Малчид бол их л эгзэгтэй амьдралтай улс шүү дээ

Хуучирсан мэдээ: 2010.11.12-нд нийтлэгдсэн

Малчид бол их л эгзэгтэй амьдралтай улс шүү дээ

Хормойгоо чирсэн дээл өмсөж, нударга савчуулсан бас тамхи баагиулж, хээ шаагүй хашгичсан хөдөөний малчдаас маань юутай хэрсүү ухаан, дайчин зан чанар гардаг гээч. Тэд сонин хэвлэлд ярилцлага өгөхдөө ч элдэв маяг чимэггүйгээр нөхцөл байдлаа тайлагнадаг. Тэдний ярианаас эцэг өвгөдийн минь гүн ухаан илэрдэг.

Ингээд Баянгол сумын “Эргэн дэнж” багийн малчинтай ярилцсанаа уншигч тантай хуваалцъя.

-Гэнэт хүйтрээд эхэллээ. Дахиад л ширүүхэн өвөл болох нь дээ. Бэлтгэлээ хэр базаав?

-Өнгөрсөн өвөлтэй харьцуулахад харин ч гайгүй болох байх гэж бодоод байгаа ш дээ. Энэ цагийн байдлыг ажихад их сайхан урт, налгар намар боллоо. Хаширсан хүн гэж хаширсан хүнийг хэлнээ гэгчээр хүн бүр хэрэндээ таарсан өвс тэжээлээ ч бэлдчихлээ. Малын тарга тэвээрэг ч арай илүү авсан. Миний хувьд хоёр машин өвс, сөлийн аргал хомоол, тааныг өөрийнхөө хэр хэмжээнд бэлдэж нөөцлөлөө. Цаг гайгүй бол нэг их зүдрээд байхгүй байх аа. Өнгөрсөн өвөл ч маш хүнд нөхцлийг давсан даа. Малын тоо толгой эрс цөөрч тэр хэрээр малчдын амьдрал доройтлоо. Цаашид тэнгэр хангай минь харж үзээд байвал ийм байдал удаан үргэлжлэхгүй биз дээ.

-Ноднингийн зуд турханы үр дүнд  залуу малчид маань нэлээн л шүүмжлэл сонсох шиг болсон. Үнэхээр та бүхэнд мал маллах арга ажиллагаа дутагдаад байна уу?

– Ингэж дүгнэхээр өрөөсгөл асуудал л даа. Олон шалтгаан бий. Ямарваа юм чинь тал талын уялдаа холбоотой байдаг болохоор дан ганц малчдын буруу гээд байж болохгүй бас байгаль, цаг агаарт буруугаа чихэж өөрсдийгөө хаацайлах ч хэрэггүй юм. 2009 ны зун манай нутагт ган гачиг болж, мал тарга тэвээрэг авч чадаагүй. Мал борлуулах ч зах зээлгүй, ер нь л их хэцүү байдалд байсан л даа. Өвөл ширүүхэн болохыг мэдээд тал тал тийшээ л оторлосон. Зуд турхантай чадлынхаа хэрээр л тэмцсэн гэж бодож байна.

-Цаашид мал маллаж амьдрах ер нь хэцүү болоод байгаа юм биш үү?

-Энэ чинь хоёр талтай асуудал л даа. Байгаль, дэлхий хавчаад байвал  малынхаа хойноос хичнээн гүйгээд ч нэмэргүй. Харин байгаль, цаг уур нь тэнийгээд, эзэн хүн өөрөө хичээгээд байвал мал маллах шиг сайхан ажил алга. Байгаль, цаг уурын хараат бэлчээрийн мал аж ахуй гэдэг чинь л энэ юм даа. Тэнгэр хангай гайгүйхэн шиг хэдэн жил болчихвол малын тоо толгой өсч, ард түмний амьдрал тэр чинээгээр л дээшлэх байх. Энэ ёозоороо бол малчдын амьдрал доройтож, ядуурлын урсгал руу л урсаж очоод нийлэх байх даа. Малчид бол их л эгзэгтэй амьдралтай улс шүү дээ.

-Тийм учраас л эртхэн мэргэжил, мэдлэг олж, өөрсдийгөө хөгжүүлж байвал яасан юм бэ гэж асуух гээд байна л даа?

-Сүүлийн жилүүдэд төрөл бүрийн сургалт сурталчилгаа явагдаж, бүлэг хоршоо болж ажиллах, газар тариалан эрхлэх, хүнсний ногоо тариалах, байгаль, цаг агаартай харьцах харьцаандаа өөрчлөлт оруулах тухай ойлголтыг сайн өгдөг болжээ. Энэ тухай сонсоогүй малчин байхгүй байх. Гэвч дор бүрдээ санаачилж ажил болгох нь л ховор юм уу даа. Үүнээс бусдаар тэр гадаад хэл, компьютер энэ тэрд чинь суралцаад явах ар талын баталгаа боломж нөхцөл хомс, оюун ухаан хүрэхгүй гэдгийг та бүхэн мэдэж л байгаа байх. Харин машин механизмын мэдлэг олгоод, хар ажлын буюу уул уурхай, газар шорооны компаниудад ажиллуулаад байвал ч чадах байх шүү.

– Таныг би санаж байна л даа. Гурван жилийн өмнө нэг сургалтанд суугаад орон нутгийнхаа идэвхтэн бичигч болж байсныг… Энэ ажлаа хэр хийж байна вэ?

– Тэр сургалтанд суусны үндсэн дээр  мэдээлэл гэж юуг хэлэх , ямар хэрэгтэй юм бэ гэдгийг ойлгож, минйи амьдралд ч их хэрэг болсон л доо. Энэ талаараа хөөцөлдөөд элдэв төсөл хөтөлбөрт хамрагдаад яваагүй ч тодорхой хэмжээгээр судалж л байна. Сүүлийн гурван жилд нутаг усандаа өвөлжиж, хаваржсангүй. Энэ жилийн хувьд л нэг байран суурин байна даа.

-Төрийн үйлчилгээ, дэмжлэгийг хэр хүртэж байна даа?

-Сум, багийн Засаг дарга нар өөрсдийнхөө хэр хэмжээгээр санаа, оноо тавьж малчин бидэнтэй уулздаг аа. Төр засгаас тодорхой хэмжээний тусламж, дэмжлэг үзүүлдэг ч тэр болгон хүн бүрт мэдэгдэхгүй байх тал бий. Төрийн үйлчилгээ байнга авдаг настайчууд болон хүүхдүүд, эмэгтэйчүүд бол мэдэж л байгаа. Зарим улсууд бол элдэв үйлчилгээнээс хоцорогдсон байдаг л байх. Тэрийг би нарийн мэдэхгүй. Ямар ч байсан төс засгаас хүн бүрт хүрч ажиллах гэсэн зорилготой л байдаг юм билээ. Манай сумын хувьд тэр асуудалд нэлээн нухацтай ханддаг гэж би боддог. Иргэн бид ч өөрсдөө сум орныхоо ажилд идэвхи санаачлагатай ажиллавал зүгээр юмуу. Баг маань жишиг болох зорилго тавьсан. Ганц багийнхаа төвийн өнгө зүсийг анхаарахдаа биш айл өрх бүр өөрсдийнхөө төлөө чармайлт гарган ажиллах хэрэгтэй л дээ.

-Танайх хичнээн толгой малтай вэ?

– Энэ жилийн хувьд мал эрс цөөрсөн. Бод, бог нийлсэн 200 гаруй толгой малтай л байна. Манайх Баянгол сумын Бургалтай голын эхээр л байдаг айл даа.

Б.Батгэрэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж