“Говийн чоно” сургалт болно | News.MN

“Говийн чоно” сургалт болно

Хуучирсан мэдээ: 2010.03.29-нд нийтлэгдсэн

“Говийн чоно” сургалт болно

Уул уурхайн салбарт тохиолдож болзошгүй ослын хор уршгийг арилгах чиглэлээр “Говийн чоно-2” сургалт, тактикийн үзүүлэх сургуулилтыг энэ сарын 30-наас дөрөвдүгээр сарын 09-ний өдрүүдэд Онцгой байдлын ерөнхий газарт зохион байгуулах аж. Сургалт, мэргэжлийн анги, томилгоот хүч хэрэгслийн тактикийн үзүүлэх сургуулийг 3 үе шатттай зохион байгуулахаар болсон байна. 

Монгол Улсын Шадар сайд М.Энхболд өнөөдөр АНУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд    Жонатан Эдлтоныг хүлээн авч уулзан энэ талаар ярилцжээ.

“Уул уурхайн гэнэтийн ослын үеийн аврах ажиллагаа” сэдэвт сургалт, үзүүлэх сургуулийг Онцгой байдлын ерөнхий газар, Монгол Улсад суугаа АНУ-ын Элчин сайдын яамны цэргийн атташегийн алба, Хавай мужийн Гамшгийн удирдлага, хүмүүнлэгийн тусламжийн “Экселленс” төв хамтран зохион байгуулах юм. Дээрх байгууллагуудтай харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх нь  Монгол Улсын гамшгаас хамгаалах тогтолцоог улам боловсронгуй болгох ихээхэн ач холбогдолтой гэж Шадар сайд М.Энхболд тэмдэглэв.

Талууд 2009 онд “Говийн чоно-1” сургалт, үзүүлэх сургуулийг төмөр замын салбарт тохиолдож болзошгүй ослын хор уршгийг арилгах чиглэлээр явуулсан бөгөөд ирэх жил газар хөдлөлтийн үед хэрхэн ажиллах талаар сургалт зохиох болжээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.
   

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж