УИХ-ын гишүүн Г.Баярсайхан:
-Хүүхдүүдийг бэлгийн мөлжлөгөд ашиглаж байгаа нь сэтгэл эмзэглүүлж, санаа зовоож байна. Төр онцгой анхаарах шаардлагатай. Нялх хүүхдүүдийн биеийг үнэлүүлдэг явдал Монголд бий болсон мөсөн оргилын нэг гэж харж байна. Нэг талаас халдлагад өртсөн хүүхдүүдийн эцэг, эхийн халамж, анхаарал сул байна. Америкт насанд хүрээгүй хүүхдүүдэд асуудал үүсэхэд энэ өнцгөөс нь авч үздэг. Бид ч гэсэн үр хүүхдээ анхаарахгүй байгаа, эцэст нь ийм үрд дүнд хүргэсэн эцэг, эхтэй асуудал ярьдаг болмоор байна. Нөгөө талаас Монголд хүүхдийн секс аялал жуулчлал хөгжсөн гэж яригдаж байна. Тайландад энэ байдал хүчээ авсан бол өнөөдөр манай улс араас нь орлоо. Үүнийг яаж зогсоох вэ гэдэг асуудал мөн сэтгэл зовоож байна. Манай хүчнийхэн, үйлчилгээний байгууллагуудтай сүлжээнд орчихсон байдаг гэсэн мэдээлэл бий. Хамгийн түрүүнд сүлжээнд орчихоод байгаа хүчний байгууллагуудыг шинэчилж, цэвэрлэх шаардлагатай. Хүчний байгууллагынхан өнөөдөр хамгийн баян тансаг амьдарч байгаа шүү дээ. Тэд хаанаас ямар эх сурвалжаар орлого олдог вэ. Тэднийг өөрчилж, цалин хангамжийг нэмэгдүүлэх, үүрэг хариуцлагыг нь өндөржүүлэх шаардлагатай.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин:
-Ядуу, мөнгөгүй байхад гардаг хулгай, дээрэм, биеэ үнэлэх гэх мэт нэг төрлийн гэмт хэрэг бий. Мөнгөтэй болсны дараа гардаг гэмт хэрэг гэж байна. Тэр нь биеэ үнэлэхээс илүү мөнгөтэй хүмүүс зохион байгуулалттайгаар насанд хүрээгүй хүүхдүүдийг зарж, худалддаг. Эсвэл хар тамхи худалдаалдаг, дамжуулдаг гэмт хэрэг байдаг. Мөнгө дагаж шинэ төрлийн гэмт хэргүүд үүсдэг.
Тухайлбал, мөрийтэй тоглохоос эхлээд янз бүрийн тоглоомын сүлжээ. Зарим талаас гэмт хэрэг биш гэж харагддаг ч, араас нь гарах зохион байгуулалтаас шалтгаалж хүнд төрлийн гэмт хэргүүд нэмэгддэг. Түүний нэг нь насанд хүрээгүй хүүхдүүдийн биеийг үнэлүүлэх, бэлгийн мөлжлөгөд ашиглах явдал. Өнөөдөр шинэ нөхцөл байдалд Хууль зүй, дотоод хэргийн яаманд гэмт хэрэгтэй тэмцэх ямар бодлого байна гэдгийг асуух ёстой. Ядуугаасаа болоод биеэ үнэлдэг байсан бол одоо өөрийнхөө амьдралын ядуурлаас гарах гэж биш тодорхой мөнгө олох гэсэн хүмүүсийн бараа болж хувирч байгааг яах вэ. Үүнд зориулсан Засгийн газрын ямар хөтөлбөр байна.
Зохион байгуулалттай ийм сүлжээг илрүүлэх ямар тактик байна вэ? Буруутай хүмүүст хариуцлага тооцуулах, үүсээд буй нөхцөл байдлыг арилгахад юу хийх вэ, ямар арга хэмжээ авах вэ. Энэ салбарын ажлыг алсын хараатайгаар төлөвлөх газар нь Хууль зүй, дотоод хэргийн яам. Салбарын яаманд бодлого байна уу, үгүй юу гэдгийг асуух ёстой. Бодлого байхгүй юм бол тийм бодлоготой хүнийг нь тавих юм уу, цаашид яах ёстой юм бэ. УИХ-ын төвшинд ийм яриа гарах нь дамжиггүй. Манайхан асуудлыг ноцтой, аюултай талаас тооцож хийхгүй байгаагийн илрэл энэ шүү дээ.
-Манай улсын хууль, тогтоомжуудад хүүхдийн эрхийг хэрхэн баталгаажуулсан бэ?
-Хууль эрх зүйн орчин сайн, бүрэн гүйцэд гэж хэлж чадахгүй. Сайжруулах зүйл олон бий. Түүн дотроо манайх шиг хүн амынх нь дийлэнх хэсэг хүүхэд залуусаас бүрддэг улс оронд энэ асуудал Засгийн газрынх нь хамгийн том, салшгүй хэсэг байх ёстой. Дэл, сул янз бүрийн сайдууд байхаас илүүтэй хүүхдийн асуудал хариуцсан “Чемодантай” сайдын хэмжээний Засгийн газрын бодлоготон байх ёстой. Олон дэд сайдаа цомхотгоод оронд нь зүгээр л хүүхэд, залуучуудаа хариуцсан нэг сайдтай болоход нэгийнх нь зардлаар л хүүхэд, залуучуудын бодлогоо гаргаад ирнэ дээ.
-Хууль зүйн орчныг сайжруулж байж хүүхдийн эрхийг хамгаалах хэмжээнд хүрнэ гэж ойлгож болох уу?
-Хуулиас наана төсөл, хөтөлбөр боловсруулаад асуудлыг шийдэж болно. Сүүлийн үед гудамж бүрт өсвөр насныхан, залуу эмэгтэйчүүд аюултай байдалд орох нөхцөл рүү орчихлоо. Энэ чиглэлд юу хийх ёстой вэ гэдгийг бодох ёстой. Ний, нуугүй хэлэхэд юу нь мэдэгдэхгүй тэрбум, тэрбум төгрөг цацахын оронд хотын гудамжуудыг гэрэлтүүлж, камержуулалтын системийг хурдан хийх хэрэгтэй. Үүнд наад зах нь таван тэрбум төгрөг л шаардагдана. Таван гишүүний төсөв хангалттай шүү дээ.
УИХ-ын гишүүн Д.Энхбат:
-Насанд хүрээгүй хүүхдүүдийн биеийг үнэлүүлдэг сүлжээ 2005-2006 онд Монголд байсан. Энэ бол шинэ зүйл биш. Тухайн үед би “Форум” нэвтрүүлэг хөтөлдөг байсан. Тэр үед над дээр Солонгосын караокед ажилладаг, зарим нь бие хамгаалагч хийдэг 2-3 залуу ирсэн. Тэд намайг дагуулж караокед оруулж үзүүлсэн. Энэ талаар нэвтрүүлэг хийгээч гэсэн. Тэдний яриагаар бол тухайн үед Улаанбаатар хотод 20 гаруй караоке байсан. Караоке болгонд дунджаар 20-50 ширээний охидтой. Жуулчид ирэхэд ширээнд нь хамт сууж үйлчилдэг. Нэг ээлжинд 20-50 охин ажилладаг. Шөнийн цагаар нийтдээ хоёр ээлжээр ажилладаг байсан байгаа юм. Зарим дээд сургууль, арван жилийн дунд сургуулийн охид ангиараа ажилладаг байсан. Бие хамгаалагч залуус надад хэлэхдээ караокед ажилладаг охид 100 хувь биеэ үнэлдэг юм байна гэж байсан. Нэг том асуудал нь тухайн үед Солонгост биеэ үнэлэхийг хатуу хориглож, хүчтэй арга хэмжээ авч эхэлсэн. Тэндээс нааш секс аялал, жуулчлал идэвхжсэн.
Таниас нэг зүйл асууя, “Korean Air”-ийн нислэгээр дүүрэн хүн ирдэг юм. Энд ирээд музей үзээд явж байгаа, эсвэл аялж яваа солонгос жуулчдыг харсан уу? Тэгвэл тэдний ихэнх нь караокечин. Тэнд бүхэл бүтэн салбар ажилладаг.
-Тэгээд та яагаад бичлэг хийж, нэвтрүүлэг гаргаагүй юм бэ. Ямар нэгэн шалтгаан, шахалт дарамт байсан уу?
-Би нэвтрүүлэг бэлтгэж байх явцдаа тэр залуусаас бас асууж байсан юм, энэ караокенуудыг хааж болдоггүй юм уу гэж. Гэтэл харамсалтай нь, караоке болгон нь монголын ямар нэгэн хүчний байгууллага, цагдаагийн дарга нарын оролцоотой байдгийг ойлгосон. Энэ бол 2005-2006 оны явдал шүү дээ. Тэгэхээр одоо ийм асуудал үүсч байгаа нь шинэ юм биш. Тэр үед асуудал тийм л байсан.
Тэгээд яагаад нэвтрүүлэг хийгээгүй юм бэ гэж та асуулаа. Нэгдүгээрт, “Форум” нэвтрүүлэг маань дуусах дөхөж байсан. Нөгөө талаар караоке руу орж зураг авч болохгүй байсан. Тиймээс бид өөр төрлийн нэвтрүүлэг хийгээд явсан. Өнөөдөр би тэр үеийн бүх зүйлийг санаж байна.
-Гудамжинд өрнөж буй, та биднийг түгшээсэн энэ асуудлыг хууль эрх зүйн талаас, орчин, нөхцлийнх нь талаас яаж өөрчлөх ёстой вэ. Гарц байна уу?
-Хуулийн асуудал биш шүү дээ. Одоогийн манай хуулиудыг бүрэн хэрэглэвэл маш олон асуудлыг зогсоож, зохицуулж чадна. Хамгийн гол асуудал нь авлига, завхрал. Хууль хэрэгжүүлэгч байгууллагууд нь өөрсдөө тэрийг гардан хэрэгжүүлээд байна шүү дээ. Өөрөөр хэлбэл, гаалийн хүмүүсийн оролцоогүйгээр хилээр алт гарна гэж байхгүй. Хэзээ ч боломжгүй. Яг түүнтэй адил цагдаагийн байгууллага, орон нутгийн удирдлагын оролцоогүйгээр энэ караокенууд ажиллахгүй шүү дээ. Тиймээс энэ асуудал манай улсын хэмжээнд маш хүндрэлтэй юм. Тэр асуудлуудыг таслан зогсоох ёстой хүмүүс нь өөрсдөө түүндээ орооцолдчихсон.
Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж:
Үндсэн хуулийн Цэцийн дарга Ж.Бямбадорж Хүний эрхийн Үндэсний комиссын дарга боллоо. Түүнийг Хүний эрхийн Үндэсний комиссын даргын тангаргаа өргөж гарч ирсний дараа цөөн асуултад хариу авлаа.
-Шинэ албанд томилогдсонд баяр хүргэе. Хүний эрхийн талаар ажиллахдаа хоёр зүйлд тулгуурлана гэж чуулганы танхимд хэлсэн үгэндээ онцолсон. Энэ талаар тодруулахгүй юу?
-Би хүний эрхийн комиссыг байгуулалцсан, эрх зүйн актыг нь батлалцаж явсан хүний нэг. Дэлхийд байдаг системүүдийн л нэг. Хүний эрхийн асуудлыг хүн болгон мэддэг, бас тэр болгон мэддэггүй. Тиймээс энэ ажлыг хийхийн тулд хоёр тулгууртай байх ёстой гэж үзсэн. Түүний нэг нь олон түмний дэмжлэг. Олон түмний дэмжлэгийг авахын тулд хэвлэл мэдээллийн хэрэгсэл, хүний эрхийн төлөө үгээ хэлдэг төрийн бус байгууллага, иргэний нийгмийнхэнтэй хамтран ажиллана. Нөгөө тулгуур нь төр юм.
-Сүүлийн үед 14-15 настай онгон охидыг худалддаг сүлжээ байгаа талаар бичих болсон. Та Хүний эрхийн үндэсний комиссын даргын хувьд үүнд хэр анхаарал хандуулах бол?
-Энэ бол их аймшигтай асуудал. Шалтгаануудыг нь би сайн мэдэж байна. Энэ бүхний цаана нэг биш, олон асуудал бий. Нэг хэсэг нь үнэхээр хохирч байна, нөгөө хэсэг нь хүсээд ийм байдалд орж байна. Хүмүүс хэлээд анхааруулаад байхад зүтгээд байдаг, зарим нь үнэхээр золиос болдог. Тиймээс бүх шалтгаан нөхцлийг олж тогтоох хэрэгтэй. Албадлага ч хэрэгтэй, итгүүлэн үнэмшүүлэх арга ч хэрэгтэй, эдийн засгийн арга ч хэрэглэх хэрэгтэй.
Зохиогчийн эрх: “Зууны мэдээ” сонин.