
Сүхбаатарын хөшөө байсан хуучин буурины зүүн талд тэд Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүдийн тоогоор 228 сандал эгнүүлэн байрлуулжээ. Эдгээр нь Ардчилсан намын удирдлага болоод Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүд намаа шинэчлэх үйл ажиллагааг хийхгүй, унтаа байдалд байгаа гэдгийг харуулж буй аж. Дээрх үйл ажиллагааг дэмжин, жирийн иргэд ч цөөнгүй цуглаад байлаа. Бид энэхүү үйл явдлын талаар тус клубын нарийн бичгийн дарга М.Амгаланбаатараас зарим зүйлийг тодруулсан юм.
-“Унталт” арга хэмжээг зохион байгуулж байгаагийн зорилго нь юу вэ?
-1990 оноос эхэлж Ардчилсан нам өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд нийгэмд томоохон реформ шинэчлэлтүүдийг санаачилж, гардаж хийдэг байсан бол сүүлийн жилүүдэд энэхүү шинэчлэгч шинж чанараа алдаж, оюун санаа үнэт зүйлийн хувьд унтаа байдалд орсон гэж манай клубын гишүүд үзсэн. Тийм учраас Ардчилсан нам энэхүү унтаа байдлаасаа гарч, нийгэмд тулгамдаж байгаа энэ олон асуудлыг шийдвэрлэх чиглэлээр шинэчлэгчийн байр сууринаас асуудалд хандаач ээ гэдгийг л мэдрүүлэх гэж “Унталт” арга хэмжээг зохион байгуулж байгаа юм л даа. Талбайд хоосон сандал байруулсныг та хувьдаа гайхаж байж магадгүй. Энэ нь цаанаа Ардчилсан намын үндэсний зөвлөлдөх хорооны гишүүд хоосон сандал шиг, байгаа байхгүй нь мэдэгдэхгүй байна гэдгийг харуулж байгаа юм. Энэхүү арга хэмжээний дараа бид ирэх долоо хоногийн лхагва гаригт “Шинэчлэлийн индэр” уриан дор чөлөөт уулзалт ярилцлагыг “Дисковер монголиа”-д зохион байгуулахаар төлөвлөөд байна. Ардчилсан намын жирийн гишүүд дэмжигчид цуглаж, нам дотор юу болохгүй байна, намаа яаж шинэчлэх вэ гэдгийг чөлөөтэй ярилцах юм. Энэ арга хэмжээ нь намын гишүүд, дэмжигчид, жирийн иргэд хэн бүхэнд нээлттэй.
-Энэ сарын 19-нд Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаан зохион байгуулагдахаар болоод байгаа. Түүний угтал болж эдгээр арга хэмжээг зохион байгуулж байна гэж ойлгож болох уу?
-Нэг талдаа тэгж ойлгож болох л юм. Гол нь Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүдийг “Нам дотроо шинэчлэл хийгээч ээ, нийгэмд шинэчлэгч байр сууринаас идэвхтэй оролцдогоо, сэргээгээч ээ” гэдгийг л уриалаад байгаа гэх үү дээ.
-Сүүлийн саруудад Ардчилсан нам дотор хөдөлгөөнүүд бий болж, “Намын удирдлагыг өөрчлөх ёстой” гэсэн байр сууринаас асуудалд нэлээд шүүмжлэлтэй хандаж байна. Танай клуб бас тийм зорилго агуулаад байна уу даа?
-Намын удирдлагыг өөрчлөх гэх мэт зорилго бидэнд байхгүй. Гагцхүү Ардчилсан нам нойрноосоо сэрж, идэвхтэй ажиллаж, нийгэмд тулгамдаад байгаа асуудлыг шийдвэрлэхэд идэвхтэй оролцооч ээ” гэдэг туйлын зорилго агуулсан. Тийм ч учраас бид бусад хөдөлгөөнийхөнтэй уулзаж, холбогдсон зүйл байхгүй. Манай клуб бол бие даасан байгууллага. Тэгээд ч Ардчилсан нам жирийн гишүүд дэмжигчдийн итгэл үнэмшил дээр тогтдог, бусад намаасаа онцлог нь. Тийм учраас манай клубын гишүүд, дэмжигчид өөрсдийнхөө байр суурь итгэл үнэмшлээ илэрхийлж байгаа нэг арга хэлбэр нь л энэ юм даа. Тэгж ойлгож болно.
-Ер нь Ардчилсан нам хэдий үеэс эхэлж, идэвхгүй байдалд шилжсэн гэж та бүхэн үзээд байгаа юм?
-Сүүлийн гурван жилийн хугацаанд Ардчилсан нам нэг тийм идэвхгүй, хөдөлгөөнгүй унтаа байдалтай байлаа л даа.
-Энэ нь Ардчилсан намын даргаар Н.Алтанхуяг дарга ажиллаж эхэлсэн үетэй холбогдоод байгаа юм биш үү. Шалтгаан нь юу вэ?
-Бүтцийн хувьд, удирдлагын хувьд, Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүдийн идэвхгүй байдал гээд олон зүйлээс шалтгаалж байгаа л даа.