У.Мөнх-Эрдэнэ: Амьдралын үнэнийг мэдье гэвэл эмэгтэй хүнээс, давснаас, мөнгөнөөс асуу гэдэг биз дээ

Хуучирсан мэдээ: 2010.02.26-нд нийтлэгдсэн

У.Мөнх-Эрдэнэ: Амьдралын үнэнийг мэдье гэвэл эмэгтэй хүнээс, давснаас, мөнгөнөөс асуу гэдэг биз дээ

Хоёр ор, шүүгээ, бок­сын бээлий, өмд, цамц, бас хатаахаар тавьсан гарын боолтууд…Боксчин У.Мөнх-Эрдэ­нийн тэмцээний өмнө байр­лаж байсан буудлын өрөө иймэрхүү төрхтэй. Тахианы мах чанасан плит­ка нь ямар жижиг­хэн гээч. Дээр нь томхон аяганы дайтай сав ч баг­та­хааргүй тийм авсаар­хан.

-За байз, өрөөндөө орж ирсэн хүнийг чинь юугаар дайлдаг юм билээ, витамин идэх үү?

-Хэрэггүй дээ.

-Тэгвэл тахианы мах идэх үү. Би оройн хоол болтол гээд тахианы мах чанаж байгаа юм. Гэхдээ давсгүй ээ. Одоо гарч давс олж ирэ­хээс. Юу ч гэсэн амсаад үзэх үү…

-Ширээндээ бай­сан номоо тантай уул­зах гэж бай­гаа болохоор аваад ир­сэн юм. Зи­да­ны тухай ном. Нэг их зузаан биш боло­хоор тэмцээнийхээ өмнө ам­жаад уншчих байх. Та­мирчин хүнд эрч хүч өгөх байх шүү?

-Өө, их баярлалаа. Би ном унших дуртай л даа. Дор нь уншчих байх.

-Тэгвэл хамгийн сүүлд ямар ном унш­санаа санаж байна уу?

-За байз…”Амжилтад хүрэх алтан зарчим”-ыг уншсан юм байна. Ер нь сэтгэлзүйн талын ном унши­хад зүгээр шүү, тийм ээ. Миний хамгийн дуртай ном гэвэл Оросын алдарт зо­хиолч Расул Гам­затовын “Миний Да­гес­тан”. Хэдэн ч удаа уншсан юм бүү мэд. Да­хин, дахин уншаад ч огт уйддаггүй юм.

-Сонин, сэтгүүлд гар­сан спортын ярилц­ла­гуу­дыг сонирхож хардаг уу?

-Харна аа, харна. Ихэвч­­лэн “Таван цага­риг”-аас уншдаг. Майкл Жордан, Бек­хэм, бас Филе­гийн номны орчуул­гыг цувралаар гарга­даг ш дээ. Тэднийг алга­сал­гүй уншдаг. Манайд тий­мэр­хүү номыг орчуулж, хэв­лэх нь бага юм .

-Гэхдээ Бекхэмийн но­мыг орчуулаад гарга­чих­сан шүү дээ?

-Өө тийм үү, Тэгвэл авна аа. Гэхдээ би бараг сони­ноос уншчихсан л даа.

-Та нарын бэлтгэл хийж байгааг харахаар хэцүү санагдаад байдаг юм. Хэдэн литр хөлс га­раад байгаа юм бүү мэд?

-Миний хувьд өдөрт 2-3 удаа бэлтгэл хийдэг. Нэг бэлтгэл дээр дунджаар 1.5-2 литр хөлс хаядаг гээд бодохоор сар, жилээр гээд тооцоолбол их тоо гарах байх.

-Өөрийгөө заавал бокс­­­­­­чин болох ёстой гэж боддог байв уу, эс­вэл зарим хүмүүс шиг шал өөр мэргэжилтэй болох гэж яваад гэнэт л спортын хүн болчихсон уу. Тийм то­хиолдол зөн­дөө байдаг?

-Ер нь хүн бүр өөрийн гэсэн зорилготой байдаг. Бас өөр өөр бодолтой. Гэх­дээ тамирчид өөртөө тавь­сан зорилгынхоо тө­лөө хам­гийн үнэнч хөдөл­мөрлөдөг хүмүүс гэж би боддог. Миний л хувьд хамгийн сайн хийж чаддаг зүйл маань бокс тоглох. Магадгүй би боксоор хи­чээллээгүй бол барилд­­чихсан явж байж болох юм. Гэхдээ би бокст л дуртай. Өөр сонголтын та­лаар бо­дож байгаагүй юм байна.

-14 настайгаас бокс тоглосон гэсэн байх аа?

-Тийм ээ. Ер нь ихэнх боксчид арав гаруй нас­тай­­гаасаа л хичээл­лэж эхэлдэг.

-Одоо та хэдтэй вэ?

-25.

-Би өөрийг тань 21 юм уу 22-той настай л гэж бодож байлаа?

-/инээв/. Харин хүмүүс тэгээд байдаг юм аа.

-У.Мөнх-Эрдэ­нэ гэ­хээр хүмүүс ерөн­хий­дөө мэднэ л дээ. Хувь хүнийхээ хувьд өө­рий­­гөө ямар хүн гэж тодор­хойл­дог вэ?

-Өөрөө өөрийгөө юу?

-Тийм.

-Би бусадтай эвтэй бай­хыг чухал гэж үздэг. У.Мөнх-Эрдэнэ гэж хүн бус­дыг аялдан дагах юм уу, эсвэл хөөрүү онгироо байх дургүй. Товчхондоо ийм л байх. Бусдаар яг юу гэж өөрийгөө тодор­хой­лохоо сайн мэдэхгүй байна. Ер нь хүн өөрийн­хөөрөө л байх хэрэгтэй байх. Ээжийгээ, эх орноо, хайрладаг байх хэ­рэг­тэй. Эх оронч байх ёстой /инээв/.

-Юуны орд вэ?

-Хонины орд.

-Ордны зурхай хардаг уу?

-За, бараг үгүй дээ.

-Зурхайд итгэдэггүй юм уу?

-Нэг их айхтар зурхай харах ёстой, шашин шү­тэх хэрэгтэй гэж туйлш­раад байдаггүй.

-Ядаж үсээ засуу­лахдаа сайн өдөр хар­даггүй хэрэг үү?

-Нэг хэсэг хардаг бай­сан. Одоо бол үгүй. Тэр өдөр үнэ­хээр үсээ засуу­лах шаард­лагатай бол засуулна. Үгүй бол үгүй. Өнөөдөр ямар зуунд амь­дарч байгаа би­лээ, бүх­нийг зурхай, шашин, му­хар сүсгээр зохицуулна гэж байхгүй шүү дээ.
 
 -Гэхдээ хонины орд­ны эрэгтэйтэй ямар орд­­ны эмэгтэй илүү тохи­рох нь сонин биш гэж үү?

-Мэдэхгүй. Ийм зүйл дээр бас л нэг их анхаарал тавьдаггүй. Тэр чинь сэтгэ­лийн л асуудал биз дээ.

-Тэгвэл тамир­чид энер­гийн тухай ойл­голт сайтай байдаг биз дээ. Огт та­нихгүй хүнтэй харь­цах­даа ямар нэгэн зүйлээс бол­гоом­жил­дог уу?

-Хүнийг гаднаас нь ха­раад шууд дүгнэх юм уу, анхны сэтгэгдлээр ямар нэгэн муу зүйл бодох нь дэмий байх л даа. Мэдээж, үнэхээр онцгүй хүн байвал хол байсан нь л дээр байх. Гэхдээ би муу хүнээс илүү сайн хүн нь олон байдаг гэдгийг үнэн байх гэж боддог ш дээ. Харахад ямар ч муу хүн байсан тэр ээж, аав, гэр бүлийнхэн гээд эргэн той­рондоо хэн нэгэн хү­мүүст хайрлуулж л бай­гаа. Муу хүн цөөн байдаг байх аа. Надад л тэгж са­нагд­даг.

-Өөрийн тань найз нөх­­­­дийн хүрээлэл гэ­хээр ямар хүмүүс байдаг вэ, Тамирчид чинь нэг мэ­дэхэд л урлаг, улс төр гээд л янз бүрийн сал­барын хүмүүстэй дотно найзууд болчихсон бай­даг юм билээ?

-Танилын хүрээ гэвэл олон байна. Харин найз нөхдийн хувьд бол би дотны цөөн найзтай. Ар­ван жилд байхдаа та­нилцсан найзууд.

-Хамгийн дотны хү­нээ энэ л миний сайн нө­­хөр гэж итгэхийн тулд ямар шалгуур тавь­даг вэ?

-Харин шалгуур гэх юм уу, ер нь амьдрал өөрөө бүхнийг ялгаж, салгаад хэ­лээд өгдөг байх гэж би бод­дог. Чи миний найз л юм бол надад туслах ёс­той гэдэг ч юм уу, эсвэл тэр хүний анхаарлыг өөр­­төө татах гээд байхыг би хүсдэггүй л дээ. Бид­ний үзэл бодол нийлдэг, нөхөрлөж чаддаг. Тэр л хангалттай байх.

-Гэртээ мешоктой юу?

-Байхгүй ээ. Манайх байр хөлсөлдөг болохоор гэртээ мешоктой байх бо­ломжгүй л дээ. Айлын хана нураагаад хаячихна шүү дээ. Би гэрийнхээ хананд төрийн далбаа­гаа л хад­чихсан байгаа. Медаль, цом, дурсгалын бээлий, тэм­цээний ман­дат гээд нэлээд зүйл бай­гаа ч өөрийн гэсэн гэр оронтой болохоороо л ханаараа нэг өлгөчихнө гэж боддог юм.

-Ингэхэд та нарын хув­цас, хэрэглэл ямар үнэтэй байдаг вэ. Жишээ нь бок­сын бээлий ч юм уу?

-Жинхэнэ ориг бээлий 70 ам.доллар орчим. Мал­­гай 80 евро. Ер нь үнэтэй шүү дээ. Сүүлийн үед холбоо­ноос малгай, бээлий, хувцас тавьж өг­дөг болсон боло­хоор өө­рөө худалдаж авах шаард­­лагагүй болсон.

-Бэлтгэл, тэмцээн, эр­гээд бэлтгэл…Гэртээ удаан хугацаагаар бай­маар санагддаг уу?

-Тэгж санагддаг л даа. Гэхдээ яг бэлтгэл хийхгүй ч юм уу, гэртээ хэсэг ам­раад ирэхээр боксоо­соо хөн­дийрөх гээд байгаа юм шиг санагдаад эвгүй байдаг юм. Тэгэхээр бэлт­гэлээ хийгээд л, ёстой бэлтгэл, тэмцээн, бэлт­гэл, тэмцээн гээд явж бай­сан нь дээр байх шүү.

-Гэхдээ бэлтгэлгүй үе­дээ юу хийхийг хүсдэг вэ? Залуу хүн л юм чинь со­нирх­дог, чөлөөт цагаа зо­риулдаг зүйл байгаа биз дээ?

-Мэдээж. Байлгүй яа­хав. Хүн янз бүрийн зүйл сонир­хож, урвалд орж байх ёстой байх. Миний чөлөөт цагаа зориулдаг зүйл гэхээр эр­гээд л спорт­­той холбогд­чихоод байдаг юм /инээв/. Хөл­бөмбөг тоглох ч юм уу, бассейнд очих гээд л…

-Сайн сэлдэг үү?

-Тааруу, тааруу. Хоёр жилийн өмнөөс бассейнд явдаг болсон. Өөрийгөө дава­хааргүй л усанд сэл­дэг. Гүнзгий усанд бол ёстой барахгүй юм байна лээ. Нээрэн, би сэлж сура­хаасаа өмнө гадагшаа тэмцээнд явж байхдаа хоёр удаа жи­вээд…

-Ээ тийм үү, тэгээд гайгүй юу?

-Эхнийх дээр нь ма­най нэг тамирчин, хоёр дахь дээр нь гадны хүн “амь аварсан” /инээв/. Мексикт байхдаа живсэн юм аа. Уг нь жин хасаад ус ч уухгүй байсан хүн чинь цэрийтлээ ус залгиад бөөн юм болсон. Хүн усанд живэхээрээ өө­рийг нь татаж байгаа хүнийг ус руу татдаг гэдэг яг үнэн юм байна лээ. Эх­лээд живэх­дээ би тэгсэн. Харин хоёр дахь дээрээ би “жи­вээд сурчих­сан” байсан /инээв. Хүлээц­тэй, намайг тат­сан хүний аясаар байсан шүү. Тэгээд л ер нь сэлж сурах хэрэгтэй юм байна гэж бодоод бассейнд явсан. Одоо бол гайгүй сурч л байна. Гэхдээ сайн биш.

-Үргэлж хөгжим сон­сох юм аа? /Халаа­сан­даа MP3 player хар­маал­чихсан байв/

-Уйдсан үедээ энийг чихэндээ хийчих­нэ шүү дээ. Надад “Чингис хаан” хамтлагийн дуу­нууд таалагддаг. Сүүлийн үед BX-ийн дуунууд ч бас дажгүй санагдаад байгаа.

-Та өөрөө дуулдаг уу?

-Чаддаггүй юм аа. Хаа­яа нэг караокед ор­дог. Авьяас­гүй мөртлөө хааяа дуулмаар санагдаад бай­даг юм. Ер нь дуулах гоё шүү дээ.

-Бас хааяа нэг диско­дох ч зүгээр, тийм үү?

-Бүжиглэх дуртай. Гэх­дээ намайг диско клубт явж байвал хүмүүс өнөө Мөнх-Эрдэнэ чинь архи уугаад л бааранд явж байна лээ гэж ярих байх. Ер нь тэгж хүлээж авдаг л даа. Уг нь бол би ундаа уугаад найзуудтайгаа хааяа нэг диско клубт орж, сайхан бүжиглэмээр л бай­даг. Харамсалтай нь, тийм бо­ломж жаахан хязгаарлагд­мал. Хэцүү байдаг юм.

-Кино үзэх дуртай юу?

-Инээдмийн кинонд дур­тай. Гэхдээ багадаа байл­даантай кино ай­маар их үздэг байсан. Тэгээд өөрий­гөө цэрэг гээд бодчихно оо. Модон буутай, тэрүүгээрээ хар­сан болгоноо л буудаад явдаг байж билээ.

-Сахилгагүй хүүхэд бай­­жээ?

-Үгүй ээ, харин ч то­моо­­той сайн хүү байсан /инээв/ Би уг нь Өвөр­хангай аймагт төрсөн ш дээ. Намайг бага байхад манайх хот руу нүүж ир­сэн юм. Өвөө, эмээ хоё­рынх хотын захад байдаг байлаа. Тэр хоёр дээрээ бага насаа өнгөрөөсөн боло­хоор үхэр, тугал ха­риу­лаад л гүйж өгдөг бай­лаа.

-Бага­­даа малд нүд­тэй хүү­­хэд байсан гэж өөрийн чинь амнаас сонсоогүй бол ит­гэх­гүй байх байсан?

-Нээрэн, нээрэн. Өвөө­гийнх хэдэн морьтой. Тэ­гээд морио унаад тугал­даа явж өгнө шүү дээ. Ээжийн хам­гийн дотны хүмүүс л тэр хоёр маань байсан болохоор ба­га насаа өвөө, эмээ хоёр­тойгоо өнгө­рүүлсэн.

-Нээрээ ээжийгээ та­нил­цуулаач?

-Миний ээжийг Уран­чимэг гэдэг. Миний хамгийн хайртай хүн ээж маань. Намайг эрүүл энх өсгөж, өдий дайтай явуулж байгаа нь ээжийн минь л ач шүү дээ.

-Одоо хэн хэнтэйгээ амьдардаг вэ?

-Өвөө, ээж хоёртойгоо.

-Мөнх-Эрдэнийн га­даад төрх бусдын анхаар­лыг илүү татдаг. Ази хүн гэхээр итгэхгүй байх то­хиолдол гардаг уу?

-Тийм үе байна. Энэ жил хүртэл Монгол хүн биш байна гээд Хятадын хилээр оруулахгүй энэ тэр гээд тэмцээнд явж байхад жаа­хан асуудал гарсан. Пас­порт шалгаж байж итгэ­сэн л дээ. Тиймэрхүү зүйл үе үе гарна.

-Нээрээ би таныг найз охинтой болсон гэж сонссон. Та хоёр хэзээ танилцсан юм бэ?

-Яг жилийн өмнө.

-Найз охиноо ямар уч­раас өөрт чинь таа­лагдсан гэж боддог вэ?

-Эхлээд харахад гад­на төрх нь таалагдсан. Тэгээд танилцсаны дараа бүр илүү таалагдсан.

-Оюутан уу?

-Тийм ээ, оюутан.

-Ямар сургуульд сурдаг юм?

-Тэрийг хэлээд яахав дээ /инээв/.

-Хэзээ гэр бүлтэй болъё гэж бодож байна. ер нь эмэгтэй хүн ямар зан ча­нартай байвал танд зү­гээр санагддаг вэ?

-Гамзатовын номонд бай­­даг даа. “Амьдралын үнэнийг мэдье гэвэл эмэг­тэй хүнээс асуу, давснаас асуу, хутганаас асуу, мөн­гө­нөөс асуу” гэж…Тэгэ­хээр би эмэгтэй хүмүүсийг хүндлэх ёстой л гэж бод­дог. Гэр бү­лийн ту­хайд ирээдүйд би тэгнэ, ингэнэ гэсэн айхтар нарийн тө­лөв­лөсөн зүйл алга даа. Ер нь би хэт их холын юм бодох дургүй. Хэзээ нэгэн цагт гэр бүлтэй болох нь тодорхой. Найз охинтой болсон юм чинь удахгүй байлгүй дээ.

Б.Бадамгарав. /2007.10.25/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж