Т.Хасбаатар: Намынхаа төлөө тэмцэнэ

Хуучирсан мэдээ: 2010.11.12-нд нийтлэгдсэн

Т.Хасбаатар: Намынхаа төлөө тэмцэнэ

“Ээлжит бус их хурал” хөдөлгөөний ерөнхий зохицуулагч Т.Хасбаатартай ярилцлаа.
-Одоогийн байдлаар Ардчилсан намд ээлжит бус их хурлаа хуралдуулна, хуралдуулах шаардлагагүй гэж үзэх гишүүдийн хуваагдал үүсээд байх шиг хөндлөнгөөс харагдаад байна л даа. Намын удирдлагууд энэ талаар албан ёсны байр сууриа илэрхийлсэнгүй. Ер нь юу болж байгаа вэ?

-Ардчилсан намд өнөөдрийг хүртэл үүсээд байгаа бүх асуудлын зангилааг уг нь намынхаа их хурлаар тайлах ёстой шүү дээ. Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойг тэмдэглэж байна. Үүнийхээ ололт амжилтыг бүгдээрээ шүүж тунгаая, гавьяа байвал бахдан магтая. Манай намд энэ улс орны төлөө хийж чадах юу байна. Тэр бүхнийгээ тодорхойлъё гэсэн юм.  Ер нь сүүлийн үед  Ардчилсан намын нэр хүнд шороотой хутгалдчихлаа шүү дээ. МАН-тай нэг хөнжилд орсон яс горьдсон нохой мэтээр доромжлох боллоо. Ардчилсан нам элдэв бусармаг шүүмжлэлд дарлуулж дууслаа. Намын дарга нь үзэл баримтлалаа ч мэддэггүй. Энэ нам хаана байгаа нь мэдэгдэхээ болилоо хэмээн доог тохуу болгож байна. Ийм байхад намын жирийн гишүүд бид яаж зүгээр хараад суух юм бэ. Үнэхээр Ардчилсан намд алдаа дутагдал байгаа бол, хариуцлага хүлээх ёстой зүйл байгаа бол Их хурлаараа ярилцъя гэсэн юм. Халуун ам бүлээрээ зөв, буруугаа шүүе гэсэн юм. Бидний эцсийн зорилго энэ. Өөр юу ч хүсээгүй шүү дээ. Харамсалтай нь, бидний бодож, санаж зорьж явааг эсрэгээр мушгин гуйвуулж, нийгэмд буруугаар харагдуулах гэж оролдох хүмүүс манай намд байдаг болжээ. Элдэв янзын хөдөлгөөн зэрэг зэрэг байгуулан, асуудлыг сарниулах гэж зүтгэж байна. Бид зүгээр л Их хурлыг хуралдуулаад бүгдээрээ хэлэлцье гэсэн юм шүү дээ. Энд юу нь болохгүй байгаа юм. Яагаад асуудлыг улам хурцатгаад байгааг ойлгохгүй байна. Намын удирдлагууд биднийг гудамжны нөхдүүд мэтээр үл тоомсорлож байгаа шүү дээ.

-Намын даргын асуудал Их хурлаас сөхөгдөнө гэхээс болгоомжлоод байгаа юм биш үү?

-Тийм ч байж мэднэ. Гэвч манай хөдөлгөөний зорилго намын даргыг авч хаях биш шүү дээ. Үнэхээр намын одоогийн сайн ажилласан бол Их хурлаар тэр дүнг нь шүүж тунгаана, үнэлнэ. Шуудайнд орсон үхрийн эвэр шиг хэдэн тийшээ харчихаар чинь бусдад олзлогдож, шүмжлэлийн бай болоод байна шүү дээ, Ардчилсан нам. Ингэж  суухын оронд нүүр нүүрээ харж байгаад учраа ололцъё. Үнэхээр намын дарга болно, намын үйл ажиллагааг сайжруулна гэвэл тэр хүмүүс нь нэрээ дэвшүүлээд жирийн гишүүдээрээ сонгуулаад явах эрх нь байгаа шүү дээ. Манай нам тийм дэг журамгүй, ардчилалгүй, олхиогүй нам биш. Н.Алтанхуяг дарга ч гэсэн хийсэн ажлаа үнэлүүлээд албан ёсоор баталгаажаад явж болно. Тэгэхээр намын даргын асуудлаас илүү Ардчилсан намын сэвтэж буй нэр хүндийг сэргээхийн төлөө гишүүд бид нэгдэж, хурлаа хийх хэрэгтэй байна. Асуудлаа халуун тогоон дотроо ярих шаардлагатай байна.

-Тэгвэл танай хөдөлгөөнийхөн намаа хамтарсан засгаас гарах хэрэгтэй гэж үзэж байгаа байх нь ээ. Магадгүй энэ нь Их хурлаар сөхөгдөх вий гэснээс бас айж байж мэдэх юм?

-Хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааг зарим нь шүүмжилж байгаа. Сайшаах зүйл ч бий байх. Гэхдээ Ардчилсан нам өнөөг хүртэл баримталсан байр сууриа алдах ёсгүй. Манай намд өнгөрсөн 20 жилийн хугацаанд ердөө дөрвөн жилд нь засгийн эрхийг хэн нэгэнтэй хуваалцалгүй барих боломж олдсон байдаг. Энэ хугацаанд Монгол Улсад юу бүтээсэн нь хүн бүрийн нүдэнд ил байгаа шүү дээ. Үүнээс бусад цагт хүчтэй сөрөг хүчин байж, ард түмний нүд, чих нь байсаар ирсэн. Өнгөрсөн 2008 оны сонгуулиар  манай нам нэгэнт олонхи болж чадаагүй учраас сөрөг хүчнийхээ дуу хоолой хэвээр байх ёстой байсан юм. Тэгээгүй учраас элдэв хар муу шүүмжлэлийн бай болж байна л даа. Байгалийн баялгийг иргэддээ тэгш хуваарилна гэсэн хаана байна. Оюу толгой, Таван толгойн гэрээ бүгд араасаа шүүмжлэл дагуулж байна. Харж байгаа биз дээ. Эрүүл мэндийн салбар ямар их хэл ам таталж байгаа билээ.  Эцэстээ энэ бүхэн нь манай намын сайд нарын муу ажиллаад байгааг  харуулж байна.  Үнэндээ МАХН цуст долдугаар сарын 1-ний хариуцлагаас мултрах гэсэндээ Ардчилсан намд хошуу дэвсэж, өвөртөө оруулан амыг нь тагласан шүү дээ. Тэд цуст аллага явуулж, таван хүний эрдэнэт амийг золиосолсныхоо хариуцлагаас мултрах гэж  стандарт бус гэх томъёололтой Засгийн газар байгуулсан.  Хамтарсан засагт ажиллаж байгаа манай намын сайдууд ажлаа хийсэн шиг хийж чадахгүй, намынхаа нэрийг хөөдөөд байвал тэднийг эргүүлэн татах эрх Ардчилсан намд байх ёстой. Ардчилсан нам бол ийм хариуцлага тооцож чаддаг зангарагтай нам. МАХН таван хүний амь золиосолчихоод хариуцлагаас мултарч чадаж байна. Үүний дэргэд Ардчилсан нам хариуцлагагүй ажилласан таван сайдаа золиослоод хамтарсан засгаас гарах юу ч биш биз дээ. Хамтарсан засгийн үйл ажиллагааны үр дүнгийн талаар Ардчилсан нам их хурлаараа ярих цаг нь нэгэнт болсон.

-Ардчилсан нам Их хурлаа хуралдуулахгүй бол яах вэ?

-Манай хөдөлгөөн хуралдтал нь тэмцэнэ. Цочроо авахгүй бол бид дараа дараагийнхаа тэмцлийн шатанд шилжинэ. Жагсаал цуглаан зохион байгуулна. Ямар ч байсан намынхаа нэр хүндийг сэргээхийн төлөө жирийн гишүүд бид эцсээ  хүртэл явна.

Б.БАЯСАХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж