
“Алтан Дорнод Монгол” компанийн гүйцэтгэх захирал асан С.В.Паушокийг нутагт нь мөрдөн шалгах хүсэлтийг Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав ОХУ-ын Ерөнхий прокурорт хүргүүлээд хоёр сар өнгөрсөн ч хариу ирээгүй байгаа билээ. Тиймээс С.В.Паушокийг сэжигтнээр тооцож, яллагдагчаар татсан тухай тогтоолыг танилцуулж, “Нутаг дэвсгэрт нь байцаалт авах тухай” хүсэлтийн хариуг нэхэмжилсэн албан тоотыг энэ сарын 8-нд дахин явуулсан юм. Гэвч хүсэлтийн хариу хэзээ ирэх нь тодорхойгүй байгаа аж. Учир нь Олон улсын гэрээ конвенцид хоёр улс дээрх асуудлаар бие биедээ шаардлага шахалт үзүүлэхгүй байх тухай тусгагдсан байдаг аж. Хэдийгээр түүнийг яллах нотлох баримт бүрдсэн ч Оросын тал хэзээ хариу ирүүлэхээс бүх зүйл шалтгаалах юм байна. Хэрэв дээрх хүсэлтийн хариуг ирүүлэхгүй удвал дахин дахин хүсэлтээ илгээх ганц зам бий гэж уг хэргийг хянаж буй нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Жадамбаа хэллээ.
Сэжигтэн “Алтан дорнод Монгол” компанийн гүйцэтгэх захирал асан С.В Паушок нь Монгол Улсад төлөх 127.7 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн, арилжааны банкаар дамжуулан мөнгө угаасан гэх хэрэгт холбогдсон. Түүнийг Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс Эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан ч мөрдөн байцаалтын шатнаас оргон зайлсан юм.
С.Отгон