Хуучирсан мэдээ: 2010.11.12-нд нийтлэгдсэн

Дайвар боловсрол

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    -Ээж ээ би хаанаас чинь гарсан юм бэ?

    -Миний охин чинь өөр шигээ хөөрхөн цэцэгнээс гарсан юм шүү дээ.

    -Яагаад..?

    -Яахав дээ… гэж эцэг эхчүүд бяцхан үрдээ худал хэлдэг нь нийтлэг жишиг. Ахин дахин шалгаавал зарим нь төвөгшөөнө. Хангалттай хариултаа авч чадаагүй хүүхэд цэцэрлэгт ороод цэцэрлэгийн багшаас, сургуульд ороод бага ангийнхаа багшаас үнэн хариултыг олж сонсохгүй. Энэ асуултын бодит хариултыг мэдэхээр шалгаасан сурагчыг “Чи яасан олон үгтэй хүүхэд вэ” гэж загнах багш нар олон. Одоо ч шүү.

    Аливаа улс орны ерөнхий боловсролын сургалт нь зөв төлөвшсөн иргэн бэлтгэхэд чиглэгдсэн байх ёстой гэж тооцьё. Тэгвэл ийм иргэнийг бэлдэхийн тулд онолын хичээлүүдээс гадна хүний нийгмийн амьдралд хэрэг болохуйц хичээлийг орох ёстой аж.  Нэг ёсондоо эдгээр хичээлүүдийг нэмэлт хөтөлбөрөөр сурагчдад хүргэнэ гэсэн үг. Яг ийм боловсролын нэг нь эрүүл мэнд тэр дундаа нөхөн үржихүйн боловсрол юм. Монгол улсын боловсролын тухай хуулийн 5, 6, 7 дугаар зүйлд “Эрүүл аж төрөх ёс, гэр бүлийн амьдралын анхан шатны ойлголтыг эзэмшүүлнэ” гэж заасан нь бий. Хуулийн заалтаас гадна 1998 оны Засгийн газрын тавдугаар тогтоолоор  “Хүн амын эрүүл мэндийн боловсролын үндэсний хөтөлбөр” гэгчийг баталсан байна. Энэ хөтөлбөр батлагдсанаасаа хойш гурвантаа өөрчлөгдөөд амжсан. Хамгийн сүүлд өнгөрөгч наймдугаар сард Засгийн газрын 274 дүгээр тушаалаар уг хөтөлбөрийг шинэчлэн баталжээ. Гэтэл дорвитой өөрчлөлт гарсангүй. Дунд сургуулийн ахлах ангийн охид сарын тэмдэг гэдэг юу байдгийг мэдэхгүйгээс айж сандарч, санаанд багтамгүй алхамуудыг ч хийсэн тохиолдлууд гарчээ. 

    Эрүүл аж төрөх ёс хангалтгүй байгаагаас өсвөр насныхан эрт бэлгийн харьцаанд орж элдвийн халдварт өвчин тусах нь элбэгшсэн тухай  тоог та төсөөлөх ч үгүй болов уу.

    Статистик мэдээллээр жил бүр бүртгэгдэж буй бэлгийн замын халдварт өвчний 30-40 хувь нь 15-24 насны залуусын дунд тохиолдож, энэ талаархи мэдээллийг судалгаанд оролцогчдын 20,3 хувь нь мэдэхгүй гэж хариулсан нь  бусад насныхнаас доогуур үзүүлэлт ажээ.  Мөн үр хөндөлт хийлгэж байгаа эмэгтэйчүүдийн арав гаруй хувь нь 20-иос доош насны эмэгтэйчүүд байгаа юм.

    Үр дүн нь тааруу гарсаар байтал “Олсон ололт амжилт, сургамжаас харахад…” гэх мэт том үгтэй зорилтуудыг  Эрүүл мэндийн яамныхан нь яриад сууж байх юм. Одоогоор ерөнхий боловсролын сургуулиудад орж буй эрүүл мэндийн хичээл 35 цаг байгаа аж. Харин үүнээс 7-10 цагийг нөхөн үржихүйн болоод бэлгийн боловсролын хичээлийг 9-11 дүгээр ангид үзэж эхэлдэг ажээ. Багшлах боловсон хүчний тухайд өнгөрсөн жилээс эхлэн Монгол Улсын Боловсролын их сургуульд биеийн тамир-эрүүл мэнд, биологи-эрүүл мэнд гэсэн хоёр ангийг нээсэн байна. Анги нээгдээд удаагүй болохоор одоогийн байдлаар манай улс дунд сургуульд эрүүл мэндийн хичээл орох багшийг тав хоногийн дотор бэлддэг гэх. “Эрүүл аж төрөх ёсны анхан шатны мэдлэгийг олгоно” гэж хуульчилсан манай улс тавхан хоногийн дотор багш нараа бэлддэг ажээ.

    Соёлжсон хүмүүний наад захын мэдлэгийн нэг нь нөхөн үржихүйн эрүүл мэнд. Гэтэл манайд “Хүн амын эрүүл мэндийн боловсрол олгох хөтөлбөр” батлагдсанаас хойш арав гаруй жилийн дараа эрүүл мэндийн хичээлийг заах багшийг бэлтгэж эхэллээ. Эрүүл мэндийн газраас хэдий хэмжээний төсөв зарцуулсныг асуух гэсэн боловч тайлан гараагүй байгаа гэсэн хариултыг өгөв. Албан ёсны тайлан НҮБ-ын хүн амын санд байгаа гэх.

    Манай оронд эрүүл мэнд, тэр дундаа нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсрол соёлжсон XXI зуунд ч хаягдмал хэвээрээ байна.

    Б. Болорсүх

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж