
УИХ-ын чуулганы пүрэв гаригийн нэгдсэн хуралдаанаар Улсын ерөнхий прокурорын орлогчийг зөвшилцөх тухай, Хүний эрхийн үндэсний комиссын даргыг томилох тухай зэрэг асуудлыг авч хэлэлцэн баталлаа. Тодруулбал, Улсын ерөнхий прокурорын орлогчид нэр дэвшүүлсэн Ц.Бямбацогтыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 50 гишүүний 49 нь дэмжсэн бол Хүний эрхийн үндэсний комиссын даргад нэр дэвшсэн Ж.Бямбадоржийг 51 гишүүний 50 нь дэмжиж, тус бүр 98 хувийн дэмжлэг хүлээсэн юм.
Хэлэлцүүлгийн шатанд гишүүд Улсын ерөнхий прокурорын орлогчид нэр дэвшсэн Ц.Бямбацогтыг нэг их байцаасангүй, харин прокуроруудын хуучны арга барилыг халж, иргэний халдашгүй байдлыг хангах чиглэлээр нүд, чих нь болж ажиллахыг аминчлан захив. Нэр дэвшигч ч “Прокурорын байгууллагад ёс юм шиг тогтсон яллагчийн статусыг халж, иргэний халдашгүй байдлыг хангаж ажиллахаа” амласан юм.
Гэвч энэхүү захиас үгийг сөргүүлэн, УИХ-ын гишүүн Н.Ганбямба, Ж.Сүхбаатар нар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулгад хандан “Улсын ерөнхий прокурор асан М.Алтанхуяг, Улсын ерөнхий прокурорын орлогч дарга асан Б.Цэрэнбалтав нарын бүрэн эрхийн хугацаа нэг жилээр дутуу байхад албан тушаалаас нь хүчээр шахам чөлөөлүүлчихээд одоо оронд нь Ц.Бямбацогтыг томилуулахаар Ерөнхийлөгчийн зүгээс санал болгосон нь прокурорын байгууллагын хараат бус байдалд халдсан явдал болсон. Ц.Бямбацогт Улсын ерөнхий прокурорын орлогчоор зургаан жилийн хугацаатайгаар томилогдох ёстой. Гэвч 2013 онд Ерөнхийлөгчийн сонгуулиар өөр хүн гарч ирээд “Энэ нөхөр таалагдахгүй байна, өөрчлөх ёстой гэвэл яах вэ, ердөө 2 жил хагасын хугацаа л байна. Баталгааг нь яаж гаргаж байгаа юм” гэсэн нь үндсэндээ их хэрүүл үүсгэх анхдагч шалтгаан болов. УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл үг хэлэх эрх авсан байсан учраас “Хүний эрхийг хангах чиглэлээр прокурорын байгууллага өнгөрсөн хугацаанд хангалтгүй ажилласан учраас Ерөнхийлөгч өөрчлөх санал гаргасан” юм гэсэн хариу тайлбар хийсэн бол УИХ-ын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж үг хэлэх боломжоо алдсангүй, үндсэндээ Ерөнхийлөгч рүү чиглүүлэв. Тэрбээр “Шүүх, прокурорын байгууллагыг улстөрөөс ангид байлгах гэж албан тушаалтнуудыг нь Ерөнхийлөгч томилдог байхаар хуульчилж өгсөн. Хэрэг үйлдчихээгүй л бол удирдлагуудыг нь хугацаанаас нь өмнө чөлөөлөх шалтгаан байхгүй. Энэхүү алтан зарчим алдагдлаа.
Уг нь ардчилсан хэмээх тодотголтой ардчилсан Ерөнхийлөгч ардчилсан Үндсэн хуулийн суурь зарчимд зарчимд ингэж халдах ёсгүй байсан. Энэ үүд хаалга цаашдаа юунд хүргэх вэ гэхээр 2013 онд гарч ирэх Ерөнхийлөгч “Чи надад таалагдахгүй байна, чи ажлаа муу хийж байна, чи авлигатай тэмцэхгүй байна, чи шударга ёсыг тогтоохгүй байна” гээд одоогийн томилогдсон Д.Дорлигжавыг, одоо томилогдох гэж байгаа Ц.Бямбацогтыг шууд чөлөөлөх үүд хаалгыг бид нээлээ. Ийм юм болж байна. Хоёрдугаарт, сонин сонин юм сүүлийн үед хууль хяналтын байгууллагын хүрээнд харагдах боллоо. Тодорхой нэг хэргийг шийдвэрлэсэн нэг шүүгч, нэг прокурор, хоёр өмгөөлөгчид Ардчиллын 20 жилийн ойгоор алтан гадас одонгоор шагнахыг нүдээр үзлээ. Гавьяатаар шагнасныхаа дараа өргөдлийг нь аваад Б.Цэрэнбалтавыг явуулахыг би үзлээ. “Чи Ерөнхийлөгчийн үүргийг биелүүлсэнгүй” гэсэн бичиг өгсний дараа Дээд шүүхийн ерөнхий шүүгч цагаан туг барьж, ажлаа хугацаанаас нь өмнө өгч Үндсэн хуулиар хүлээсэн хууль шүүхийг манах ажлаасаа татгалзахыг нүдээрээ харлаа. Энэ юу болж байна аа, энэ улсын Үндсэн хууль хаана байна, энэ улсын зарчим хаана байна. Нөгөө хараат бус шүүх хаа байна. Энэ бүгд байхгүй болж байна. Энийг хатуу ч гэсэн хэлэхээс аргагүйд хүрээд хэлж байна.
Цаашдаа энэ асуудалд Монгол Улсын Ерөнхийлөгч, энд сууж байгаа УИХ-ын бүх гишүүд дээд зэргээр дотроо юм бодож энэ ардчилсан Үндсэн хуулийнхаа суурь зарчимд битгий халдаачээ гэдэг юмыг л хэлэхийг хүсч байна. Энэ цаашдаа юунд хүргэх вэ. Хэлмэгдүүлэлт жижигхэн зүйлээс эхэлдэг. Буруу ажил, буруу явдал ийм юмнаас л эхэлдэг. Энэ хийгээд байгаа зүйлүүд ариун явдал мөн үү, Монголын төрд байх ёстой зүйл биш ш дээ. Өнөөдөр УИХ-ын гишүүн ч тэр, УИХ-ын дарга ч тэр, Ерөнхий сайд ч тэр, Ерөнхийлөгч тэр шүүх, прокурорт үнэлэлт дүгнэлт өгөх эрх байхгүй. Тэр тусмаа Хууль зүйн сайд надад байдаггүй учраас бид Үндсэн хуулийг баталсан. Энэ асуудалд цаашдаа их бодолтой хандахгүй бол УИХ-ын гишүүн бичиг явуулаад Авлигатай тэмцэх газрын даргад эрүү үүсгүүлж байна, энэ хаашаа явж байна. Бид мөнх биш шүү дээ. Энэ төр мөнх биш. Бидний цаана үр хүүхэд үлдэнэ. Овлигогүй юмнууд төрд гарч ирээд улстөрийн шалтгаанаар энэ 2,7 сая ард түмнийг хэлмэгдүүлээд эхэлбэл энэ улсууд хаашаа явах юм. Өнөөдөр Ардчилсан нам гарч ирээд нэг хэсгийг аваачиж хийдэг, маргааш Монгол Ардын намынхан гарч ирээд нэг хэсгийг аваачиж хийдэг, улстөрийн зорилгоор. Гяндангийн улс болох үүд хаалга тогшиж эхэлж байна ш дээ. Ийм юманд нухацтай хандахгүй бол цаашдаа хүнд байдалд орно шүү. Үнэн юм ярихаар дургүйцээд байдаг аа болиорой. Би үнэн л юм ярьж байна” гэв.
Харин УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: -Өнөөдөр Улсын ерөнхий прокурорын орлогчид нэр дэвшиж байгаа Ц.Бямбацогтын хувьд хэлэх юм алга. Олон жил прокурорт ажилласан, дадлага туршлага ч байна. Харин тэр хэлмэгдүүлэлтийн тод томруун жишээ 2008 онд гарсан. Тавын таван хүнийг буудаж алчихаад, 700-800 хүнийг хэлмэгдүүлж шоронд хорьчихоод энэний төлөө хэн хариуцлага хүлээсэн юм. Өнөөдөр хэн ч хариуцлага хүлээгээгүй. Гэтэл манай Хууль зүй дотоод хэргийн сайд шударга имиж гаргаж, гоё сайхан юм ярилаа. Энэ хэлмэгдүүлэлтийн хар сүүдэр Монголд аль хэзээний эхэлчихсэн ш дээ. Юун тэр шударга ёс, юун тэр шударга шүүхийн халдашгүй байдал. Ний нуугүй л яръя. Ерөнхийлөгч Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч, улсын ерөнхий прокурорыг сольсноор улстөрч болоод хувирчихаж байгаа юм байна л даа. Нийгэмд өнөөдөр прокурорын байгууллагын яг бодит үнэнийг ярих юм бол иргэдээ хэлмэгдүүлдэг байгууллага л болсон. Монголд шударга шүүх, шударга прокурор, шударга цагдаагийн байгууллага хаана байгаа юм. Таны удирдаж байгаа цагдаагийн байгууллага өнөөдөр жинхэнэ авлига хээл хахуулийн үүр уурхай болж хувирсан. Монголд өнөөдөр хамгийн баян хүмүүсийг нэрлэ гэвэл би хувьдаа цагдаагийн хурандаа нарыг нэрлэнэ. Хамгийн үнэтэй жип унаж, хамгийн үнэтэй хауст амьдарч байна. Өнөөдөр цагдаагийн мөрдөн байцаагч нарын хувьд ярих юм бол жинхэнэ авлигалын үүр уурхай болж хувирсан. Захын иргэнээсээ очоод асуугаарай. Бодит үнэнийг л яръя.
Ерөнхийлөгч Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч, улсын ерөнхий прокурорыг сольсноор улстөрч болоод хувирчихаж байгаа юм байна л даа. Улстөржиж байгаа юм байна л даа. Үүнээс өмнөх бүх үйлдлийг эргээд харъя. Үүнээс өмнө ямар байсан бэ, хэн нь хэн байсан бэ. Би үнэнийг хэлэхээс айхгүй. Үнэндээ бол Монголын хуулийн байгууллага өнөөдөр дампуураад, дампуурлын цаад хилийг давсан ш дээ. Өнөөдөр цагдаа, хүчний байгууллага хэний талд үйлчилж байгаа вэ? Эрх мэдэлтний талд л үйлчилж байгаа. Жирийн иргэн гомдол бариад цагдаагийн байгууллага очиход авдаг уу, авдаггүй.
Прокурорын байгууллага хэн нэгний захиалга аваад ялладаг байсан. Бодит жишээ би өөрөө сууж байна. Шагнал, урамшил ярих юм бол ёстой инээдтэй ш дээ. Монгол даяараа захиалгаар одон, өгдөг, захиалгаар гавьяат өгдөг байсан. Энэ танхим дотор ч өнөөдөр захиалгын гавьяатууд олон сууж байна. Өнөөдөр аливаа асуудал дээр нэг их шударга царайлаад, аливаа юмыг улстөржүүлдэгээ болъё. Өнөөдөр Монгол Улсад хууль дүрэм журам хаа байгаа юм. Хэн хууль дүрмийг биелүүлж, хэрэгжүүлж байгаа юм. Өнөөдөр дампуурлын дээд цэгтээ тулчихаад, хууль тогтоох байгууллага нь хүртэл дампуурчихаад сууж байгаа. Засгийн газраа хянаж чадахгүй, Засгийн газартаа дөрлүүлчихсэн бух шиг хөтлөгдөнө. Засгийн газраас гаргасан шийдвэрийг л УИХ-ын гишүүд кнопдчихоод сууж байгаа ш дээ”гэлээ.
Хэлэлцэж байгаа асуудлаасаа хальсан энэхүү маргаан цагийн нормд захирагдан тасалдсанаас биш, цааш үргэлжлэх шинжтэй байсан билээ.
Ямар ч байсан хууль хяналтын байгууллагад тогтоод удаж буй шударга бус үйлдлүүдийг эрхэм гишүүд Улсын ерөнхий прокурорын орлогчийн томилгоон дээр дэлгэж, бодит байдлын зах зухаас ард түмэндээ дэлгэсэн нь энэ.