Циркийн урлаг хөгжсөний 70 жилийн ойд зориулсан "Алиалагч 2010" наадам өчигдөр “АСА” циркэд эхлэх байсан боловч тус циркэд гал гарсны улмаас хойшлуулсан байна. Циркийн уран бүтээлчид наадамд оролцох бэлтгэл сургуулилт хийж буй үедээ гал алдсан байна. Алиалагч нарын өрөөнд гал алдсанаас болж хэд хэдэн өрөөний эд зүйлс шатсан бөгөөд утаа тортгийг цэвэрлэх зэрэг ажилтай холбоотойгоор “Алиалагч-2010” наадмыг түр хойшлуулсан ч өнөөдөр “Аса” циркэд наадмын нээлтийн ажиллагаа болох талаар зохион байгуулагчид хэлж байна. Монголын үндэсний цирк, "Кон арт" орчин үеийн урлагийн төв хамтран "Монгол алиалагч-2010" наадмыг зохион байгуулж буй. Энэ наадамд циркийн урлагийн ховордсон төрөл болох алиалагч, хөгжмийн баясгалант инээдмийн номер, нугаралтаар мэргэжлийн уран бүтээлчид өрсөлдөх юм. Наадмын үеэр тоглолт зөвхөн циркийн манежаар хязгаарлагдахгүй гадаа талбайд бүх нийтийг хамруулсан өргөн хүрээнд болох гэнэ. Албан ёсны нээлтийн ажиллагаа алиалагчдын үзүүлбэрээр эхлэх бөгөөд наадмаас шалгарсан бүх авьяастнууд оролцсон гала тоглолт "4-р сарын 1" ба инээдмийн баяраар тоглох гэнэ. Наадам энэ сарын 31 хүртэл "АСА" циркэд үргэлжлэх бөгөөд наадамд манай үе үеийн циркчдээс гадна “Кон арт”-ын уран бүтээлчид, Буриадын циркийнхэн оролцох аж.
Д.Долгор