
Хятадын нэг сая гаруй үүрэн телефон хэрэглэгчдийн гар утсанд “Zombie” нэртэй вирус тархсан талаар Хятадын төв телевиз CCTV болон Синьхуа агентлаг мэдээлжээ. “Zombie” хэмээн нэрлэсний учир яг л кинон дээр гардагчлан зомби хүнийг хазсаны дараа тухайн хүн мөн адил зомби болж хувирдагтай адил гэнэ. Уг вирус нь гар утасны аюулгүйн программ хангамжийг сэтлэн нэвтэрснээр SIM картны мэдээллийг хулгайлж, хэсэг бүлэг хакеруудын байгуулсан төв сервер рүүгээ дамжуулдаг байна. Нэгэнт мэдээлэлтэй болсон хакерууд тухайн хүний нэрийн өмнөөс элдэв мессеж, дуудлага хийж, вирус бүхий тоглоом, программ хангамжийн линк илгээдэг ажээ. Харин тэдгээр линк буюу холбоос руу орсон хүмүүсийн гар утас мөн Zombie вирусаар халдварладаг байна. Вирусын эсрэг авах арга хэмжээ байхгүйгээс гадна аль программ, аль тоглоом вирустай, аль нь аюулгүй гэдгийг тодорхойлох боломжгүй учир Zombie вирус улам хурдацтай тархаж байгаа гэнэ.
С.Цэлмэг