Светлана Хоркина: Эрчүүд над шиг өөртөө итгэлтэй, эрч хүчтэй эмэгтэйгээс зай барьдаг

Хуучирсан мэдээ: 2010.02.26-нд нийтлэгдсэн

Светлана Хоркина: Эрчүүд над шиг өөртөө итгэлтэй, эрч хүчтэй эмэгтэйгээс зай барьдаг

Спортын гимнастикийн олимпийн аварга Светлана Хоркинагийн дасгал хийж буй нь яг л өд мэт хөнгөхөн. Энэ эмзэг, турьхан охины гар нь хүнд хөдөлмөр эрхэлдэг мэт эвэршсэн байдаг гэвэл та итгэх үү. Түүний “Престиж” сэтгүүлд өгсөн ярилцлагыг сонирхуулж байна.

-Светлана та “Оддын цирк” шоунд оролцохоор мэргэжлээ сольж, агаарын гимнастикчин болсон. Аймшигтай байсан уу?

-Тэгэлгүй яахав. Спортын гимнастикт би өөрийнхөө төлөө өөрөө л хариуцлага хүлээдэг. Хэнд ч найдахгүй. Гэтэл циркт хамтрагчаас хамааралтай байдаг. Агаарын гимнастикийн үед би агаарт шидэгдэнэ. Энэ үед хэд хэдэн үзүүлбэр хийж амжих ёстой. Харин эргээд “газардах” үед хамтрагч маань алдалгүй барьж авдаг. Цирк бол итгэлцэл дээр л тулгуурладаг урлаг юм билээ.

-Олны танил хүмүүс хэнд ч итгэдэггүй. Сум үл нэвтрэх хантааз өмсчихсөн юм шиг л авир гаргадаг шүү дээ?

-Тийм ээ. Ялангуяа их спортод. Олон жилийн хүнд хөдөлмөрийн дараа бүх хариуцлагыг  үүрч явна гэдэг маш хэцүү. Өнөөдөр нуруун дээрээ үүрч яваа бүхнийг нөхөр, найз залуудаа итгээд өгчихнө гэхэд толгойд нэг л багтаж өгөхгүй л байна. 

-Яагаад?

-Миний олон жил хөлсөө дуслуулан байж олсон нэр хүндийг минь эрчүүд ашиглаж, өөрийн атгаг санаагаа хэрэгжүүлэх гээд байгаа юм шиг санагдаад байдаг юм.  

-Тамирчдын өдрийн дэглэм хатуу гэдэг биз дээ?

-Тийм л дээ. Гэхдээ би энэ дэглэмийг эвдэх хэмжээний эрх дархтай байсан.  Би дэлхийн нэг номерын гимнастикчин. Бэлтгэл сургуулилтаа хаяж явах нь   амжилтад нөлөөлдөггүй болохыг би хэд хэдэн удаа баталчихсан. Гэхдээ өдөр шөнөгүй шоудаж, бүжиглээд байна гэсэн ойлголт биш л дээ. Би зугаацмаар санагдвал хагас сайнд шоудаад маргааш нь заавал амардаг. 

-Дурлал…Танд хэр олон залуус дурласан бол, та бас өөрөө?

-За тэгвэл бид ямар хүрээлэлд байдгийг аваад үзье. Олимпийн наадам. Энэ үед дэлхийн спортын бүх одууд цуглардаг. Хаалт, нээлтийн хүлээн авалтууд болно. Энэ үед дур булаам шокаладан биетэй сайхан итали, мексик залуус цугларна … Гэхдээ гэмгүй дурлалцаад л өнгөрдөг. Үнэн шүү. Хүн л болсон хойно бусадтай адилхан шүү дээ.

-Гадаад фенүүд чинь танд хэр таалагддаг вэ?

-Манай орос эрчүүд нээлттэй, Аливаад сэтгэл зүрхээрээ ханддаг. Харин гадаад эрчүүдийн сэтгэлгээ их өөр. Дутуу ойлголцол ямар нэг хэмжээгээр байдаг юм. Гэхдээ л гадныхан сайхан шүү. Надтай дотносох гэж зориуд орос хэл сурч байсан залуу ч бий. Бид ч бас халтар хултар олон хэл сурсан.  Гэсэн ч бид спортын амжилтын төлөө ёстой л “тэрэгний морь” шиг зүтгэдэг байлаа.

-Мэргэжлийн спортод амжилт гаргахын тулд өөрийгөө золиослох хэрэгтэй гэдэг үнэн үү?

-Үүнийг чи өөрөө л шийдэх хэрэгтэй. Хэрвээ нэр алдар, хөрөнгө мөнгө хүсч байгаа бол мэдээж хэрэг, аль нэгийгээ золиослох л болно. Энэ зөвхөн спорт ч биш, урлагт ч мөн адил. Бидний хувьд эрүүл мэндээрээ л их хохирдог юм.

-Тантай ярилцахад “хүчирхэг эмэгтэй юм” гэсэн сэтгэгдэл төрлөө?

-Хэрэв тийм бол энэ гимнастикийн ач. Би бүр цэцэрлэгт байхын хэнд ч мөчөөгөө өгдөггүй шартай охин байсан юм.

-Энэ занг  чинь эрчүүд таашаадаг болов уу?

-Эрчүүд над шиг өөртөө итгэлтэй, эрч хүчтэй эмэгтэйгээс зай барьдаг. Бүр эмээдэг гээч. Яагаад би нөхөргүй явааг ойлгов уу. .. Тоглосон юм аа.
Ер нь эрч хүчтэй эмэгтэй хүн нөхөрт гарахад хэцүү л дээ. Хүчирхэг эрчүүд тун цөөн болж. Гэхдээ эмэгтэй хүн ийм чанга хатуу байх нь буруу гэж бодож байна. Уян зөөлөн, эрчүүдэд хандан үргэлж “Help”гэж байх хэрэгтэй. Гэтэл би тийм биш. Жүжиглэж  ч чадахгүй. Тэгж өөрийгөө эвдээд хэрэггүй гэж бодож байна.  Хүчирхэг эрчүүд төрөх байлгүй дээ. Хүүгээ л ийм эр хүн болгох гэж хүмүүжүүлж сууна даа. За За. Миний яриа хэнд ч хэрэггүй. Ер нь ямар ч эмэгтэйд насныхаа ханиа олох хэцүү шүү дээ.

-Нөхөрт гарах хэрэгтэй юу эсвэл энэ хоцрогдсон ёс жаяг уу. Та юу гэж бодож байна.

-Яагаад хоцрогдсон гэж. Албан ёсоор бүртгүүлж, хурим найр хийх сайхан шүү дээ. Одоогийн энэ хамтран амьдрагч гэдэг нь миний бодлоор хамгийн буруу зүйл. Хамтран амьдарна гэдэг чинь үнэн хэрэгтээ хариуцлагаас л  айсан хүмүүс байдаг юм. Би үүнийг ганцаардлаас айсан аймхуу хүмүүсийн түр зуурын амьдрал гэж тодорхойлно.

-Ажлаа нэгдүгээрт, гэр бүлээ хоёрт тавьдаг эмэгтэйчүүдийг та юу гэж үзэх вэ?

-Амьдрал өөр л дөө. Зарим үед гарцаагүй ийм шаардлага тулгардаг. Миний хувьд бол гэр бүлээ л нэгд тавина. Карьер дуусдаг жамтай. Би 20 настайдаа ид мандаж байсан. Тэр үед “Тохирсон хүнтэй учиртлаа  ажлаа нэгдүгээрт тавина” гэж боддог байсан.

-Аз болж та 20 настайдаа хэнтэй ч учирсангүй. Тэгээгүй бол Хоркина гэдэг олимпийн аварга төрөхгүй л байж дээ?

-Үгүй л дээ. Хайрлаж, хайрлуулахыг би үргэлж хүсдэг байсан. Эгч, аав, ээж  маань үргэлж хамт  байсан ч би  өөр зүйлийг хүсч мөрөөдөж явсан.

-Гимнастикчид насанд хүрээгүй охидууд шиг л харагддаг шүү дээ?

-1993 онд Орос улсын шигшээ багийг  бүрэлдүүлэхэд би багийн ахлагч нь болж байсан. 14 настай даа. Ер нь спорт маш их зүйлд сургадаг. Хүнийг таних, хариуцлага үүрэх, сахилга баттай байх гээд олон зүйлд суралцдаг. Ялж дийлэх хүсэл асч, өөрийгөө үргэлж дээшлүүлэх зан авир төлөвшдөг.

-Саяын яриа чинь эмэгтэй хүнд нэг л тохирохгүй  санагдах юм?

-Яалаа гэж дээ. Эмэгтэй хүн ч гэсэн ийм зан чанарыг эзэмшсэн байх ёстой гэж бодож байна. Өнөөдөр би маш их өөрчлөгдсөн. Урьдынхаасаа илүү уян зөөлөн болсон. Түшиж тулах хүн, үр хүүхэдтэй ч боллоо. Үүнийг би эерэг сайн өөрчлөлт гэж бодож байгаа. 

-Тийм шүү. Өмнө нь таныг ингэж төсөөлөхгүй л байсан?

-Би ямар хочтой байсан гээч. Цасны хатан хаан. Гимнастикийн модон морь, дамнуурган дээр гарчихаад мушилзаад зогсоод байна гэж байхгүй биз дээ. Хүнд, эрсдэлтэй  дасгалыг хийхийн тулд ухаан санаагаа төвлөрүүлэх хэрэгтэй байдаг. 

-Их спортоос авч байсан их баяр хөөрлийг одоо хаанаас олдог вэ?

-Хүүгээсээ. Зарим тамирчид их спортоос буух хөрсөө бэлдээгүй учраас дипресст ордог .Харин би хөрсөө бэлдчихсэн. Нэг хүүхэд цөөдөж байна шүү. Хоёрдахь нь хэрэгтэй. Би хүүхдээсээ маш их сэтгэлийн ханамж авдаг.

-Спорт гадаад төрхөд муу нөлөөтэй гэж ярьдаг?

-Миний гараас бүх эрчүүд айна гэж би урьд нь боддог байлаа. Эвэршсэн гараараа  хацрыг нь илэнгүүт зугтаад явчихна гэж бодож байсан. Гэтэл би энэ л гарынхаа хүчээр бүх зүйлээ олж авсан шүү дээ. Одоо миний гар арай эмэгтэйлэг зөөлөн болсон байгаа биз дээ. Тэр үед би өөрийгөө бага арчилдаг байжээ.

-Та гоо сайхандаа хэр анхаарал тавьдаг вэ?

-За, өдөр бүр маникюр, педикюр, массаж хийлгэдэг. Үсчин орно. Бас шокалад, сүүнд орох дуртай.

-Стрессээ хэрхэн тайлдаг вэ?

-Аз болж хүүхэд маань байгаа болохоор стресст бараг ордоггүй. Найзуудтайгаа дэлгүүр хэсч, саунд ордог. Стресс гэдэг бол нүх. Энэ нүх рүү унаж болохгүй. Тиймээс өөрийн нууц авьяасаа нээх хэрэгтэй. Жишээ нь би гайгүй дуулчихдаг. Бас дурсамж номоо бичиж байгаа. Ирээдүйн гимнастикчдад хэрэг болох байх.     
-Та биеийнхээ жинг яаж барьдаг вэ. Энэ тухай зөвлөгөө өгөөч?

-Зөвлөгөө ч юу байхав дээ. Удамшил их үүрэгтэй. Би торт, амттанд дургүй.

-Тэгээд юунд дуртай юм бэ?

-Янз бүрийн далайн амьтанд дуртай. Цагаан дарс ч уучихна.

-Өмнө дарс уудаг байсан уу?

-Нойр хульжихад хундага улаан дарс уучихдаг байсан. Нойронд сайн бас цус төлжүүлнэ.

Та жингээ хянадаг уу?

-Үгүй, айл болгон л жинтэй. Би сурснаараа жингээ хэмжиж  л байдаг. Гэхдээ одоо миний хувьд асуудал биш болсон.

-Ер нь таргалахгүйн тулд юу идвэл дээр вэ?

-Ойр ойрхон бага багаар идэх хэрэгтэй. Америкчууд шиг гахай мэт чихэж болохгүй. Хар талх сайн. Италийн мөхөөлдсөнд дуртай. Тун дажгүй.

-Та өөрийнхөө тухай нэг аймшигтай нууц дэлгээч?

-Би ч нэг их нууц хадгалаад байдаггүй. Аа, тийм би багадаа их зөрүүд охин байсан /инээв/.

-Тиймээс “Рлау Бой” сэтгүүлд нүцгэн зургаа авахуулсан хэрэг үү?

-Үгүй дээ. Энэ ч их эртний явдал. Би тэгэхэд гоё байжээ. Зарим хүн энэ талаар таагүй ханддаг ч үнэн хэрэгтээ эрчүүдэд их таалагдсан юм шиг санагддаг шүү.

2007.11.29

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж