
Хүүхэд, өсвөр үеийнхэнд эрүүл мэндийн боловсрол олгох нь чухал. Тиймээс нэг хичээлийн жилийн хичнээн цагт эрүүл мэндийн мэдлэг боловсрол олгодог, багшлах боловсон хүчний хүрэлцээ улсын хэмжээнд ямар байгаа талаар Боловсролын яамны холбогдох албаныхнаас хариулт авахыг хичээлээ. Гэвч чухал хуралтай, завгүй гэсэн хариултыг өгч нэг нэгнийгээ зааж өгөн хэдэн өрөөний дунд хэсэг гүйлгэв. Удтал хүлээсний эцэст ЕБГ-ын мэргэжилтэн н.Чимэдлхамтай уулзахад “Бид зөвхөн бодлого боловсруулдаг. Нарийн асуудлыг Боловсролын хүрээлэнгийн Баярмаа гэдэг эмэгтэйгээс ав. Түүнд ЕБС –иудад орох эрүүл мэндийн хичээлийн цагийн хувиар болон бусад хэрэгтэй баримт бий” гэв. Боловсролын хүрээлэнд очиход Баярмаа гэдэг эмэгтэй ажилдаа ирээгүй байгаа гэдгийг үүдний харуул хэлэв. Тиймээс нийслэлийн Боловсролын газрын холбогдох албаны хүнээс эрүүл мэндийн хичээл болон багшлах боловсон хүчнийг хэрхэн бэлтгэж байгаа талаар асууж тодрууллаа.
Нийслэлийн Боловсролын газрын мэргэжилтэн Д.Мөнхжаргал
-Эрүүл мэндийн боловсрол олгох хичээлийг хэзээнээс зааж эхэлсэн бэ?
-ЕБС-ийн сурагчдад эрүүл мэндийн хичээлийг 1998 оноос эхлэн хичээлийн I улиралд багтаан заадаг байсан. 2004 оноос нийт хичээлийн жилд 35 цагийг эрүүл мэндийн боловсрол олгоход зориулж, долоо хоногт нэг цагаар орж байгаа. 1-12 дугаар ангийн бүх сурагчдад энэ хичээл ордог.
-Энэ хичээл хүүхдэд ямар мэдлэг олгох вэ?
-Сурагч хүүхдүүдэд нас биеийн онцлогт тохирсон мэдлэг мэдээллийг олгохыг хичээдэг. Бага ангийнханд эрүүл мэндийн ерөнхий мэдлэг болох гарын ариун цэвэр, амны хөндийн эрүүл мэнд зэргийг заадаг. Харин дунд болон ахлах ангийнханд хорт зуршлаас урьдчилан сэргийлэх буюу архи тамхины хор уршиг, нөхөн үржихүйн асуудал, элдэв төрлийн халдварт өвчний талаар мэдлэг мэдээлэл олгож байна.
-Эрүүл мэндийн хичээлийг өөр мэргэжлийн багш заадаг гэсэн яриа байдаг. Багшлах боловсон хүчин хэр байна вэ?
-Эрүүл мэндийн хичээлийг анх зааж эхлэхэд бэлтгэгдсэн багш байгаагүйгээс өөр хичээлийн багш энэ хичээлийг зааж байсан. Гэхдээ ЭМЯ болон ММСС-аас төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, биеийн тамир болон биологийн багш нарыг 5-7 хоногийн түргэвчилсэн сургалтад хамруулсан. Одоо уг сургалтад хамрагдсан сертификаттай багш нар эрүүл мэндийн хичээл зааж байгаа. Харин өнгөрсөн оноос МУБИС-д “Биеийн тамир-Эрүүл мэнд”, “Биологи-Эрүүл мэнд” гэсэн хавсарсан мэргэжлээр багш бэлтгэж эхэлсэн.