Өнгөрсөн бямба гаригийн үдэш Улсын Драмын эрдмийн театрын өмнөх талбайд “Гэгээн муза-2009” наадмын улаан хисвний ёслол болж өнгөрлөө. Тус ёслолд жүжигчин У.Уранчимэг машинаас бууж ирэхдээ л тэнд цугласан хүмүүсийн анхаарлыг татаж чадсан. Нүд гялбам сүрлэг, дэгжин, бас хамгийн сүүлийн үеийн загварын чиг хандлагатай хувцасласан жүжигчин гэвэл Уранчимэг байлаа. Хамбан хар даашинзыг, гялалзсан шигтгээн гоёлоор чимсэн даашинз түүнийг гайхалтай гоё биетэй, гуалиг харагдуулж байв. Холливудын оддын унаж тусах болсон Balmain загварын ордны загварыг санагдуулам өндөр шовх мөр түүний даашинзны гол акцент байсан. biker jacket-ны загвараар хийсэн ийм урт даашинз анх удаа л харлаа. Бас сонин л юм. Таалагдсан. Гэхдээ хэтэрхий олон деталь нэг даашинзанд оруулсан нь хаанаа акцент өгч байгааг нь мэдэгдүүлэхгүй төөрүүлж орхисон. Мөр, зах, бүсэлхийний хоёр хажуу хэсэг, хормой, бээлий… Байж болох бүх газар деталиуд өгсөн нь хэтэрхий нүсэр загвар шиг харагдуулж байсан талтай. Гэхдээ энэ үдэш тэр монгол Rihanna болсон байсан. Түүний үс засалт ч гайхалтай зохицсон байв.