“Төрийн мэдээлэл”-ийн тойм

Хуучирсан мэдээ: 2010.11.12-нд нийтлэгдсэн

“Төрийн мэдээлэл”-ийн тойм

Эмхтгэлийн шинэ дугаарт Монгол Хятадын хилийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийг нийтэллээ. Энэхүү гэрээ соёрхон батлагдаж хүчин төгөлдөр болсноор улсын хилийг хамгаалах, хамтран шалгах, хил орчмын нутаг дэвсгэрт мөрдөгдөх хилийн дэглэмийг тодорхойлж, сахин хангуулах, хилийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх харилцааг зохицуулах практик ач холбогдлыг нэмэгдүүлэх юм байна. Түүнчлэн хоёр улсын, тэр дундаа хил орчмын орон нутгийн худалдаа, эдийн засаг, аялал жуулчлалын харилцааг хууль тогтоомжийн хүрээнд хөгжүүлэхэд дэвшлийг авчрах ажээ.

Мөн Орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй ажил, үйлчилгээ хувиараа эрхлэгч иргэний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг нийтэллээ. Хуулиар орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй бичил уурхай эрхлэгчид 53.000 төгрөгийн татвар төлөхөөр болж байгаа юм.

Шүүгчийн болон прокурорын албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай, Авлигатай тэмцэх газрын албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай УИХ-ын тогтоолыг нийтэллээ. Улсын ерөнхий прокурорын газрын туслах прокурор, тус газрын хяналтын  прокурор, Нийслэлийн прокурор, аймаг тээврийн болон бусад прокурорууд, Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга, тус газрын хэлтэс, албаны дарга, ахлах болон бусад ажилтнууд хэдэн төгрөгийн цалинтай байхыг “Төрийн мэдээлэл” эмхтгэлээс мэдэх боломжтой.

Түүнчлэн Нөхөн олговрын доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай, Тэтгэмж, мөнгөн тусламжийн хэмжээг өөрчлөн тогтоох тухай УИХ-ын тогтоолыг нийтлэв. Тэтгэвэр нь түр зогсоогдсон иргэдийн авч байгаа нөхөн олговрын доод хэмжээг 2010 оны 10 дугаар сарын нэгний өдрөөс сард 105.300 төгрөг байхаар шинэчлэн тогтоосон бол эхэд жирэмсний таван сартайгаас эхлэн 12 сарын хугацаанд сар бүр олгох тэтгэмжийн хэмжээг 26.000 төгрөг, “Эхийн алдар” нэг, хоёрдугаар зэргийн одонтой эхэд жилд нэг удаа олгох мөнгөн тусламжийн хэмжээг 200.000, 100.000 төгрөг болгон тус тус хоёр дахин нэмжээ.
Монголын тулгар төрийн 2220 жилийн ойг тэмдэглэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг нийтэллээ.

Монголчуудын өвөг дээдэс бол Хүннү нар болой, бид их Модун хааны түүх, уламжлалыг авч яваа хэмээн Эзэн богд Чингис хаан захиж үлдээсэн байдаг.
    Хүн ардынхаа үндэсний ухамсар, эх түүхийн бахархал, тэмүүллийн үзэл санааг төлөвшүүлэх, монгол төрийн үндсийг улам бэхжүүлэх, эртний дэлхий дахины түүхийн үйл явцад, түүний дотор Евразийн олон үндэстний түүхэнд гүнзгий ул мөр үлдээсэн бидний өвөг дээдэс болох Хүннүчүүдийн болон Монголын тулгар төрийн буурал түүх шастир, өв соёлыг судалж сэргээх, батжуулах зорилгоор эрдэмтэн судлаачид, иргэд, байгууллагаас гаргаж буй саналыг дэмжиж Монголын тулгар төрийн 2220 жилийн ойг 2011 онд төр ёсны их баяр болгон ёслон тэмдэглэсүгэй хэмээн Ерөнхийлөгч зарлигджээ.

Концессын зүйлийн жагсаалт батлах тухай Засгийн газрын тогтоолыг нийтэллээ. Концессын гэрээгээр гүйцэтгэх орон сууц барилга байгууламжийн, авто замын, төмөр зам барих, аж үйлдвэрийн парк барих, эрчим хүчний болоод эрүүл мэнд, байгаль орчны төслүүдийн жагсаалттай бүрэн эхээр нь эмхтгэлийн хуудаснаас танилцах болно. Мөн 2011 онд зохион байгуулах олон улсын хэмжээний спортын тэмцээний тухай, Олон улсын Монголч эрдэмтдийн Их хурал хуралдуулах тухай Засгийн газрын тогтоолуудтай танилцах боломжтой.

“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн редакци
2010.11.11
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж