-Дэлхийн миссийн тэмцээнд оролцож ирээд хамгийн анх хийж байгаа ажил тань энэ боллоо. Яагаад энэ аянд нэгдэх болсон бэ?
-Би Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотын уугуул оршин суугч. Хувь хүнийхээ хувьд бол энэ миний үүрэг хариуцлага гэж дүгнэж байгаа. Хүмүүс үүнээс үлгэр жишээ аваад энэхүү аянд оролцоосой гэсэн чин хүсэлтэй байна. Би бас АНУ-д сурдаг. Тийм учраас хамтарч ажиллах боломжууд байгаа санагдаж, сайхан хүлээж авсан. Байгаль экологидоо ээлтэй сайхан үйлс, аянд чин сэтгэлээсээ оролцох хүсэлтэй байгаа. АНУ-д ажиллаж амьдарч буй бүх монгол оюутнуудаа төлөөлж, эргээд тэднийхээ хандивыг энэхүү аянд чиглүүлэх, сэтгэл зүрхийг нь нэгтгэх зорилготой байгаа. Мөн би өөрөө байгаль экологи, байгаль хамгааллын хууль эрх зүйн чиглэлээр суралцдаг. Тийм болохоор надад илүү өгөөжтэй, туршлага суух ийм сайхан ажил болох болно. Эргээд өөрийнхөө сурсан мэдсэн чиглэлээр аянд нэгдэн ажиллах хүсэлтэй байна.
-Сэлбэ голыг сэргээх аяны хүрээнд сан байгуулахаар санаачлаад байгаа. Сангийн үйл ажиллагаа хэзээнээс эхлэх вэ?
-“Миний Сэлбэ” нэртэй сан байгуулахаар яригдаж байгаа. Миний мэдэхээр Сэлбэ голын тухай эргээд юу санадаг вэ гэхээр юу ч байдаггүй. Тэр Сэлбэ голыг эмгэнэлтэй дүр зурагтай үед нь төрж өссөн. Эрэг дээр нь тоглож байгаагүй, усанд нь ч сэлж үзээгүй, шалбааг намаг төдий шагайгаар татсан ус урсч байх үед нь л 1987 онд би төрсөн. Ээж аав, ах нарын минь үед бол Сэлбэ гол сайхан зүлэг ногоотой, бут сөөгтэй сайхан урсгал устай гол байсан гэж ярьдаг. Гэхдээ одоо энэ эмгэнэлт дүр зураг нь удаан үргэлжлэхгүй. Энэ сайхан аяны үр дүнд эргээд бүх монголчуудын маань дэмжлэг туслалцаагаар олон шат дараалалтай ажлууд хийн ирээдүйд бид үр хүүхдүүддээ тэр сайхнаар нь өвлүүлэн өгөх юмсан гэсэн үүднээс хамтарч ажиллаж байгаа.
-“Миний сэлбэ” сангийн бүрэлдэхүүнд хэн хэн байгаа бол?
-Одоогоор тодорхой гараагүй байгаа. Миний бие, бас усны бодлогын газрын мэргэжилтнүүд, “Зууны мэдээ” сониныхон болон драмын театрынхан хамтарч ажиллах болов уу. Энэ тал дээр дахин ярилцах байх аа.
-АНУ-д сурдаг гэсэн шүү дээ. Хэзээ сургуульдаа явах вэ? Тэнд хэдэн жил сурч байгаа вэ? Төгсөөд Монголдоо ирж ажиллах уу?
-Тэгнэ, төгсөөд Монголдоо ирж ажиллана. Тэрнээс өмнө нэлээд туршлага хуримтлуулах хэрэгтэй байх. АНУ-д 2007 оноос хойш сурч, амьдарч байна. Оны өмнө буцаад сургуульдаа явна.
-Дэлхийн мисст оролцоод ирсэн сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Сэтгэл өндөр байна. Монгол Улсаа төлөөлөөд зургаа дахь удаагаа оролцож, чамлахааргүй амжилттай ирлээ. Монголчууд маань их сайхан хүлээн авч, дэмжин сэтгэлийн урам зориг өглөө.
-Тэмцээний дараа эргээд харахад таны амжилтын хамгийн гол тулгуур нь юу байсан гэж бодож байна?
-Хүн бүрийн чин сэтгэлийн туслалцаа байсан. Найз нөхөд, аав ээж, ах дүү, хамаатан садан, зохион байгуулагчид байна. “UBS” телевизийнхэн гээд л тэмцээнд бэлтгэхэд маань туслалцаа үзүүлсэн бүх хүмүүст чин сэтгэлийн урам зориг, эргээд тэднийгээ баярлуулахсан гэж бодож байсан. Бидний ажлын үр дүн амжилттай яваад ирэх байсан болохоор хөдөлмөрлөж оролцсоны үр шим гарсан болов уу.
-Энэ том тэмцээнд оролцоод өөртөө юу юу мэдэж авсан бэ?
-Дэлхийн миссийн тэмцээн бол маш том шалгуур, уулын оргил байсан. Тэгэхэд тэр хүн өөрийгөө нээж, чин сэтгэл зүрхнээсээ хичээж явбал ямар нэг амжилтад хүрнэ. Энэ бол миний хичээл зүтгэлийг баталж өгсөн зүйл болсон.
-“Дэлхий мисс”-т “Зорилго бүхий мисс” гэсэн тусгай байрын шагнал байдаг?
-Тийм ээ. Оролцогчид маань улс орондоо тулгамдаад байгаа байгаль экологийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр хүмүүнлэгийн ажил хийсэн байх ёстой. Үүгээрээ хоорондоо өрсөлддөг. Миний хувьд байгаль экологийн асуудлыг хөндөн цөлжилтийн эсрэг тэмцье гэсэн уриатай хүмүүнлэгийн ажил хийсэн. Шинжлэх ухааны академи Элсэн тасархайд байгуулсан мониторингийн хүрээлэнтэй хамтран нэлээд судалгаа хийж, мод тарьсан. “Дэлхийн мисс”-ийн тэмцээн оролцогч гоо бүсгүйчүүдийнхээ эх дэлхий, хүмүүст тустай шинэ санааг дэмжиж тусалдаг. Тийм болохоор би Сэлбэ голынхоо эхэнд дэлхийн миссийн нэр дээр Монголын сайхан бүсгүйчүүд, эхчүүд мянга мянган мод тарих хүсэлтэй байгааг албан ёсоор мэдэгдэх гэж байгаа. “Дэлхийн мисс” үүнийг нааштай хүлээж авна гэдэгт итгэлтэй байна.
-Ихэнх миссүүд маань загвар өмсдөг шүү дээ. Та загварт хүч сорих уу?
-Би загвар өмсч байгаагүй. Гэхдээ АНУ-д загварын агентлагт ажиллаж эхлэх гэж байгаа. Тэр бол загварын анхны маань гараа болох байх.