Хар тамхины хэргийн шүүх хурал хойшиллоо

Хуучирсан мэдээ: 2010.11.12-нд нийтлэгдсэн

Хар тамхины хэргийн шүүх хурал хойшиллоо

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Монголд хар тамхины, хүний наймааны, авлига хээл хахуулийн, хүн амины зэрэг дуулиантай, ноцтой хэргийн  шүүх хурал товлосон хугацаандаа  болохгүй аар саархан шалтгаанаар хойшилдог бичигдээгүй  хууль тогтоод удаж буй. Тэгвэл дээрх  “заншил”  өнөөдөр мөн давтагдлаа. Тодруулбал хар тамхи зөөвөрлөсөн хэргээр БНХАУ-ын ардын шүүхээс бүх насаараа хорих ял сонссон Л.Байгальмаагийн хамсаатан, түүнийг хар тамхины хэрэгт золиослогчид гэгдэх Л.Гантуул, Ё.Оюунчимэг нарт холбогдох хэргийн анхан шатны шүүх хурал өчигдөр  Баянгол дүүргийн шүүхэд болох байсан ч өмгөөлөгч хүрэлцэн ирээгүй гэх шалтгаанаар энэ сарын 24 хүртэл хойшиллоо. Холбогдогч Л.Гантуул, Ё.Оюунчимэг нар нь тус бүр гурван өмгөөлөгчтэй аж. Шүүх хурлыг хойшлуулсан   хоёр өмгөөлөгч өөр  хуралтай давхацсан гэх шалтгаан хэлсэн байна. Тэдэнд Эрүүгийн хуулийн 182, 230, 153-аар зүйлчлэн  хэрэг үүсгэж Улсын мөрдөн байцаах газрын Онц хүнд зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст  шалгаж дуусч нийслэлийн Прокурорын газарт өнгөрсөн сард шилжүүлсэн юм. Уг хэрэг өнгөрсөн хугацаанд хэд хэдэн удаа нэмэлт мөрдөн байцаалтад буцсан. Хар тамхи бусдаар зөөвөрлүүлсэн гэх хэргээр шалгагдаж буй  Л.Гантуул, Ё.Оюунчимэг нар нь өмнөд хөршид ял эдэлж буй  Л.Байгальмаагаас гадна хэд хэдэн хүнээр хар тамхи зөөвөрлүүлсэн болох нь  мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон гэдэг. Зүүн азийн орнууд Хятад, Солонгос, Тайланд, Филиппин, Бангладеш, Монгол Улсын хооронд хар тамхины сүлжээ үүсгэсэн болох нь нотлогдоод буй дээрх хоёр эмэгтэйд холбогдох хэргийн шүүх хурал хэдий болтол сунжрах нь тодорхойгүй. Гэтэл хар тамхины сүлжээний гол зохицуулагч болох Л.Гантуул, Ё.Оюунчимэг нарын золиосонд явж БНХАУ-д саатуулагдсан  Л.Байгальмаад холбогдох хэрэг жилийн өмнө шийдэгдсэнийг олон хүн санах биз. Түүнд холбогдох шүүх хурал өнгөрсөн оны 11-р сарын 19-нд болж  БНХАУ-ын Ардын шүүхээс бүх насаар нь хорих ял оноож өнөөдөр ялаа эдэлж яваа. Гэтэл харийн нутагт хар тамхи цүнхэнд нь хийгээд “баригдвал баригдана биз” гээд өөрсдөө  нутагтаа үлдсэн этгээдүүдийн гэм бурууг тогтоох шүүх хурал хойшилсон нь Монгол Улсын шүүх, цагдаагийн байгууллагын идэвхигүй, сул дорой, шударга бус  байдлын  тод жишээ.

    Мансууруулах бодис тээвэрлэсэн, бусдаар зөөвөрлүүлсэн гэх хэрэгт холбогдогч Л.Гантуул, Ё.Оюунчимэг нар тус бүр гурван өмгөөлөгчөөр өмгөөлүүлж,  өөрсдийгөө  хэрэгт холбогдолгүй болгохоор зүтгэж буй. Бүр “ямар ч гэм буруугүй хүнийг хорьчихлоо. Л.Байгальмааг бараг танихгүй” хэмээн  мэдүүлсэн талаар Л.Байгальмаагийн нөхөр Г.Батсуурь ярьсан байдаг. Түүний хэдэн сарын өмнө хэвлэлд өгсөн ярилцлагаас иш татъя. “Л.Гантуул, Ё.Оюунчимэг  нар болж өгвөл хэрэгт холбогдолгүй болох арга замыг хайж байгаа. Магадгүй “энэ Г.Батсуурь үхээсэй. Тэгвэл заргалдах хүнгүй амар болно” хэмээн залбирч суугаа байх. Би энд цор цор хийхгүй бол тэр хүмүүст завшаан болж мэднэ. Адаг сүүлд нь танай эхнэрийг бараг танихгүй ухааны юм яриад сууж байна. Ийм хүмүүсийг “хангалттай яллачихлаа, одоо боллоо” гэх сэтгэл ханах зүйл хэзээ ч байхгүй хэмээсэн.  Ханилсан хань  нь харийн нутагт бүх насаараа ял эдэлж байгаа ч тийм байдалд хүргэсэн  этгээдүүдэд  хатуу шийтгэл  оногдуулах гомдол нь тасраагүй хэвээр.

    Хар тамхи мансууруулах төрлийн бодис тээвэрлэж яваад гадаад улсын цагдаагийн байгууллагад баригдан улмаар ял шийтгэл сонссон Монгол Улсын иргэн ганц Л.Байгальмаагаар дуусахгүй. Өнгөрөгч долоо хоногт БНХАУ-ын Ардын шүүхээс  цаазын ял сонссон Монгол Улсын иргэн Х.Дамдинд холбогдох давж заалдах шатны шүүх хурал болж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр батлав. Тэрбээр тус улсын хилээр мансууруулах төрлийн бодис биедээ тээвэрлэн гарах гэж байгаад хууль сахиулах албаныханд саатуулагдсан юм. Энэ мэт Монгол Улсын иргэн  гадаад улс оронд гэмт хэргийн хохирогч, золиос болж ялын дээд хэмжээ сонсож буй жишээ ар араасаа дуулдсаар байна. Монгол хүн нутаг нэгтнээ харин оронд хар тамхины хэргийн золиос болгочихоод гэм буруугүй үлдэх гэж  хичээж буй нь эмгэнэлтэй. Шүүх хурал энэ сарын 24–нд товлогдсон ч зургаан өмгөөлөгчийн нэг нь ирсэнгүй гээд дахин хойшлохыг хэн ч мэдэхгүй, бас хазаарлаж, хязгаарлаж чадахгүй…

    С.Отгон

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж