 40 сая ам долларын төлбөрийн картны дугаар олж авахаар корпорацуудын сүлжээнд нэвтэрчээ. Тэдний нэвтэрсэн корпорацуудад TJX Co, BJ Club, Barnes and Noble байсан байна. Эдгээр хакерууд нийт 200 сая ам.долларыг дээрх аргаар луйвардсан нь тогтоогдсон байна. Өдгөө 28 настай Гонзалес хүүхэд байхаасаа хэрэг төвөгт орооцолдож эхэлсэн бөгөөд хар тамхи, согтууруулах ундаа хэрэглэдэг байжээ. Түүнийг анх 1998 онд илрүүлсэн бөгөөд тэрээр тухайн үед АНУ-ын нууц албанын мэдээлэгчээр ажиллаж байсан байна. Тэрбээр төлбөрийн картны дугааруудыг ашиглан их хэмжээний ам.доллар халаасалжээ. Гонзалес асар үнэтэй зочид буудалд байрлаж, төрсөн өдрийнхөө баярт 75 мянган ам доллар цацаж, гоёмсог машин, үнэтэй цаг хэрэглэж байсан нь хэргийг нь илчилжээ. Тэрээр мөн байшингийнхаа арын хашаанд нэг сая ам.доллар булсан байсан нь илэрсэн байна. Шүүгч түүнд ял оноохдоо “Гонзалес санхүүгийн системийг доргиоход нөлөөлсөн. Өсвөр насныхан түүнээс сургамж авах болно. Гэмт этгээд хийсэн хэргийнхээ төлөө хэзээ нэгэн цагт шийтгүүлдэг ёстой” гэжээ.