Жүдочид гараагаа тааруу эхлүүлэв

Хуучирсан мэдээ: 2010.11.13-нд нийтлэгдсэн

Жүдочид гараагаа тааруу эхлүүлэв

Гуанжоу хотноо эхэлсэн Азийн XVI спортын их наадмын эхний өдөр Монголын баг тамирчид уран сайхны гимнастик, бадминтон, бильярд, гандбол, жүдо, буудлага, софт теннис, усанд сэлэлт, ширээний теннис, талбайн теннис, триатлон, волейбол болон хүндийг өргөлтийн төрөлд өрсөлдөж байна.

Манай баг тамирчдын салхийг хагалж, триатлоны эмэгтэйчүүдийн төрөлд Т.Энхжаргал өрсөлдсөн. Гараанаас нийт 11  тамирчин гарч уралдсанаас манай тамирчин усанд сэлэлт, дугуйн уралдаан болон гүйлтийн төрөлд бүгдэд нь сүүл мушгиж, 2:41:56,04 цагийн амжилтаар 11-р байрт бичигдсэн юм. Харин энэ төрөлд Японы тамирчид алт, мөнгө медалийн эздээр тодорч, БНСУ-ын триатлонч хүрэл медалийн тавцанд гарчээ.

Монголын баг тамирчдаас хамгийн их итгэл найдвар хүлээлгэж буй жүдочдын хувьд гараагаа тун тааруу эхлүүллээ. Наадмын эхний өдөр жүдо бөхийн хамгийн хүнд жингийн барилдаанууд, тодруулбал, эрэгтэйчүүдийн -100 ба +100 кг, эмэгтэйчүүдийн -78, +78 кг-ын жинд аваргууд тодрох учиртай. Манай улсаас дээрх жингийн төрөлд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр /-100 кг/, Б.Сугаржаргал /+100 кг/, П.Лхамдэгд /-78 кг/, Д.Цэрэнханд /+78 кг/ нар зодоглож байна.

Гавьяат тамирчин Д.Цэрэнханд +78 кг-д эхний барилдаандаа Казахстаны Гулжан Иссановатай хийж, юүко үнэлгээгээр ялагдсан бол -78 кг-ын жинд П.Лхамдэгд мөн л Казахстаны бөх Галия Улментаевад цэвэр ялагджээ. Харин эрэгтэйчүүдийн тухайд -100 кг-д Н.Түвшинбаяр эхний барилдаанаа Зафар Мадаминовтой хийх байсан ч өрсөлдөгч бөх нь жин хэтэрсэн шалтгаанаар хасагдсан учир манай бөх эхний барилдаанаа Тажикистаны тамирчин Мухамадморуд Абдурахмоновтой хийж цэвэр ялагдсан бол Б.Сугаржаргал Ираны Реза Мохаммад Родакид мөн цэвэр ялагдсан байна.

Өнөөдөр 15.00 цагаас медалийн төлөөх шийдвэрлэх барилдаанууд болох бөгөөд Н.Түвшинбаяр, П.Лхамдэгд нар торгуулийн барилдаанд хүч үзнэ. Тодруулбал, Н.Түвшинбаяр Ираны Жавад Махжоубтай, харин П.Лхамдэгд Вьетнамын Тран Тью Дьютэй барилдах юм. Тус барилдаанд ялбал манай тамирчид хүрэл медалийн төлөө барилдана.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж