

Эх нялхас, эрдэм шинжилгээний төвийн Эрчимт эмчилгээний тасаг бяцхан үрсийн амийг аврах аппараатаа нэгээр нэмэгдүүлэх боломжтой боллоо. Эл боломжийг АПУ компани, “Их монгол” рестораныхан олгосон юм. Тус компани жил бүрийн аравдугаар сард “Их монгол” ресторанд шар айрагны баяр зохион байгуулдаг билээ. “Oktoberfest” уламжлалт шар айрагны баяраараа тэд шар айрагны дуудлага худалдааг зохион байгуулж, олсон мөнгөө монголынхоо ирээдүй болсон үрсийн эрүүл энх, сайн сайхны төлөө зориулдаг уламжлалтай юм. Энэ удаад ЭНЭШТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт хяналтын монитор авахад зориулж хоёр сая төгрөг гардууллаа. Тасгийн эрхлэгч А.Оюунчимэг хэлэхдээ “Манай тасагт хамгийн чухал тоног төхөөрөмж нь хяналтын монитор. Өвчтэй хүүхдүүдийнхээ дэргэд эмч, сувилагчид тэр бүр хяналт тавьж, дэргэд нь байх бололцоогүй байдаг. Тиймээс хүүхдийн амьсгал, зүрхний цохилт, даралт, халууны өөрчлөлтийг мэдэрч эмч, сувилагчдад сэрүүлгээр мэдээлэл өгдөг мониторыг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа юм.
Одоогоор тасагт 5 монитор ажиллаж байна. Нэмж найман монитор авах шаардлагатайгаас нэг тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалтыг АПУ компани болоод “Их монгол” ресторанаас шийдэж өгч байгаад тун баяртай байна” гэлээ. Эрчимт эмчилгээний тасагт хамгийн хүнд хүүхдүүд хэвтэн эмчлүүлдэг. Сүүлийн үед нялхасийн өвчлөл нэмэгдэж байгаатай холбоотойгоор эрчимт эмчилгээнд яаралтай хэвтэж эмчлүүлэх хүүхдийн тоо эрс нэмэгдэх болжээ. Энэ хэрээр таван монитор заримдаа хүрэлцэхгүйд хүрдэг гэдгийг Эрчимт эмчилгээний тасгийнхан ярьж байна лээ.
Төсвийн мөнгөөр тоног төхөөрөмж авах боломж тэр бүр байдаггүй эл тасагт 1991 онд Японы засгийн газар 1 сая иены хөрөнгө оруулалтаар нэн шаардлагатай монитор зэрэг тоног төхөөрөмжүүдийг авч өгч байжээ. Түүнээс хойш АНУ-д суралцаж бүй монгол оюутнуудын тусламжтайгаар нэмэгдүүлсэн нэг мониторыг эс тооцвол бяцхан үрсийн эрүүл энхийг хянахад нэн шаардлагатай мониторыг нэмж авч чадахгүй өнөөг хүрсэн байна. Эрчимт эмчилгээний тасаг 12 ортойгоос 5 ор нь л хяналтын монитортой гэж үзвэл үлдсэн 8 оронд хэвтэж буй хүүхдүүд үхэх, сэхэхийн заагт хэвтэж байдаг гэж хэлж болно. Монголынхоо ирээдүй болсон эдгээр энхрий үрсийг энх тунх өсч бойжиход нь зориулж тийнхүү “АПУ” компани, “Их монгол” рестораныхан зургаа дахь жилдээ буяны гараа сунгаж байна. Өнгөрсөн жилүүдэд мөн л өвчтэй хүүхдүүдийн зорьж ирдэг ЭНЭШТ-ийн мэс заслын, хавдар судлалын тасагт тоног төхөөрөмж худалдан авахад нь зориулж шар айрагны фестивалаас олсон мөнгөө хандивлаж байсан. Тухайлбал, өнгөрсөн онд ЭНЭШТ-ийн Ерөнхий мэс заслын тасгийн эрхлэгч, клиникийн профессор А.Цэнджав АПУ компани, “Их монгол” рестораниас хандивласан 2,5 сая төгрөгийг Хүүхдийн мэс заслын долоон тасагт нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг авч өгснөө ярьж байсан билээ.