Азийн наадмын галт бамбар бадамлалаа

Хуучирсан мэдээ: 2010.11.12-нд нийтлэгдсэн

Азийн наадмын галт бамбар бадамлалаа

БНХАУ-ын өмнөд хэсгийн Гуандун мужийн Гуанжоу хотноо Азийн XVI спортын их наадмын галт бамбар бадамлалаа. Энэ удаагийн Азийн наадамд Шар тивийн 45 орны 9000 гаруй тамирчид спортын 42 төрлөөр 476 багц медалийн төлөө өрсөлдөхөөр Гуанжоу хотноо нэгэн хүсэл мөрөөдлийн дор цуглаад байна.

Азийн спортын их наадмын нээлтийн ажиллагаа зохион байгуулагчдын зүгээс амлаж байсанчлан дэлхий нийтийг алмайруулж, хойч үеийн Азийн наадмыг зохион байгуулах хотуудын хувьд өндөр босго татсан гэж болно. “Цэцгийн хот” гэгддэг Гуанжоу хотыг бэлгэдэж, нээлтийн ёслолын ажиллагаа бүхэлдээ цэцэг болоод усны гайхамшгийг мэдрүүлж байв. Хайсиньша аралд ёслол төгөлдөр үргэлжилсэн нээлтийн ажиллагааг “Бээжин-2008” зуны олимпийн нээлтийн ажиллагааны туслах найруулагчаар ажилласан Чень Вейяа найруулсан тавьсан бөгөөд найруулгын шийдэл гайхалтай, үнэхээр онцлог, өвөрмөц байж чадсан. Түүнчлэн нээлтийн ажиллагааны төгсгөлд уламжлал ёсоор Азийн наадмын ариун галыг асаасан бөгөөд хэрхэн бадамлах нь эцсийн мөч хүртэл нууц хэвээр байсан тэр агшин олны анхаарлыг эрхгүй татсан юм. Галт бамбарыг асаах ёслол үргэлжид сонин хэвээр байдаг, харин энэ удаад тун өвөрмөц байдлаар, Хятадын үндэсний шинжийг агуулсан луу бүхий галт пуужингийн тусламжтайгаар Азийн наадмын галт бамбарыг доороос нь өрдөж асаалаа.

Энэ сарын 27-ныг дуустал үргэлжлэх Азийн спортын их наадамд манай улсаас спортын 28 төрөлд 222 тамирчин оролцохоор Гуанжоуг зорьсон. Монгол улс анхлан 1974 онд Ираны нийслэл Тегеран хотноо болсон Азийн VII наадамд спортын зургаан төрөлд 28 тамирчин өрсөлдөж, хоёр алт, хоёр мөнгө, таван хүрэл медаль хүртэж байлаа. Харин тэр цагаас хойш Монголын баг тамирчид Азийн наадмаас нийт 12 алт, 17 мөнгө, 55 хүрэл хүртээд байна. Энэ удаад ч Монголын тамирчид маань өмнөх амжилтаа ахиулах чин хүсэл, зорилго өвөртлөн Азийн наадмыг зорьсон юм.

С.Цэлмэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж