
Амьтан тэжээх тухай уг хуулийн төсөл нь нэг айл нэгээс олон амьтан тэжээхийг хориглосон юм. Учир нь Шанхай хотын 20 сая хүн ам маш хязгаарлагдмал орчинд шигүү суурьшсан байдаг аж.
Засгийн газар нь тус хотын байгаль орчин, эрүүл ахуйд сөргөөр нөлөөлж буй тэжээвэр амьтадтай холбоотой элдэв асуудлыг цэгцлэхэд хатуу арга хамжээ авах хэрэгтэй гэж үзэж байна. Шанхайд нохой хүн рүү дайрах нь ихсэж, олон нохдын хуцалт иргэдийн амгалан тайван байдалд саад учруулахаас гадна ялгадас нь амьдрах орчныг бохирдуулах нэг хүчин зүйл болоод байна.
Уг бодлогоор бол нохой муур тэжээгчид тэжээвэр амьтныхаа зулзагыг гурван сар хүрэхээс өмнө өөр айлд өгөх эсвэл амьтны дэлгүүрт нь буцааж өгөх ёстой аж.
Хятадад маш хурдацтай нэмэгдэж буй дундаж амьдралтай хүмүүсийн тэжээдэг нохой л гэхэд 800 мянгад хүрсэн бөгөөд зөвхөн дөрөвний нэг нь л бүртгэлтэй гэж албаны хүмүүс ярьж байна.
Мөн уг хуулийн төсөлд амьтан тэжээх нэг жилийн эрхийн лицензийн үнэ одоогийнхоос буурч 300 юань болж байгаа гэнэ. Одоогоор амьтан тэжээгчид лицензийн 1000-2000 юань төлдөг аж. Шүүмжлэгчид лицинзийн үнэ өндөр байх тусам нохойг бүртгүүлэх болон вакцинд хамруулах сонирхолгүй байдаг гэжээ. Харин амьтан тэжээгчид засгийн газар амьтан тэжээх эрхийг хязгаарлахын оронд хүн рүү дайрсан болон орчин бохирдуулж байгаа амьтдын эзэнд хариуцлага тооцох хэрэгтэй байсан гэж дээрх бодлогыг эсэргүүцэж байгаа аж.