Аюул дундах аюулгүй байдал

Хуучирсан мэдээ: 2010.11.12-нд нийтлэгдсэн

Аюул дундах аюулгүй байдал

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Мэдээлэл, холбооны салбарт нэг улсад үйлдвэрлэсэн, тэр бүү хэл ганцхан компанийн төхөөрөмжийг хэт хяналтгүй ашигласнаас мэдээлэл алдах, мэдээлэл устах, өөрчлөгдөх эрсдэл дагуулах аюул нүүрлэжээ.
     Дэлхий даяаршиж, шинжлэх ухаан, технологи хөгжихийн хэрээр улс орнуудын аюулгүй байдал хэврэгшжээ. Учир зүггүй дайн өдөөж, буу барьж, бөмбөгдөгч онгоц, танк, хуягтаар зэвсэглэн бие биеийн хил хязгаарт довтлохыг аюулгүй  байдалд халдах гэж үздэг байсан цаг өнгөрсөн байна. Дэлхий нийтийг хамарсан хямрал, халдварт өвчин, цаг уурын өөрчлөлт, гамшиг, мэдээллийн ертөнцөд гарсан томоохон өөрчлөлтүүд хил хязгаарт баригдалгүйгээр цаг тутамд улс гүрнүүдийн аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлдэг болжээ.

    Төрийн ордонд болсон Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал сэдэвт сургалт-семинарын үеэр энэ эмзэг сэдвийг хөндөж ярилцлаа. Ялангуяа мэдээллийн аюулгүй байдлын сэдэв энэ үеэр анхаарал татсан юм. Мэдээлэл, холбооны технологийн хурдтай хөгжил, түүнийг хууль бус зорилгод ашиглах олон арга бий болсон өнөө үед Монгол Улсад мэдээллийн аюулгүй байдлын ойлголт маш муу, энэ талаарх төрийн стратеги бодлогыг бүрэн боловсруулаагүй, ихэнх байгууллагад мэдээллийн аюулгүй байдлыг хангах цогц удирдлага алга байгааг илтгэгчид дурдлаа.

    Аль-Кайдагийн террорист сургалтын зааварт “Хууль бус оролдлого хийхгүйгээр зөвхөн нийтийн мэдээллийг ашиглан дайсны тухай мэдээллийн 80-аас багагүй хувийг олж авч болно” хэмээн заажээ. Орчин цагт мэдээ мэдээлэл асар их баялагт тооцогдохоос гадна аюулгүй байдлын хамгийн том бүрэлдэхүүн хэсэг болсныг эндээс харж болохоор байна.  ОХУ-ын цэргийн сургуулиудад гүйцэтгэх ажлын хичээл заахдаа “Бага улсыг байнгын хөдөлгөөнд байлгаж байж л мэдээлэл олж авч болно” хэмээн сургадаг юм байна. Үүнээс үзвэл Монгол Улс байнгын бужигнаанд оршиж, засаг, төр нь тогтворгүй байх аваас гадаад талд аюулгүй байдлын дархлаагаа алдсаар байх ажээ. Өндөр хүчин чадалтай супер компьютерууд гарч ирснээр хаанахын ч нууц мэдээллийг тайлан унших боломжтой болжээ. Манай улсын хувьд төрийн нууц мэдээллийг хадгалах техник хэрэгслийг сонгохдоо үнийн хямдыг хамгийн нэгдүгээрт тавьдгаас болж мэдээллийн аюулгүй байдлын хувьд ганц улсын хараат болоход хүрчээ.

    Гар утасны операторуудын жишээн дээр авч үзэхэд Мобикомын дамжуулалт, холболтын зарим хэсэг БНХАУ-ын HUAWEI компанийн төхөөрөмж дээр суурилсан, Скайтелийн үүрэн телефон хэрэглэгчдийн холболтын станц мөн л өмнөд хөршийн ZTE компанийн төхөөрөмж дээр суурилсан бол Юнителийн холболт, дамжуулалтын хэсгийн 80 хувь нь HUAWEI компанийн төхөөрөмж, J мобайлийнх 100 хувь ZTE компанийн төхөөрөмж дээр суурилжээ.

    Менежментийн хувьд БНСУ-ын компани хувьчлан үйл ажиллагаа явуулж байгаа Монголын цахилгаан холбоо компани мөн л дээрх хоёр компанийн төхөөрөмжүүдээр үйл ажиллагаа явуулж байна. Төрийн өмчит улсын үйлдвэрийн газар болох Мэдээлэл холбооны сүлжээ компанийн олон улсын орох гарах ярианы графикийг хянах төхөөрөмжийг бас л ZTE компанид үйлдвэрлэсэн байх жишээтэй. Энэ бүхнээс харахад Монгол Улсын холбоо мэдээллийн салбарт Япон, БНСУ, Нидерландын компаниуд хөрөнгө оруулалт хийж, технологийн хувьд БНХАУ-ын ZTE, HUAWEI компаниудаас бүрэн хараат болжээ. Монгол Улсад интернэтийн үйлчилгээ үзүүлдэг Railcom, Skynet, Mobinet,Majicnet, Citinet, Micom компаниуд ялгаагүй БНХАУ-ын ZTE, HUAWEI компанийн техник хэрэгсэл, программ хангамжийг ашигладаг ажээ. Гэтэл энэ хоёр компани олон улсын хэмжээнд тийм ч сайн нэртэй бус гэнэ.

    Хэдэн жилийн өмнө Филиппиний Үндэсний их багтаамжийн сүлжээ хэмээх төсөлтэй холбоотой их хэмжээний авлигын хэрэг илэрчээ. Шалгаж үзэхэд гүйцэтгэгчээр нь ZTE компани шалгарсан  байжээ. Тус компанитай байгуулсан гэрээг долоон сарын дараа цуцалсан байна. HUAWEI компанийн Англид нийлүүлсэн тоног төхөөрөмжөөс мэдээлэл хулгайлах чип илэрчээ. Энэтхэг, Гаити улсуудад CDMA сүлжээ байгуулах төсөлд HUAWEI ялсан ч мэдээллийн аюулгүй байдалтай холбоотой шалтгаанаар дээрх орнуудын Засгийн газар гэрээгээ цуцалж байсан баримт байна. Гэтэл манайд байдал эсрэгээрээ байгааг илтгэгчид дурдсан юм. 

    Мэдээлэл, холбооны үндсэн сүлжээний өргөтгөл, шинэчлэлийн төслийг БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр гүйцэтгэхээр өнгөрсөн зун хоёр тал тохирсон билээ. Гэтэл төслийг гүйцэтгүүлэхээр БНХАУ-ын дөрвөн компанийн дунд хаалттай зарласан тендэрт мөнөөх ZTE компани ялсан байна. Ингэж манай улсын мэдээлэл, холбооны салбарт нэг улсад үйлдвэрлэсэн, тэр бүү хэл ганцхан компанийн төхөөрөмжийг хэт хяналтгүй ашигласнаас мэдээлэл алдах, мэдээлэл устах, өөрчлөгдөх эрсдэл нүүрлэжээ. 
    Хэвлэл,мэдээллийн хэрэгслүүдийн эзэмшил, харьяалал ил тод байх, үйл ажиллагаа нь бодитой, тэнцвэртэй, хариуцлагатай, үндэсний язгуур эрх ашигт нийцсэн байх нь ч улс үндэсний аюулгүй байдлын нэг баталгаа болдог тул Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд зориуд тусгаж өгчээ. Ялангуяа гадаадын хөрөнгө оруулалттай хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдэд анхаарч байх ёстойг хэлцгээж байв.

    Эрчим хүчний, оюун санааны аюулүй байдал ч эгзэгтэй болоод буйг илтгэгчид дурдсан юм. Эрчим хүчний эх үүсвэр болсон нүүрсээ гадагш нь өдөр шөнөгүй ачуулж, тэр ч бүү хэл, гадаадад эрчим хүч экпортолно хэмээн төлөвлөөд байгаа манай улс аюулгүй байдлын хувьд эргэлзээтэй байдалд орсон байна. Монголд эрчим хүчний нөөц хэрэглээнээсээ давж байсан үе өнгөрч, 2011 оноос энэ хоёр тэнцэх байдалтай болжээ. Яваандаа нөөц нь хэрэглээнээсээ дутах шинжтэй болсон байна. Эрчим хүчний хувьд ОХУ-ын, сүүлийн үед БНХАУ-ын хараат байдалд орох төлөвтэй болжээ. Оюутолгой, Тавантолгой ашиглалтад орсноор энэ байдал бүр даамжрах шинж ажиглагдаад эхэлжээ.

    Оюуны аюулгүй байдал, дархлаанд сөргөөр нөлөөлж буй хүчин зүйл нь шашин болохыг илтгэгчид онцоллоо. Улаанбаатарт буддын шашны сүм хийд 55 байхад Христийнх 90 гаруй болсон гэнэ. Гадаадын иргэдтэй гэр бүл болоход зуучлах компаниуд олширсон нь монгол хүний удмын санд нөлөөлөх том аюулын эх сурвалж гэдгийг ч семинарын үеэр ярилцлаа. Ийнхүү Монгол Улсын аюулгүй байдал аюул дунд оржээ. Эмзэг энэ сэдвийг цаашид Хүний, эрчим хүчний, байгаль орчин, экологийн аюулгүй байдлын сэдвээр үргэжлүүлэн ярилцахаар боллоо.

    Д.ОЮУНЦЭЦЭГ

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж