МАН Дээд шүүхэд бүртгүүллээ

Хуучирсан мэдээ: 2010.11.12-нд нийтлэгдсэн

МАН Дээд шүүхэд бүртгүүллээ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    МАН-ыг өнөөдөр Улсын дээд шүүхэд албан ёсоор бүртгэн авлаа.Үүнтэй холбогдуулан МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд сая хэвлэлийн бага хурал хийлгэв. Уг хуралд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, дэд дарга Н.Энхболд, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, МАН-ын нарийн бичгийн дарга Д.Лүндээжанцан, МАН-ын нарийн бичгийн дарга С.Баяр, М.Энхболд, МАН-ын дарга асан Г.Очирбат нар болон УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд, Удирдах зөвлөлийн гишүүд оролцлоо.

    МАН-ын дарга С.Батболд намаа Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн талаараа мэдээлэл өгсөн юм. Улсын дээд шүүх МАН-ын гаргасан өргөдлийг хүлээж аваад улс төрийн намуудын жагсаалтад бүртгэн авч МАХН-ын зүй ёсны эхлэл бөгөөд үргэлжлэл гэдгийг нь хүлээн зөвшөөрч гэрчилгээ олгожээ. Улсын дээд шүүх 02 тоот тогтоолоороо МАН-д гэрчилгээ олгож тус намын байгуулагдсан өдрийг 1921 оны гуравдугаар сарын 1 гэж, Монголын улс төрийн хамгийн ууган хүчин хэмээж намуудын 01-д бүртгэсэн байна. МАН-ыг 161300 гишүүнтэй гээд 1990 оны байдлаар хөрөнгийн хэмжээг бүртгэсэн байна. 1990 онд МАН 646,7 сая төгрөгийн хөрөнгөтэй байжээ. Намын хаягийг Сүхбаатар дүүргийн зургадугаар хороо, МАН-ын төв байр, Тусгаар тогтнолын ордон-1 гэжээ.

    Бүртгэлийн гэрчилгээгээ авсан тул өнөөдрөөс эхлэн УИХ дахь МАХН-ын бүлгийг албан ёсоор МАН-ын бүлэг хэмээн нэрлэхээр болсныг гишүүд нь алга ташин хүлээж авлаа.

    МАН нь МАХН гэдэг нэрийг бүх агуулга, хэлбэр, өмч хөрөнгө, тамга тэмдэг, бэлгэдлийн хамт бүгдийг өвлөн авч бусад хүчин хэрэглэхийг хоригложээ. МАН өнөөдрөөс бүх шинэ бэлгэдлээ хэрэглэж эхлэхээр болж бүлгийн хуралдаан хийдэг танхимдаа шинэ тугаа мандуулав. С.Батболд дарга 1922 онд бүтээгдсэн МАН-ын тамгыг харуулж Тусгаар тогтнолын ордон ашиглалтад орохоор Тусгаар тогтнолын танхимд залахаа мэдэгдэв.Хэвлэлийн бага хурал асуулт хариултгүүй шууд өндөрлөв.

                                Д.ОЮУН

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж