Арваннэгдүгээр сарын 14

Хуучирсан мэдээ: 2010.11.14-нд нийтлэгдсэн

Арваннэгдүгээр сарын 14

Арваннэгдүгээр сарын 14-ний баяр

Сахрын шижин өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр

Сахрын шижин өвчинтэй тэмцэх дэлхийн өдрийг (World Diabetes Day) 1991 онд Олон улсын диабетын холбоо (International Diabetes Federation) ба Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (World Health Organization) диабет ихсэж байгаагийн эсрэг бий болгожээ.

Канадын залуу эрдэмтэн Фредерик Бантинг (Frederick Banting) 1922 оны нэгдүгээр сард сахрын шижингийн хүндрэлтэй байсан 14 настай хүүхэд инсулин тарин аварсан байв. Тэрээр инсулины патентыг авахын оронд бүх эрхээ Торонтын их сургуульд шилжүүлжээ. Цааш нь инсулиныг үйлдвэрлэх эрх Канадын анагаахын судалгааны зөвлөлд очсон ба уг эм 1922 оны сүүлчээр зах зээлд гарч ирсэн байв.

Диабеттай тэмцэх өдөр 2007 оноос хойш НҮБ-ын ивээл дор явагдах болсон бөгөөд энэ өдөр тэмдэглэхээр сонгогдсон нь 1891 оны арваннэгдүгээр сарын 14-нд төрсөн Бантингийн гавъяаг мөнхжүүлэх гэсэнтэй холбоотой.

Фредерика Бантинг ба түүний хамтрагч Чарльз Бестын (Charles Best) бүтээсэн инсулин олон сая хүний амийг аварсан юм. Сахрын шижин эмчлэгддэггүй ч инсулины тусламжтайгаар түүнийг барьдаг. 1923 онд

Бантинг ба Маклеод  (Macleod) нарт энэ нээлтийн төлөө Нобелийн анагаахын шагналыг олгосон  юм. Харин Бестыг энд мартсан учир Бантинг сэтгэл их дундуур байсан ба тэрээр шагналынхаа тал хувийг Бестэд өөрөө өгч байжээ.

Энэтхэгийн хүүхдийн өдөр

Тус орны анхны ерөнхий сайд Жавахарлал Неругийн (1889 он) төрсөн өдрөөр уг баярыг бий болгожээ.

Үйл явдал

Брюс Тана нуур хүрэв

1770 он: Африкийн Зүүн Хойд хэсгийн олон хэлийг мэддэг Шотландын хэл судлаач, 1763 оноос Алжирт сууж байсан Британийн консул Жеймс Брюс Этиопын өндөрлөг дэх Тана нуурт хүрэв. Энэ нуурнаас Нил мөрний баруун цутгалан Цэнхэр Нил урсан эхэлдэг. Урсах гэдгээсээ нарийн горхи болон гоождог гэвэл зохимоор. Цэнхэр Нилийн хамт Нил мөрнийг  үүсгэдэг Цагаан Нилийн тухай тэр үед бараг мэддэггүй байсан учир Брюс өөрөө 1000 жилийн нууцыг тайлсан гэж байв. Цэнхэр Нилийн эхлэлийг XVI – XVII  зуунд судалсан португали иезиут даяанчдын ажлыг Брюс бараг үгүйсгэж байсан ч түүний бичсэн “Нилийн эхийг судлахаар аялсан нь” гэсэн таван боть ном нь газар зүйн томоохон бүтээлүүдийн нэг болсон юм.

Нелли Блай дэлхийг тойрох аянд гарав

1889 он: Нью-Йоркийн “ Нью-Йорк уорлд” сонины 22 настай сэтгүүлч Нелли Блай (жинхэнэ нэр нь Элизабет Кокрейн, 1864-1922) Жюль Верны “Ная хоногийн дотор дэлхийг тойрсон нь” номын баатрын амжилтыг эвдэхээр дэлхийг тойрсон аялалд гарсан байна. Америкийн хэвлэлд “шинэ, үр дүнтэй сэтгүүл зүйг” оруулж ирсэн Жозеф Пулитцерийн эрхлэн гаргадаг сонины редакци уг аялалыг ивээн тэтгэсэн ба Блай дэлхийг 72 хоног зургаан цаг 10 минут 11 секундын дотор тойрсон байна. Тэр эмэгтэй зогссон газар бүрээсээ богино сурвалжлагыг телеграфаар редакцидаа илгээж байв.  Түүнд 75 хоногийн өгсөн байсан ба тэр Ла-Маншийн хоолойгоор гатлаад нэг өдрийг золиослон Жюль Вернээс ярилцлага авахаар Амьен хотноо очсон байв. Нэгдүгээр сарын 25-нд Блайг төмөр замын буудлаас машинаар угтан авч редакцид орж ирсэн цагаар түүний дэлхийг тойрсон аялал албан ёсоор бүртгэгдсэн байна. Тэр “72 хоногийн дотор дэлхийг тойрсон нь “ ном бичсэн ба түүний аяллын дараа сониных нь хувь өсч, олон хүнд дэлхийг тойрох хүсэл төрсөн байна. Аяллаасаа хоёр жилийн дараа тэр дэлхийг тойрох аялалд хоёр ч удаа гарч 67 ба 66 хоногт тус тус дэлхийг тойрч байжээ. Энэ эмэгтэй галзуу хүн болон галзуугийн эмнэлгээс сурвалжлага хийж байлаа.

Герман Англид хамгийн хүчтэй агаарын довтолгоо хийжээ

1940 он: Гитлерийн нисэх хүчин Дэлхийн II дайны түүхэнд хамгийн хүчтэй бөмбөгдөлтийг Британийн аралд хийлээ. Германы 500 бөмбөгдөгч онгоц Ковентри хотын төвийг бараг газартай тэгшилжээ. Нийтдээ 600 иргэд алагдаж,55 мянган байр, байшин сүйрсэн байлаа. Цэргийн үйлдвэрүүдээс гадна XIV зууны “босоо стилийн” гэх алдартай сүм ч бөмбөгдөлтөөр нуржээ. Тэр үед герман хэлэнд coventrieren  гэсэн шинэ нэр нэмэгдсэн нь “газрын хөрснөөс арчих” гэсэн утгыг илэрхийлж байв.

Кондолиза Райс төржээ

1954 он: АНУ-ын Алабама мужийн Бирмингем хотноо АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Кондолиза Райс төржээ. Кондолиза Райс нөлөө бүхий Стэнфордын эх сургуулийн анхны өнгөт арьстан дэд захирал болсон мөн АНУ-ын анхны өнгөт арьстан эмэгтэй Төрийн нарийн бичгийн дарга байлаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж