
Ахмадинежадын сүүлийн санаачлагын тухай Америкийн хэвлэл энэ сарын 10-нд мэдээлсэн байна. Newsweek сэтгүүлийн мэдээгээр өнгөрсөн долоо хоногт ерөнхийлөгч Ахмадинежад аж үйлдвэрийн зарим салбаруудын татаасыг зогсоож буйгаа зарлав. Тэр нь Иранд жилдээ 100 тэрбум ам.долларыг хэмнэх боломжийг өгөх гэнэ. Уг арга хэмжээ нь зургадугаар сарын 9-нд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс Ираны эсрэг авсан ээлжит хориг арга хэмжээний сөрөг үр нөлөөг бууруулахад чиглэгдэж байна.
Талх үнэтэй таашаал боллоо
Үүний зэрэгцээ Ахмадинежад иргэддээ хандан бүсээ чангалахыг уриалсан байлаа. The Washington Times сонин мэдээлснээр, энэ жилийн хувьд өргөн хэрэглээний барааны үнэ хэд дахин өссөн байлаа. Жишээлбэл өнгөрсөн жилтэй харьцуулахад талхны үнэ тав дахин, шарах тосны үнэ хоёр дахин, хонины мах гурав дахин илүү үнэтэй болсон байв. Одоо төрийн дэмжлэг бүрэн тасарч байгаа учраас байдал улам муудах болно. Эдийн засгийн шинэ арга хэмжээний улмаас нефтиэр баян ч гэсэн бензин түлшний үнэ нэмэгдэх болно Бензин экспортлох нь хориг арга хэмжээний улмаас улам хүндрээд байна. Олон улсын хамтын нийгэмлэг Ираныг нууцаар атомын бөмбөг бүтээж байна гэж хардаж байгаа. Иран өөрийн ээлжид үүнийг үгүйсгэж, түүний цөмийн хөтөлбөр нь энхийн зориулалттай гэдэг. Гэхдээ Исламын улс Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн мэргэжилтнүүдэд зарим цөмийн байгууламждаа хянал тавихыг үл зөвшөөрч байгаа билээ. Ираны эрх баригчдын гаргаж байгаа шийдвэрийг тус орны сөрөг хүчин нь ашиглаад хэлсэн байна. Ираны ерөнхий сайд асан шинэчлэлийн үзэл санаатай гэгдэх Мир-Хосейн Мусави удирдлагаа тэр хэмнэсэн мөнгөө үр дүнтэй зарцуулж чадахгүй гээд инфляци улам өснө хэмээн сануулж байна.
“Ногоонтнууд” сэргэж байна
Мусавийн толгойлсон “ногоон нам” Ираны ерөнхийлөгчийн дуулиант 2009 оны сонгуулийн дараа өөрийн чадал тэнхээгээ харуулсан юм. Сөрөг хүчнийхэн сонгуулийн дүнг будлиантуулж, ерөнхийлөгч Ахмадинежад хууль бусаар дахин ерөнхийлөгч болсон гэж үздэг. Ногоонтнуудын өргөн цар хүрээтэй эсэргүүцлийг Ираны цагдаагийнхан ба уламжлалт үзэлтнүүдийн сайн дурын отрядууд дарж авсан билээ. Одоо Мусави ба түүний талынхан дэглэмтэй хийх үзэл суртлын тэмцэлдээ шинэ шалтгаантай болов. Ахмадинежадын бодлогод Ираны доод давхарга дүргүйцэж эхэлсэн бол энэ дэглэмд аюултай. Учир нь Ираны ерөнхийлөгч өөрийн популист уриагаараа энгийн ажилчид ба тариачдыг татдаг.
Ахмадинежад түүний шинэ шийдвэрт дургүй байгаа бүгдэд занал хийгээд амжив. “Өнөөгийн байдлыг ганхуулах гэсэн хэн нь ч энэ тухайгаа гүнзгий харамсах болно” гэж тэр мэдэгдлээ. Ираны Дотоод хэргийн сайд Мостафа Мохаммад Наджар улам тодорхой ярьсан байна. “Хэрэв хэдэн хүн бүх үндэстний эсрэг уриалж, эсэргүүцлийн ажиллагааг эхлүүлбэл манай аюулгүйн албаныхан хуулийн дагуу ба үр дүнтэй замаар тэдэнтэй тооцоо бодно” гэж тэр мэдэгджээ.
Тегеран дахь Исламын хувьсгалын корпусын комендант, бригадын генерал Хусейн Хамедани, сэтгүүлчдэд мэдээлэхдээ энэ долоо хоногт Ираны нийслэлд аюулгүй байдлын арга хэмжээг чангатгасан ба эсэргүүцэл гарахад шуурхай ажиллах тусгай хэсгүүдийг байгуулсан гэжээ.
The Washington Times сонин даваа гаригт Ираны нийслэлд жижиг худалдаач, бизнесийнхний зохион байгуулсан эсэргүүцэл гарсан гэж бичсэн байна. “Зуу орчим хутган үймүүлэгчид цугларлаа” гэж Тегераны цагдаа мэдэгдэн энэ мэдээллийг баталжээ. Харин энэ нь ногоонтнуудын ажиллагаа юу эсвэл гэнэтхэн үүссэн эсэргүүцэл үү гэдэг нь тодорхойгүй.
Ярих юмгүй хэлэлцээр
Эдийн засгийн доргион үүссэн энэ цагаар Ираны эрх баригчид зөрөлдөөнтэй мэдэгдлүүдийг хийж байна. Ираны цөмийн агентлагийн гол хэлэлцээр хийгч Саид Жалили өнгөрсөн 9-нд барууны орнуудтай хэлэлцээрийг эхлэх товоо энэ сарын 23 эсвэл арванхоёрдугаар сарын 5 гэж зарласан байв. Дараагийн өдөр нь Жалилийн энэ мэдэгдлийг Ахмадинежад өөрөө залруулан Ираны цөмийн хөтөлбөрийг зогсоох гэж байгаа бол хэлэлцээр огт явагдахгүй гэв.
Энэ тухай л Орос, Хятад, АНУ, Их Британи, Францын төлөөлөгчид ярилцах гэсэн ба тэд цөмийн шинжээчдээ Иранд оруулах сонирхолтой байгаа ажээ. Израиль энэ үеэр Ахмадинежад ба түүний хамтран зүтгэгчид юу хэлж ярихыг анхааралтай харж байна. Хэрэв Израилийн тагнуулчид Иран цөмийн бөмбөг бүтээж байгааг баталбал Ираны цөмийн байгууламжуудад пуужингийн цохилт өгөхөө сануулж байна.
Уг тогтоолыг зургадугаар сарын 29-нд баталсан юм. Тэр нь Иранд хандан цөмийн хөтөлбөрөө олон улсын хяналт явагдаж дуустал бүрэн зогсоохыг уриалсан бөгөөд уг шаардлагыг үл биелүүлэх аваас эдийн засгийн хориг арга хэмжээгээ чангатгана гэсэн байлаа. Дипломатуудын яриагаар энэ тогтоол юуны түрүүнд Исламын хувьсгалын манаа корпусын хүчийг сулруулахад чиглэгджээ.