
Булган хот дахь нийтийн эзэмшлийн 10 гаруй байрны хүүхдүүдийн хүслэн болсон нэг зүйл бол тоглоомын талбайн асуудал юм. Ийм учраас байрны оршин суугчид, багийн иргэдийн хурлаас санал гаргаж, төсөл бичсэнийг Булган сумын Засаг даргын тамгын газар дэмжиж “Тогтвортой амьжиргаа-II” төсөлд уламжилсан нь ийнхүү бүтээлч ажил болсон байна. Уг төслөөс санхүүжүүлэх гурван сая төгрөгийн 10 хувийг орон нутгийн оролцоогоор бүрдүүлжээ. Энэ үндсэн дээр гулсуур, савлуур, дүүжин, дайжин болон чийрэгжүүлэлтийн төхөөрөмжүүд зэргийг байрлуулжээ. Мөн энэ ажлыг оршин суугч иргэд дэмжин тоглоомын талбайд хашаа барих, зүлэг, хөрсжүүлэх, сүүдрэвч сандалтай болгоход зориулан мөнгө хандивласан байна.