Хөгийн голын эхэнд 5000 “нинжа” үүрлэжээ

Хуучирсан мэдээ: 2010.03.29-нд нийтлэгдсэн

Хөгийн голын эхэнд 5000 “нинжа” үүрлэжээ

Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрт орших Хөгийн голын эхэнд 5000 “нинжа” үүрлэжээ. Энэ тухай Хөвсгөл аймгийн удирдлага УИХ-ын гишүүн, Ц.Даваасүрэн, Л.Гүндалай нартай онлайн ярилцлага хийх үеэрээ мэдэгдлээ. Улсын тусгай хамгаалалтай газар нутагт хамаардаг энэ газарт 2008 оноос эхлэн “нинжа” нар алт олборлох болсон бөгөөд нутгийн удирдах байгууллага чадлаараа ажиллаж байгаа ч хүч хүрэлцэхгүй байгаа гэнэ. Нөгөөтэйгүүр, гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх ашиглахыг хориглох тухай хууль хэрэгжээд гурван сар болж буй. Тиймээс усны сангийн эх болсон энэ газарт алт олборлолт явуулах нь хуулиараа хориотой. Иймд дээрх газарт ажиллах байгаль хамгаалагч нарын тоог нэмэгдүүлэх болон Дотоодын цэргийн хүчийг дайчлах тал дээр гишүүдийг анхаарч, асуудлыг УИХ-д оруулж, шийдвэрлүүлэх тал дээр чармайлт гаргахыг аймгийн удирлагууд хүслээ. Мөн хоёр хоногийн өмнө аймгийн хойд талын сумдад их хэмжээний цас орж, сумын хүн эмнэлгийн түргэн тусламжийн машин малчдад хүрч, очих боломжгүй болжээ. Цас ихтэй байгаагаас шатахуун их хэмжээгээр зарцуулах болсон байна. Тухайлбал, 20 км газрыг туулахын тулд 150 км газарт зарцуулах шатахуун хийж, очих газраа хүрч байна гэх зовлонг аймгийн Нийгмийн хамгаалал хэлтсийн дарга н.Ганбат тоочлоо. Түүнчлэн Жаргалан сумын дунд сургуулийн хичээлийн байр сар шинийн үеэр шатсанаас сурагчид айлын хувийн сууцанд хичээллэж байгаа аж. Тус байрыг галд автахаас өмнө 12 анги хичээллэдэг,  сургуулийн гал тогоо, мөн 32 хүүхдийн багтаамжтай  дотуур байр байршиж байжээ. Одоо сургуулийн гал тогоо гэрт байрлаж байгаа. Тиймээс ирэх намар хичээлийн шинэ жил эхлэхэд өмнөх жил баригдаж байсан 350 хүүхдийн багтаамжтай дунд сургуулийг ашиглалтад оруулахад анхаарч, шаардагдах хөрөнгийг энэ жилийн төсвийн тодотголд тусгаж өгөх. Мөн шатахуун ихээр зарцуулж байгаа сумдын зардлыг төсвийн тодотголд тусгаж өгөхийг хүссэний зэрэгцээ дөрвөн ч түргэн тусламжийн машин хэрэгтэй байгаагаа хэлсэн. Тодруулбал, Тариалан, Тосонцэнгэл, Түнэл, Ренчинлхүмбэ зэрэг сумд түргэн тусламжийн машингүй болсон юм байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж